АНУ ба БНСУ байр сууриа нэгтгэх үү? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АНУ ба БНСУ байр сууриа нэгтгэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

АНУ ба БНСУ байр сууриа нэгтгэх үү?

МАН-ын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Уг хуралдаанаар гишүүд МАН-ын дарга С.Батболдын тавьсан илтгэлтэй холбоотойгоор асуулт хариулт үргэлжилж буй аж.

Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар ирэх долоо хоногт Вашингтонд анх удаа гар барин уулзалдана. Хэн хэнийх нь хувьд анхных.
Хөх ордны мэдээлснээр Мун Жэ Ин энэ уулзалтаар АНУ ба БНСУ-ын харилцааг илүү ойртуулж, нягтшуулах, харилцан итгэлцэл бий болгох нэн тэргүүний зорилготой гэнэ. Тиймдээ ч чухал уулзалтдаа бэлтгэж, БНСУ-ыг төлөөлөн АНУ-д Элчин сайдаар ажиллаж байсан долоон эрхмийг тэрбээр өчигдөр /2017.06.26/ Хөх ордонд хүлээн авч, уулзжээ. Нэг ёсондоо тэдний зөвлөгөө, зөвлөмжийг сонсох гэж.

Эртнээс найрсаг харилцаатай байж, түншилж ирсэн хоёр орны тэргүүн нарын уулзалт мэдээж өргөн хүрээг хамарна. Гол сэдэв нь аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа. Тодруулбал, хурцадмал байдалд байгаа Хойд Солонгосын асуудал, маргаан дагуулсан THAAD систем болоод түүнийг дагалдаж гарах эдийн засгийн хохирлыг шийдэх.

Үргэлж Хойд Солонгосын заналхийллийн бай болдгийн хувьд тэдний уулзалтын хамгийн чухал сэдэв тэр байх нь гарцаагүй. Барак Обамагийн үед баримталж ирсэн БНАСАУ-ын талаарх “стратегийн хүлээцтэй бодлого”-ыг халж, Дональд Трамп улсынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд Ким Чен Уны дэглэмд шахалт үзүүлэхээ хэдийн мэдэгдсэн. Шаардлагатай бол холбоотон улсуудын хамт цэргийн хүч далайлгахад бэлэн гэдгээ ил тод зарлаад байгаа. Харин Мун Жэ Ин эсрэгээрээ. Баллистик пуужингийн болоод цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг Пхеньянд уриалж, цаашлаад хоёр Солонгосын харилцааг эерүүлэх хүсэлтэй.

Айлчлалыг угтуулж, Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа Мун Жэ Ин “АНУ-тай ойр дотно байж, харилцан зөвлөлдсөний дүнд хоёр Солонгосын харилцааг зөөлрүүлэх сонирхолтой. Харин энэ үйл явцад Өмнөд Солонгос голлох рольтой оролцох ёстой” гэх байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Өмнөд Солонгос илүү идэвхтэй байж, гол дүрд тоглож байхад хоёр Солонгосын харилцаа илүү найрсаг, АНУ ба Хойд Солонгосын харилцаа намжмал байдалд байсан” хэмээгээд, Ким Дэ Жүн тэргүүтний хэрэгжүүлж байсан “Нарны гэрэл” бодлого хоёр Солонгосыг ойртуулж чадсан гэдгийг онцолжээ. 

Харин THAAD-ын асуудлаар Мун Жэ Ин тодорхой шийдэлд хүрээгүй байгаа. АНУ-ын хөгжүүлсэн пуужингийн довтолгооноос хамгаалах орчин үеийн шийдэл бүхий энэ системийг Өмнөд Солонгост байрлуулах явдлыг Муны засаг захиргаа түр царцаасан. Системийг байрлуулах явцад байгаль орчинд хор хөнөөл учруулж байна гэх тайлбартайгаар Мун ийм шийдвэрт хүрэв. Гэхдээ үүний цаана Хятадаас ирэх шахалт, эдийн засгийн сөрөг үр дагавар түүний шийдвэрт нөлөөлсөн нь гарцаагүй. 

Өмнөд Солонгос THAAD системийг суурилуулснаар радарын тусламжтайгаар АНУ-д бүс нутгийн цэргийн ажиллагааг тагнах боломж олгож байна гэж буруутгаж байгаа. Улмаар аялал жуулчлалын хориг тавьж, Өмнөд Солонгосын эдийн засагт жин татахуйц сөрөг үр дагавар учруулсаар байгаа. 

Hyundai судалгааны институтын тайланд дурдсанаар Өмнөд Солонгос THAAD-ыг байрлуулсны хариуд 8.5 их наяд вон /7.5 тэрбум ам.доллар/ буюу ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал амсана. БНСУ-ыг зорих хятад жуулчдын тоо 2017 оны сүүлийн хагас жилд 40 орчим хувиар багасч, улмаар аялал жуулчлалын сектор дангаараа 7.1 тэрбум воны хохирол амсах прогноз гаргажээ.

Трамп THAAD-ыг Өмнөд Солонгост байршуулсны төлбөрт нэг тэрбум ам.доллар авах ёстой гэж дуугарсан. Харин Мун THAAD-ыг үргэлж няцаасаар ирсэн. Пак Гын Хэгийн засаг захиргаа энэ системийг суурилуулахаар шийдвэр гаргах үеэс л Мун Жэ Ин хурц шүүмжлэгч нь байсан юм. Харин Пак Гын Хэг импичментээр огцруулж, ээлжит бус сонгууль явуулах нь тодорхой болох үед түүний байр суурь харьцангуй зөөлөрсөн гэдэг. 

Пхеньян ямар ч ухарч, няцах шинжгүй байгаа энэ үед АНУ ба БНСУ хамтран Хойд Солонгосын эсрэг ямар бодлого баримтлах, цаашлаад THAAD-аас урган гарсан Өмнөд Солонгос ба Хятадын харилцаа, Хятад ба АНУ-ын харилцаа гээд хоёр орны лидерийн уулзалт олон асуудлыг шийднэ гэж шинжээчид дүгнэж байна.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!