Маргааш тав дахь Ерөнхийлөгчийг сонгох өдөр

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Маргааш тав дахь Ерөнхийлөгчийг сонгох өдөр

Ерөнхий нарийн бичгийн даргад цөөнгүй хүний нэр сонстож байсны нэг нь одоогоор ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа Л.Оюун-Эрдэнэ.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох түүхэн цаг үе ойртсоор байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдөж байна.

Сонгуулийн сурталчилгаа 18 хоногоор хязгаарлагдсан ч нэр дэвшигчийг гутаан доромжилсон хар PR нь үерлэсэн сонгууль байлаа. Бодлого ярих болов уу гэж хүлээж байсан мэтгэлцээн ч хариулт өгч чадсангүй. Гэхдээ сонгогчид хэдийнэ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг сонголтыг хийсэн болов уу. Сонголтдоо итгэл үнэмшил дүүрэн байж, хэний ч нөлөөгүйгээр сонголтоо хийхийг хүсье.

Сонгуулийн тухай хуульд зааснаар маргааш улс орон даяар 07.00 цагаас сонгогчдын саналыг авч эхлэх бол санал авах ажиллагаа 22.00 цагт өндөрлөнө.

Энэ удаагийн сонгуульд нийт 1.9 сая сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бол сонгуулийг зохион байгуулахад 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.

Саналын хуудсыг тоолоход автоматжуулсан машин ашиглана. 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн санал тооллогод автоматжуулсан систем ашиглах болсон. Нууцлалыг бүрэн хангасан автоматжуулсан системийн үр дүнд санал хураалт дууссанаас 2 цагийн дараагаас эхлэн сонгогчдын хэдэн хувь нь хэнд саналаа өгсөн бэ гэдэг шууд тоологдон, дэлгэцээр харуулах болсон. Гэхдээ сонгогчдын эргэлзээг тайлах, саналын хуудсыг үнэн бодитой гэдгийг баталгаажуулах зорилгоор 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн автоматжуулсан системээр уншигдсан саналын хуудсыг дахин гараар тоолж, нягтлах болсон юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудасны 50 хувьд гар тооллого хийнэ.

Мөн энэ удаагийн сонгуулиар саналаа өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийх боллоо. Автоматжуулсан систем ашиглах болсон үеэс буюу 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийхийг зогсоосон байсан ч Ардчилсан намаас тавьсан шаардлагын дагуу нийслэлийн сонгогчдын хуруунд бэхээр тэмдэглэгээ хийх боллоо. Энэ нь нэг сонгогч саналаа хэд дахин өгөхөөс сэргийлсэн арга хэмжээ гэж Ардчилсан намын гишүүд тайлбарлаж буй.

Сонгогчиддоо хандахад сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөхийг хүсье. Саналаа өгсөн сонгогчдын ирц 50 хувийн босго давах ёстой. Ирц өндөр байвал хоёр шаттай сонгууль болохоос сэргийлж чадна. Харин ирц энэ босгыг давж чадахгүйд хүрвэл сонгуулийг дахин зохион байгуулахаас аргагүйд хүрнэ. Энэ тохиолдолд дахин зардал гарна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад төсвөөс 14 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Үндэсний аудитын газраас баталсан журмаар намуудын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 6.8 тэрбум, нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 3.9 тэрбум төгрөг байгаа. Энэ бол зөвхөн нэг намын нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, гурван намын нэр дэвшигчийн зардлын нийт дүн 32.1 тэрбум төгрөг, үүн дээр төсвөөс гаргасан 14 тэрбумыг нэмэхэд 50 тэрбум руу дөхөж очсон их хөрөнгийг зарцуулсан сонгууль болж буйг сануулах ёстой болов уу.

Сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөөрэй.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж