Арилжааны банкууд алт авах эрхээ хасуулах бололтой

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд алт авах эрхээ хасуулах бололтой

Эрдэнэсийн сан­гийн тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах ту­хай хуулийн төс­лийг УИХ-аар хэлэлцэхээс тат­галзсан. Хуулийн төслөөр “Иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон болон олсон алтаа зөвхөн Монголбанкны тогтоосон үнээр эрдэ­нэсийн санд худал­даж, харин арилжааны банкны алт худалдах, худал­дан авах, хадгалах, хадгалуулах тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааг хасах” гэсэн утга­тай өөрчлөлт оруулахаар болсон байна.  Хэрэв хуулийн төсөл батлагдвал арилжааны банкуудын алттай холбоотой үйл ажиллагаа хязгаарлагдаж, банкууд алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохоо багасгах ёстой болох байсан. Харин өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болсон гэдэг мэдээлэл цацагдсан.  Тиймээс энэ талаар албаны эх сурвалжуудын байр суурийг сонирхсон юм.

МОНГОЛБАНКНААС САНАЛ АВААГҮЙ НЬ ИЙМ АСУУДАЛД ХҮРГЭСЭН

Энэ хуулийн төслийг төсвийн орлогыг нэмнэ гэж УИХ-д өнгөрсөн жил өргөн барьсан  Татварын багц хуулинд орж ирсэн хуулийн төслийн нэг хэсэг болохыг Монголбанкны зүгээс сануулсан юм.  Хуулийн өөрчлөлтөөр арилжааны банкуудад алт худалдаж авахыг хориглосон байсан нь алтны нууц наймааг цэцэглүүлнэ гэж УИХ-аас үзээд хэлэлцэх боломжгүй хэмээн буцаасныг тэд сайшааж байгаа юм.  Тиймээс ч тухайн үед Банкны болон Эрдэнэсийн сангийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдорж эсэргүүцэж, УИХ-ын чуулган дээр “Хэрэв энэ хуулийн төслийг баталбал алтнаас төсөвт орох орлого нэмэгдэх биш харин ч багасна. Хавар алтны үйлдвэрүүд алтаа барьцаалан арилжааны банкнаас зээл авч, ухсан алтаа эргүүлэн тушааж, түүнийг нь Монголбанк худалдан авдаг. Хуулийн дагуу Монголбанк аж ахуйн нэгжид ямар ч зээл өгөх боломжгүй. Ганцхан Монголбанкинд тушаа гэвэл татвараас бүр л зугтдаг болно. Монголбанкнаас энэ хуулийн төсөлд санал аваагүй учраас энэ хуулийг гаргаж болохгүй” хэлж байсан юм. Тухайн хуулийн төсөлд арилжааны банкуудын алт худалдаж авах боломжийг хааснаар Монголбанкинд алт төвлөрч төв банкны валютын нөөц өсч, улсын төсөв нэмэгдэнэ гэсэн нь өрөөсгөл ойлголт байсан гэдгийг Монголбанкнаас дахин хэлж байна. Үүнээс гадна арилжааны банкууд ч үүнийг тууштай эсэргүүцснээр энэхүү хуулийн өөрчлөлтийг УИХ хэлэлцэхээс татгалзсан. Харин хэвлэлээр мэдээлээд байгаа шиг дахин хэлэлцэх асуудал байхгүй гэдгийг мэдэгдсэн юм.  

З.ШАГДАРСҮРЭН: ТӨӨРӨЛДСӨНӨӨС БОЛЖ ҮҮССЭН МАРГААНААС ӨӨР АСУУДАЛ БАЙХГҮЙ

Монголбанкинд төвлөрсөн алт­ны  50 гаруй хувь нь арил­жааны банкуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжээс авсан алт байдаг гэсэн статистик тооцоо байдаг. Тиймээс арилжааны банкуудын алт худалдан авалт хэвийн үргэлжилж байгаа эсэхийг Банкуудын холбооны гүйцэтгэх захирал З.Шагдарсүрэнгээс тодруулсан юм. 

-Арилжааны банкуудаар дамжуулан алт худалдан авахыг хориглох гэж байсан хуулийн төслийг УИХ хэлэлцээгүй. Одоо арилжааны банкуудаар дамжих алтны худалдаа хэр байна вэ?

-Арилжааны банкууд 2000 оноос алт худалдаж авах болсон. Хэрэв алт худалдан авах үйл ажиллагааг зөвхөн Монголбанк хийдэг болбол чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөний зарчим үгүй болох байсан. Мөн алт олборлогчид бүтээгдэхүүнээ худалдах талаа чөлөөтэй сонгох боломжгүй монополь байдал үүсч, алтны хууль бус арилжаа хийх эхлэл тавигдана гэж хуулийн төсөл өргөн барьсан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай холбооны зүгээс тууштай эсэргүүцэж байсан. Ганцхан манай холбоо ч гэлтгүй Монголбанкнаас ч тийм шаардлага тавьсны хүчинд хуулийн төслийг хэлэлцэхгүй болсон. Үүнийг зөв алхам болсныг одоо хүмүүс мэдэрч байгаа байх. Арилжааны банкууд алт тушааж байгаа иргэд аж ахуйн нэгжээс алт худалдаж авах ажиллагаа хэвийн явж байна. Харин зарим аж ахуйн нэгж, иргэн энэ онд тушаах алтнаас гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авахгүй гэсэн ойлголттой байгаагаас болж нэлээд маргаан үүсч байгаа бололтой юм билээ. Тиймээс энэ жилээс олборлож эхэлсэн алтнаас 68 хувийн татвар авахгүй гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй байна.

Р.Сарангоо

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж