Нас өндөрсөх тусам С вирусын халдвар нэмэгддэг

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Нас өндөрсөх тусам С вирусын халдвар нэмэгддэг

Энэ удаа та бүхэнд зөөврийн ноутбуук компьютерийн батерейны хугацааг хэрхэн уртасгаж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ.

Монголын элэгний эмгэг судлалын холбооноос зохион байгуулж буй “Элэгний С вирус болон хавсарсан халдварууд” олон улсын хурал зургадугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Уг хуралдаанд нийт 20 гаруй орны 500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд дэлхийд нэр хүндтэй профессорууд Монголд зочилж, монголчуудад лекц уншжээ. Энэхүү хуралдааны үр дүн болоод элэгний өвчлөлийн асуудлаар Монголын элэгний эмгэг судлалын холбооны хүндэт ерөнхийлөгч Ж.Амарсанаатай ярилцлаа.

-“Элэгний АСЕМ” гэж тодотгож буй олон улсын хуралдаан Монголд амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үр дүн юу вэ?

Улс орон болгон дотооддоо хийгдэж буй элэгний өвчлөлийн эсрэг явагдаж буй үндэсний хөтөлбөрийнхөө явцыг танилцууллаа. Монгол Улс ч гэсэн “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийнхөө явц, үр дүнг ярилцсан. Мөн элэгний В, С вирусийн өвчлөл болоод энэ хоёрын хавсарсан халдвар, В, Дельта вирусийн хавсарсан халдвар, В, С, Дельта гээд гурван вирусийн хавсарсан халдвар, элэгний С болон ДОХ-ын вирусийн хавсарсан халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын асуудал зэргийг онцгойлон хуралдаанаар хэлэлцсэн. ДЭМБ, Ази номхон далайн элэгний эмгэг судлалын нарийн мэргэжилтнүүд элэгний өвчлөлд ямар шинэ гарц байж болох, цаашид юунд анхаарч ажиллах вэ гэдгийг хөндөн ярилцлаа.

-Бусад улс орнуудтай харьцуулахад манай “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр ямар шатанд явж байна?

-Эрүүл мэндийн сайд болон Ази номхон далайн элэгний эмгэг судлалын холбоо, Монголын элэгний эмгэг судлалын холбоо гурав хамтарч гурвалсан гэрээг байгуулсан. Ази номхон далайн элэгний эмгэг судлалын холбоо “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцад мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, элэгний эмч нарыг гадаадад сургах, элэгний өвчлөлийг бууруулах тал дээр хамтарч ажиллах гэсэн зүйл заалтуудаар дээрх гэрээ буюу санамж бичгийг байгуулсан.

-Одоогоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүн ямар байна?

-“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн үр дүн маш сайн гэж үнэлэгдсэн. Учир нь оролцогчдын тоо, идэвхи болон хурал дээр тавигдсан илтгэлүүдийн агуулга маш сайн байсан. Ази номхон далайн элэгний эмгэг судлалын холбооны удирдах зөвлөлийн дарга хэлэхдээ “Монгол Улс шиг элэгний вирусийн золиос болж байгаа орон дэлхийд байхгүй. Энэ утгаараа энэ хурал Монгол Улсад үр өгөөжөө өгөх ёстой” гэсэн. Хамгийн гол нь энэ хурлаар Монгол Улс хаана явж байгаагаа мэдсэн. Азийн олон орнууд дунд “Элэг бүтэн монгол” хөтөлбөр нь үйл явцын хувьд түрүүлж байгаа юм байна, бидний ихэнх алхмууд маш зөв явагдаж байгаа гэдэгт санал нэг байгаа. Хөтөлбөрт 11 суурь үнэлгээ байгаа. Гэвч албан ёсоор зүйл, заалтууд тавигдаагүй байгаа учраас хэрэгжээд эхэлсэн ажлуудыг хэдэн хувиар ахисныг хэлэхэд хэцүү. Яагад гэвэл эдгээр суурь үнэлгээ нь Монголд хэзээ ч хийгдэж байгаагүй. Гэхдээ одоогоор хэрэгжилтийн нэг юм уу хоёрдугаар шатанд шалгуур үзүүлэлтүүдийн тоонууд тавигдчих байх.

-Цаашдаа ямар ажил хийх шаардлагатай вэ?

