Д.Амарбаясгалан: АН сонгуулийг хүчингүй болгох үйлдэл гаргаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Амарбаясгалан: АН сонгуулийг хүчингүй болгох үйлдэл гаргаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: АН сонгуулийг хүчингүй болгох үйлдэл гаргаж байна

УИХ-ын анхдугаар чуулганы үргэлжлэлийг өнөөдөр 10.00 цагт зарласан боловч одоо хэр нь эхлээгүй байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар өнөөдөр/2017.06.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Урьд шөнө Баян-Өлгий аймаг дахь “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцын дэргэд автомашинтай хүмүүсийг олноор цуглуулж, шатахууны талон тараасан ноцтой үйлдэл гарсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авсан байна.

Мөн Ховд, Булган аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабынхан нь хоорондоо зодолдож, нэгнээ гэмтээсэн үйлдэл гарсан нь цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлжээ. Зодолдсон шалтгаанаа “Сонгуулийн мөнгөтэй холбоотой” хэмээн тайлбарлажээ.

Энэ тухай МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймагт “Милл хаус” компанийн нэр дээр бүртгэлтэй автомашинд 1 тэрбум 80 сая төгрөг авч яваад саатуулагдсан.  Мэдээллээр бол дээрх мөнгийг дөрөв таван хайрцагт хийсэн, сонгогчдын тоо заасан, Ардчилсан намын ухуулагч нарын гарын авлагатай материалын хамт явсан. Үүндээ Ардчилсан намынхан таван өөр тайлбар хийсэн. Анхны мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга байсан Амгаланбаатар хийсэн. Тэрээр “Энэ мөнгийг мэдэхгүй, Ардчилсан намд огт хамаа байхгүй” гэсэн.

Дараа нь Ардчилсан намын сонгуулийн штабын хэвлэлийг хариуцаж байгаа, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Ардчилсан намын шадар туслах, ухуулагч, ажиглагч нарын цалин” гэсэн.  Асашёорюү Д.Дагвадорж “Ажиглагч нарын цалин” гэсэн.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга ЦТуваан “Ардчилсан нам улсын хэмжээнд 400 шадар туслах, 8000 ажиглагч нарыг ажиллуулж байгаа, тэдгээрийн цалин” гэсэн мэдээлэл хийсэн.

Улсын хэмжээнд ажиллаж байгаа ухуулагч нарын цалинг нэр дэвшигч Х.Баттулгын нэр дээр байдаг “Милл хаус”компанийн машин аваад Говь-алтай аймагт  явж байдаг нь ямар учиртай юм бэ.

Хуулиараа ажиглагч, шадар туслах, ухуулагч нарт цалин, урамшуулал байдаггүй. Тэр хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хоол унд, гар утасны төлбөр,  унааны зардлыг штабаас нь гаргаж өгөхөөр заасан.  

Манай нам нэг аймагт 60 сая төгрөгийн зардал гарна гэж тооцон ажиллаж байгаа.

Хэрвээ тэр гуравхан аймгийн зардал нь 1 тэрбум 80 сая байсан юм бол бусад аймаг, нийслэлийн есөн дүүргийн ажиглагч, шадар туслах, ажиглагч нартаа өгөх цалин нь 17 гаруй тэрбум төгрөг болохоор байгаа.  Энэ нь өөрөө хуулиар баталгаажуулж өгсөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 3.8 тэрбум, улс төрийн нам 6.7 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй гэх хуулийн заалт ноцтойгоор зөрчигдсөн.

Дорноговь аймагт 90 сая төгрөг ачаад явж байсан автомашинтай хүмүүсийг хуулийнхан илрүүллээ.  Иргэдийн саналыг худалдаж авах гэж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор.

Баригдсан этгээдүүд “Хятадаас машин худалдаж авч явах гэж байсан мөнгө” гэж мэдүүлсэн. Хятадад монгол төгрөгөөр  худалдаа хийдэггүй. Иргэдийн саналыг худалдаж авахаар төлөвлөсөн нь ийн илчлэгдэж байгаа.

Сонгуулийн сурталчилгаа дуусчихсан байхад өчигдөр 00.00 цагт Баян-Өлгий аймаг МТ шатахууны станц дээр маш их хэмжээний машин цуглуулж, шатахууны талон тараасан үйлдэл гарсан. Үүнийг бид тус аймгийн Цагдаад мэдэгдэж таслан зогсоолгосон.

УИХ, Засгийн газрын гишүүн байсан М.Зоригт гэх нөхөр “Ардын намынхан цэрэг цагдаагаар дарамтлуулж, ард нийтийн саналыг хүчээр авч байна” гэдэг худал мэдээлэл тарааж байна.

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцох нөхцөл бүрдсэн учраас энэ сонгуулийг хүчингүй болгох үйлдэл гаргаж байна гэж дүгнэхэд хүрч байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Ардчилсан намын зүгээс нийгмийг зүй бус зүйл, үймээн самуунд уруу татсан мэдээллийг маш их цацаж байна.

Сонгуулийн үр дүн Ардчилсан нам, нэр дэвшигчид нь сөрөг гарахад нийгэмд бужигнаан бухимдал үүсгэх гэсэн зүйл агуулагдаж байна гэж дүгнэхэд хүргэж байна.  

Булган аймаг, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүд хоорондоо зодолдож, Буянт сумын дарга н.Нэргүй гэмтэж Ховд аймгийн эмнэлэгт очиж, тусламж авсан. Сонгуулийнхаа мөнгөнөөс болж, зодолдсон гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ асуудлыг цагдаа дээр шалгаж байна.

Булган аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабын нөхдийг Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр зодсон гэдэг асуудал цагдаа дээр шалгагдаж байна. Өөрийнхөө нам дотроо болж байгаа будилаан, зодоон нүдээнээ нийгэмд халдаах гэсэн оролдлогыг цахим хэрэгслээр дамжуулан тарааж байгааг ард олон ялгаж салган ойлгож, сонор сэрэмжтэй байгаарай гэж анхааруулъя.

Санал худалдаж авах, нийгмийг эмх замбараагүй байдалд татах оролдлогыг Ардчилсан намын сонгуулийн штабаас УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүмүүсээрээ дамжуулж, зохион байгуулалттай хийж байгаад харамсаж байна” гэсэн юм.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!