Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна

МАН-ын Бага хурал 09.00 цагт зарлагдсан боловч одоог хүртэл эхлээгүй байна.

Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын зөвлөлийн II хуралдаан Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү хуралдаан Хойд Солонгос пуужингийн туршилтаа үргэлжлүүлж, АНУ тус бүс нутаг руу хоёр нисэх онгоц тээвэрлэгчийн бүлэг болон хоёр шумбагч онгоцыг ирүүлж хүчээ хуримтлуулсан зэрэг хурцадмал үйл явдлуудтай зэрэгцэн болж буйгаараа онцлог. Бүс нутгийн болон ОХУ Хятад, АНУ, Европ, Австралийн мэргэжилтнүүдийг нэгтгэдэг Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын зөвлөлийн II хуралдаан нь АНУ-ын цөмийн бодлого, түүний Зүүн Хойд Ази дахь хэрэгжилт, Цөмийн зэвсгийг хориглох конвенцийн талаарх НҮБ-ын өнөөгийн яриа хэлэлцээ, түүний цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хяналтад хэрхэн нөлөөлж буй байдал, Зүүн Хойд Азийн бүс нутагт цөмийн зэвсэггүй бүс байгуулах санаачилгад Япон, Солонгос, Хятадын хандлага хийгээд Зүүн Хойд Азид цөмийг энхийн зорилгоор ашиглах хөтөлбөртэй холбоотой гол бодлогууд зэрэг асуудлаар нарийвчлан хэлэлцэж байгаа юм.

Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын зөвлөл нь 2015 онд Нагасаки Их сургуулийн цөмийн зэвсгийг хориглох судалгааны төвийн санаачилгаар Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх түншлэлийн салбар үйл явцыг Улаанбаатар хотноо зохион байгуулж үйл ажиллагаандаа Хойд Солонгосын төлөөлөгчдийг татан оролцуулж байсан юм. Үүний үр дүнд Хойд Солонгостой харилцах илүү иж бүрэн, өргөн хүрээний яриа хэлэлцээний хандлагыг бий болгосон байна. Хуралдаанд оролцогчид цөмийн аюулыг бид ямар нэг ид шидээр зайлуулах аргагүй юм. Харин илүү өргөн хүрээнд, цогц байдлаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлснээр Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чухал түлхэц болно хэмээн онцолж байв. Цогц, өргөн хүрээг хамарсан туйлбартай яриа хэлэлцээрийн үр дүнд Цөмийн зэвсэггүй бүсийн хэлэлцээг батлаад зогсохгүй Солонгосын дайныг төгсгөж, Японд аюулгүй байдлын баталгаа бий болгон, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын чуулган байгуулж улмаар энэ бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны хороо байгуулах нөхцөлийг бий болгоно хэмээн үзэж байна.

Энэхүү хуралдааны төгсгөлд оролцогч талууд өөр өөрсдийн Засгийн газруудад хандсан зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байна. Зөвлөмжид, Солонгосын хурцадмал нөхцөл байдалд бүх талууд болгоомжтой байж, буруу тооцоолсноос дайнд хүргэж болзошгүй үйл ажиллагаанаас зайлсхийх чухал. Хятадын санаачилсан 6 талт хэлэлцээ, 2 талт хэлэлцээг сэргээх хэрэгтэй гэх мэт бүс нутагт нэн тулгамдсан асуудлуудыг тусгах юм байна.

Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын зөвлөлийн II хуралдааныг цөмийн аливаа аюулаас ангид байх гадаад таатай орчныг бүрдүүлэх Монгол Улсын бодлогод дэмжлэг үзүүлэх зорилготой “Цэнхэр Сүлд” ТББ, Нагасаки Их сургуулийн цөмийн зэвсгийг хориглох судалгааны төвтэй хамтран зохион байгуулж байна.

С.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!