-Цаашдаа вирусийн илрүүлэлт, эмчилгээ явагдах шинжтэй байна. Аль ч улс оронд хамгийн идэвхитэй иргэд нь оношилгоо, шинжилгээнд хамрагдчихдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам идэвхитэй бус иргэдийг эмчилгээнд хамруулах хүндрэлтэй байдаг. Мөн илрүүлэлт оношилгоо сайн байсан ч яваандаа энэ халдварыг цаашид дахин шинэ халдвар авахгүй байх замыг бүрэн хааж чадахгүй байгаа нь хүндрэл учруулдаг. Үүнийг олон улсын хэмжээнд цоорхой хувингийн үзэгдэл гэж ярьдаг. Засгийн газрын зүгээс оношилгоонд хүч тавьж байгаа шигээ ариутгал, халдваргүйжүүлэлтэд хяналт тавих, техник төхөөрөмжийн үнийг хөнгөлж өгөх гэх мэтчилэн асуудал дээр анхаарал тавих хэрэгтэй.

-Вирусийн өвчлөлөөр манай улс нэгдүгээрт явж байгаа гэсэн?

-Хамгийн сүүлийн судалгаанаас харахад Монгол Улсын хэмжээнд идэвхитэй С вирустэй хүн амын тоо 210 мянга байна. Харин В вирустэй хүн 240-270 мянга гэж яригдаж байгаа. Ер нь бол 10 жилийн өмнө Монголын нийт хүн амын 10 хувь нь В вирустэй байсан бол одоогийн байдлаар найман хувь руу орж буурсан. Элэгний В, С вирусийн архаг халдвартай хүмүүсд ямар нэг зовиур илэрдэггүй. Сүүлд нь ямар ч найдваргүй болсон үедээ шинж тэмдэг нь илэрдэг. Жишээ нь эмчилгээний дутагдал, хатуурал нь сүүлчийн үе шатанд орчихсон аль эсвэл элэгний хорт хавдар үүсчихсэн үед шинж тэмдэг илэрдэг учраас хойш нь тавих байдал ажиглагддаг.

-Өвчлөлийн насжилт ойролцоогоор хэд байдаг вэ?

-С вирусийн хувьд нас өндөрсөх тусмаа халдварын хэмжээ нэмэгддэг.  Ер нь бол 40-өөс дээш насныхан өвчлөх эрсдэлтэй байдаг. Нас өндөрсөх тусам хүний биеийн дархлаа сулардаг учраас хавдар үүсэх магадлал нэмэгддэг. В вирус нь нас залуу хүмүүсд ч хавдар үүсгэх тохиолдлууд байдаг. Энэ хоёр вирус нь их эсрэг, тэсрэг байдалтай. Жишээ нь В вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой болов ч бүрэн устгах боломжгүй. С вирусийг бүрэн устгах боломжтой болов ч урьдчилан сэргийлэх боломжгүй.

-Улсын эмнэлгүүдэд нэгдсэн хэмжээгээр цаг гаргаад шинжилгээг авч байна. Хувийн эмнэлгүүдэд хийх боломж байна уу?

-Хувийн эмнэлгүүд бүгд С вирусийг тоолох шинжилгээнд хамрагдчихсан явж байгаа. Эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөлттэйгөөр вирус тоолох шинжилгээнд бүгд орсон. Нийт 22 эмнэлгийн жагсаалт гарсан байгаа. Хөтөлбөрийн хэрэгжих хугацааг 2020 хүн хүртэл тавьсан байгаа. Гэхдээ яг 2020 оноор дуусгана гэдэг амаргүй. Идэвхитэй бүлгийг бид 2020 ондоо багтаагаад дуусгачих байх. Харин эмчилж чадах уу гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байгаа. Улс орнууд амаргүй гэдгийг хэлж байгаа. Гэхдээ бид хойш нь тавихаасаа илүү, богино хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь үр дүнтэй.

-Вирус удамшдаг уу? Гоо сайхны салонуудаар вирус дамжиж эхэлж байна гэдэг үнэн үү?

-С вирус эхээс урагт дамжих магадлал 3-7 хувь гэж үздэг. Жамаараа төрөх нь халдвар авах магадлал илүү өндөртэй байдаг. Харин гоо сайхны салонуудын хувьд гэвэл батга шахах, хөмсөг шивэх, шивээс хийх зэргээр арьсны бүрэн бүтэн байдал алдагдах үйл ажиллагаатай холбоотойгоор вирусийн халдвар дамжих магадлал өндөр. Гоо сайхны салонуудын ариутгал эмнэлгийг бодвол сул байдаг. Ариутгал, халдваргүйжүүлэлтээ стандартын дагуу бүрэн сахих юм бол ямар ч асуудалгүй үйл ажиллагаа явуулах боломжтой. Чиг үүргийнхээ дагуу Эрүүл мэндийн яам гэхээсээ илүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж, арга хэмжээ авах бүрэн эрхтэй.

 Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж