Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв /БОЭТ/, тус аймгийн “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанид өнөөдрийн байдлаар 924 сая төгрөгийн өртэй болоод байна. Энэ нь 2008-2010 оны өр юм. Уг өрийг барагдуулахаар олон удаа албан тоот явуулж, хоёр ч удаа шүүхэд хандсан боловч өр төлөгдсөнгүй. Энэ талаар “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанийн борлуулалтын албаны дарга С.Пүрэвдоржоос тодруулахад “Манай компани, эмнэлэгийн байгууллага учир өвчтөнүүдийн эрх ашгийг бодоод их хүлээцтэй хандаж байгаа. БОЭТ-ийн удирдлагууд, танай тавьсан тоолуурууд худлаа зааж байна гэсэн тайлбар өгдөг. Тиймээс бид гурван ч удаа тоолуурыг нь сольж баталгаажуулсан. БОЭТ өрөө төлөхгүй байгаагаас шалтгаалаад “Эрдэнэт” үйлдвэрт 70 км-ээс татаж авчирсан усны үнэ болох 500 сая төгрөг, нэмүү өртгийн албан татвар, олон жил ашгилсан шугам сүлжээ, төмөр хоолойн засвар үйлчилгээ хийхэд бидэнд хүндрэл учраад байгаа юм. Бид зөвхөн БОЭТ-д шаардлага өгөөд зогсохгүй ЭМЯ-д ч гэсэн тайлбар хүргүүлсэн. Нэгэнт ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа учир бид энэ сарын дундуур хэрэглээний цэвэр усыг хязгаарлах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ нь ЗТХБ-ын Сайдын 2010 оны 228 тоот тушаал, хоёр байгууллагын хооронд байгуулсан аж ахуйн гэрээний заалтуудыг үндэс болгож байгаа юм” гэв.