Тав дахь Ерөнхийлөгчийн хүлээлт

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Тав дахь Ерөнхийлөгчийн хүлээлт

УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олмипийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм.

Монголчууд долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. 1993 онд анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдож байсан бол үүнээс хойш Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар сонгогдон ажиллажээ. Үүнээс хоёр хүн буюу Нацагийн Багабанди, Цахиагийн Элбэгдорж нар хуульд заасан улиран сонгогдох эрхийг эдэлжээ.

1992 онд баталсан Монголын ардчилсан гэсэн тодотголтой Үндсэн хуулиар Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг бий болгосон юм. Энэ хүний үүрэг юу вэ? Үндсэн хуульд зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”. Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч арав орчим бүрэн эрхийг эдэлнэ. Ерөнхий сайдыг зөвшилцөх, Засгийн газарт чиглэл өгөх, Элчин сайдыг томилох, эргүүлэн татах, уучлал үзүүлэх, онц байдал зарлах, цэргийн дайчилгаа зарлах зэрэг эрх мэдэлтэйгээс хамгийн бодит эрх мэдэл нь УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрх юм.

Долоо дахь удаагийн сонгуулийн санал авах өдөр ирэх зургадугаар сарын 26-нд товлогдсон. 1993 оноос явагдсан сонгуулийн дүнг харахад санал өгсөн иргэдийн тоо тогтмол буурч эхэлсэн нв энэ удаагийн сонгуульд ч хадгалагдах магадлалтай. Сонгогчдын ирц буурч байгаа нь зөвхөн Ерөнхийлөгчийн биш парламентын сонгуульд ч бас хамаарч байгаа. Сонгуулийн статистикаас харахад анхны 1993 оны сонгуульд сонгогчдын 92.73 хувь, 1997 онд 85.06, 2001 онд 82.94 хувь, 2005 онд 75 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.50 хувь байжээ.

УИХ-д суудалтай улс төрийн нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй. Тиймээс ч Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн Монголын төрийг ээлжлэн барьж байгаа Монгол Ардын нам /хуучнаар МАХН/ болон Ардчилсан намын хооронд явагдаж иржээ. Анхны 1993 оны сонгуульд МАХН-аас Лодонгийн Түдэв, МҮАН, МСДН эвсч Пунсалмаагийн Очирбат нар дэвшсэн. 1990 оноос өрнөсөн ардчиллын үйл явцыг эхлүүлсэн ардчилсан хүчин анхны ардчилсан парламентын 1992 оны сонгуульд харамсалтайгаар ялагдсан /холимог тогтолцоогоор явагдсан энэ сонгуульд МАХН 70, МоАН, МҮДН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл дөрөв, МСДН нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал авсан/учраас 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зайлшгүй ялахаас өөр сонголт байгаагүй. Энэ зорилгынхоо үүднээс ч тухайн үедээ ардчилсан хүчнүүд нэгдэж чадсан бөгөөд энэ нь ардчиллын үйл явцын цаашдын өрнөлд чухал үе шат байсан.

1997 оны хоёр дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Пунсалмаагийн Очирбат дахин өрсөлдөж, түүнтэй МАХН-аас Нацагийн Багабанди, МУНН /Монголын Уламжлалын нэгдсэн нам/-аас Ж.Гомбожав нар өрсөлдсөн бөгөөд Н.Багабанди 60.81 хувийн саналаар сонгогдсон юм. П.Очирбат 29.81 хувь, Ж.Гомбажав 6.64 хувийн санал авчээ. Хоёр дахь удаагийн сонгуульд Ерөнхийлөгчийн суудлыг авсан МАХН 2009 он хүртэл ардчилсан хүчинд боломж олгоогүй юм.

Гурав дахь удаагийн 2001 оны сонгуульд Н.Багабанди хуульд заагдсан эрхийнхээ дагуу хоёр дахиа нэрээ дэвшүүлж, Ардчилсан намын Р.Гончигдорж, ИЗНН-аас Л.Дашням нартай өрсөлдсөн. Сонгуулийн дүн гарахад Н.Багабанди 58.13 хувийн санал авч улиран сонгогдож, Р.Гончигдорж 36.53 хувь, Л.Дашням 3.54 хувийн санал авсан юм. Тухайн үед дарламентад үнэмлэхүй олонх болсон МАХН өөрийн намын угшилтай Н.Багабандийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь түүнд хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжийг өгсөн гэж улс төрийн хүрээнд ярьдаг.

2005 оны дөрөв дэх удаагийн сонгуульд хамгийн олон буюу дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн юм. Эрх баригч МАХН-ын Ерөнхийлөгч Н.Багабанди улиран сонгогдох боломжгүй байсан учраас тус намаас шинэ хүн өрсөлдөх тодорхой байсан бөгөөд энэ нь Н.Энхбаяр байсан. Н.Энхбаяртай Ардчилсан намаас М.Энхсайхан, “Эрэл” намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар өрсөлдсөн. Санал ихээхэн хуваагдсан ч Н.Энхбаяр 53.44 хувиар ялалт байгуулан Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч болсон. М.Энхсайхан 20.03 хувь, Б.Эрдэнэбат 11.33 хувь, Б.Жаргалсайхан 13.85 хувийн саналыг тус тус авсан.

2009 оны тав дахь удаагийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр дахин нэрээ дэвшүүлж, түүнтэй Ардчилсан намаас Ц.Элбэгдорж өрсөлдлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад нэг суудалтай ИЗН нэр дэвшүүлээгүй юм. Өрсөлдөөн ширүүн болж Ц.Элбэгдорж 51.21 хувийн, Н.Энхбаяр 47.41 хувийн санал авч Ардчилсан нам Ерөнхийлөгчийн институцийг авч чадсан бөгөөд энэ суудлыг дараагийн сонгуульд ч хадгалж чадсан.

2013 оны сонгуульд сая дурдсанчлан Ардчилсан намаас Ц.Элбэгдорж дахин нэрээ дэвшүүлж, түүнтэй Монгол Ардын намаас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал нар өрсөлдсөн юм. МАН-аас угшилтай МАХН-ын нэр дэвшигч МАН-ын саналыг хуваана гэж яригдаж байсан ч Н.Удвал ердөө сонгогчдын 6.50 хувийн санал авсан юм. Ц.Элбэгдорж 50.23 хувь, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн санал авсан.

Энэ оны долоо дахь удаагийн сонгуульд намууд нэр дэвшигчдээ зарласан ч Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчид хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж байсан. Хуульд зааснаар ирэх Лхагва гариг буюу тавдугаар сарын 17-нд энэ хугацаа эцэслэгдэх учиртай. Ардчилсан намаас Х.Баттулга, МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшсэн юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ гэдэг асуултын хариулт сонгогч танаас хамаарна. Тиймээс та бүхэн идэвхитэй сонгууульдаа оролцоорой. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж