Сонгогчдын ирцийн эхний мэдээллийг СЕХ 13.00 цагт өгнө

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Сонгогчдын ирцийн эхний мэдээллийг СЕХ 13.00 цагт өгнө

Өнөөдрөөс эхлээд ОХУ-д согтууруулах ундааны рекламыг телевиз, радио, интернет, тээврийн хэрэгсэл, рекламны самбар гм бүх газар хориглов...

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох  сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 1. 978.298 иргэн бүртгэгдэж, эцэслэгджээ. Үүнээс  941.536 сонгогч нь нийслэлд саналаа өгнө.  Бүртгэгдсэн сонгогчдыг дүүргээр нь тодруулбал,

Сонгинохайрхан дүүрэгт-207.620

Баянзүрх дүүрэгт -225.206

Баянгол дүүрэгт -144.434

Сүхбаатар дүүрэгт-96.148

Хан-Уул дүүрэгт-110.883

Чингэлтэй дүүрэгт -110.643

Багануур дүүрэгт-19.593

Багахангай дүүрэгт-2799

Налайх дүүрэгт-24.241 сонгогч тус тус бүртгэгджээ. Энэ тоонд түр оршин суугчид багтсан байна. Хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн зогсоохоос өмнө 977 иргэн хотоос шилжин явсан бол 733 иргэн шилжин иржээ.

Үлдсэн нэг сая сонгогч нь орон нутагт саналаа өгөх юм.  Ирцийн мэдээллийн тухайд  12.00, 17.00, 22.00 цагт СЕХ салбар хороодоос авах буюу хэвлэлийнхэнд нэг цагийн дараа танилцуулна. 

Зөвхөн нийслэлийн сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж, нийслэлд саналаа өгч буй сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийж байна.  Харин бэх дууссан шалтгаанаар орон нутгийн сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийхгүй байгаа юм.

Сонгуулийн зохион байгуулалтад 25 мянган төрийн албан хаагч ажиллаж буй. Тэр дундаа нийслэлд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллаж байна. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ.

Гадаадад байгаа иргэдийн өгсөн саналыг тоолно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 10,11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалтаар эхэлсэн билээ.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын  саналыг өнөөдөр 22.00 цагаас тоолж эхлэх аж. Санал тоолох үйл явцад ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар байлцаж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргана.

Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7.209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4.816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж  саналаа өгсөн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлж байлаа.

Сонгуулийг 18 мянга орчим ажиглагч ажиглаж байна

Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадаадын 30 ажиглагч иржээ. Мөн олон улсын бусад байгууллагын ажиглагчид, улс төрийн намуудаас 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиллахыг  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өчигдөр хийсэн мэдээллийн үеэрээ /2017.06.25/онцолж байсан юм.

Дарга нар ажилчдадаа чөлөө өгч, санал өгөх эрх, үүргийг нь эдлүүлээрэй

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр буюу өнөөдөр бүх нийтээрээ амарч буй.  Хэрэв энэ өдөр /2017.06.26/ ажиллаж буй хувийн байгууллага, аж ахуйн нэгж байвал ажилчдадаа чөлөө олгож саналаа өгөх үүрэгтэйг нийслэлийн Сонгуулийн хорооноос санууллаа. Мөн нийслэлийн Сонгуулийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бэлтгэхдээ одоогоор нэг тэрбум 373.8 сая төгрөгийн зардал гаргаж, энэ тооны мөнгийг  Сонгуулийн ерөнхий хорооноос авчээ.

Хөл хорионд орсон 30 сонгогчоос зөөврийн хайрцгаар саналыг нь авна

Сонгинохайрхан дүүрэг, сонгуулийн 1813 хэсгийн  хорооны 13 өрхийн 30 сонгогч малын халдварт өвчин гарснаас шалтгаалж, хөл хорионд оржээ. Мал эмнэлгийн байгууллагуудтай нийслэлийн Сонгуулийн хорооноос ярилцаж байгаад тухайн иргэдээс зөөврийн саналын хайрцгаар саналыг нь авах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж