Малчид хөдөлмөрөө хоршиж ажиллах сонирхолтой болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Малчид хөдөлмөрөө хоршиж ажиллах сонирхолтой болжээ

“Ганц цучил гал болдоггүй” гэсэн ардын сургаал үг бий. Нэгдэл аж ахуй тарсан ч нэгдэж нийлэн ажиллах хөдөлгөөн тус аймгийн нэлээд сумын малчдын дунд өрнөж байна.

Зарим сумын Засаг даргын тамгын газрын дарга нараас  малчдын бүл нөхөрлөл, хоршоо, фермер байгуулан ажиллаж байгаа талаар товч зүйл асууж тодруулахад ийнхүү ярьж байна

Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Ууганбаяр:
-Малчид хөдөлмөрөө хоршин хамтран ажиллах явдлыг ихэд чухалчлан үздэг боллоо. Ингэж хамтрахын нэг хэлбэр нь  нутаг усны айл өрх нэгдэн бүл болж ажиллаж байна. Манай сумын малчдын бүлүүдийн нэг онцлог нь нэлээд хэдэн айл өрх нэгдэн хамтарч ажилладаг. Тухайлбал: Д.Даваадэмбэрэл ахлагчтай “Цойлон өндөр” бүлд 14 өрхийн 55 иргэдийг хамруулдаг бол О.Оюунцэрэн, Т.Алтанцэцэг, Д.Жаргал ахлагчтай “Навчит уул”, “Наран”, “Бат оршиг” бүл наймаас арван өрхийн 28-41 хүнийг хамруулан үйл ажиллагаа явуулдаг. Сумын Засаг даргын тамгын газраас малчдын бүлд зарим дэмжлэг үзүүлж байна. Өнгөрсөн оноор жишээлж хэлэхэд малчдын байгуулсан таван бүлд  зургаан сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Тэдгээр бүлийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Монгол улсад гашмгийн  аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төсөлд хамруулсан юм. Энэ төсөлд хамруулснаар малын өвс тэжээл бэлтгэх, бэлчээр хамгаалах, усан хангамжийг нэмэгдүүлэх, мал сүргийнхээ үүлдэр угсаа, чанарыг сайжруулах, улмаар малынхаа мах сүү зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьжиргаагаа дээшлүүлэх ажлыг хамтын хүчээр  хийж байна.

Орхон  сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Цолмон:
-Манай суманд байгуулсан малчдын бүл нөхөрлөл, хоршоо, фермерүүдээс Д.Лхагвасүрэн, Д.Баяраа эзэнтэй хоршоо, Г.Баярсайханы нөхөрлөл, Л.Гүндсамбуу, С.Чоймбол нарын фермерийн аж ахуй бусдаас илүү дүнтэй ажиллаж байгаа. Л.Гүндсамбуугийн фермерт Г.Брасболд, Г.Нэргүйбаатар, Г.Сансар нарын ахан дүүсийн дөрвөн айл өрх хамтран ажилладаг. Тэд сайн чанарын мах сүү бэлтгэх зорилготой. Хадлангийн тусгай талбайтай. Хадуур тармуур зэрэг техник хэрэгсэлтэйгээс гадна ургацыг нь нэмэгдүүлээхийн тулд услалтын төхөөрөмжтэй болсон. Нутгийнхаа айл саахалтын зарим айлын өвсийг нь хадахад ч тусална. Энэ жил 60 тонн  хадлан бэлтгэж авсан. Өөрсдийн хэрэгцээнээс гадна 30 тонн өвсийг багийн аюулгүйн нөөцөнд бэлтгэсэн С.Чоймболын фермерт С.Долгор, Ч.Мөнхөө, Ч.Сувдаа нарын зэрэг тав зургаан айл нэгдсэн. Сүү борлуулах, хадлан бэлтгэх ажлыг хамтран хийдэг. Хар тарлан, семиньтал үүлдрийн үнээтэй. Эдгээр фермерийнхэн Орхон аймгийн зарим байгууллага, бизнес эрхлэгчтэй холбоо харьцаа тогтоон гэрээ байгуулж сүү махаа борлуулдаг болсон. Малчдаас гадна эмч мэргэжилтэн нар бүл хоршоо байгуулан нутгийнхандаа дэмжлэг үзүүлэх эхлэл санаачилга өрнөж байгаа. Жишээ нь зоотехникч Д.Баяраа, малын эмч Ч.Алтангэрэлтэй хамтран “Орхон оч” хоршоо байгуулсан. Тэд гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийдэг. Мөн нутгийн үүлдрийн сайн чанарын хуц ухна бэлтгэн малчдад өгдөг. Энэ нь нутаг усныхаа айл өрхийн малын чанарыг сайжруулахад зохих нөлөө үзүүлж байна. Сайн чанарын малтай байна гэдэг айл өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд ч нөлөөлнө.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж