Хойд Солонгос юу гэж мэдэгдэв?

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос юу гэж мэдэгдэв?

Аялал жуулчлалын мэдээллийн “Top 10 places.com” цахим хуудаст Монголын аяллын топ 10 газрыг нэрлэжээ.

Хойд Солонгост хоригдож байгаад комын байдалтай эх орондоо хүргэгдэн ирсэн АНУ-ын оюутан Отто Уормбиртэй зүй бус харьцаагүй гэж Хойд Солонгос мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д хүргэгдэн ирсэн Уормбир ухаан оролгүй байсаар даваа гаригт нас барсан. Түүний эцэг эх хүүгийнхээ үхэлд Хойд Солонгосын эрх баригчдыг буруутгаж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн энэ харамсалтай явдлын дараа Хойд Солонгосыг “балмад хэрцгий дэглэмтэй” гэж шүүмжлэв.

Виржиниягийн их сургуулийн оюутан, 22 настай Отто Уормбир аяллын багт багтаж, 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Бээжингээр дамжин Пхеньянд очсон байдаг. Аяллаа дуусгаад буцах гэж байхад нь түүнийг 2016 оны нэгдүгээр сард Пхеньяны нисэх буудлаас баривчилжээ. 

Зочид буудлын хананд өлгөөстэй байсан ухуулга хуудас хулгайлахыг завдсан хэрэгт буруутгаж, улмаар Хойд Солонгосын ард түмний эсрэг дайсагнасан үйлдэл гаргасан хэмээн 15 жил хөдөлмөрийн лагерьт хүнд хөдөлмөр хийх шийтгэл ногдуулсан юм.

Түүнээс хойш Хойд Солонгосын талаас Отто Уормбирийн талаарх мэдээллийг огт өгөлгүй байсаар зургадугаар сарын 13-нд шүүх хурлаас хойш Уормбир ухаангүй, комын байдалтай байгаа, ботулизм гэх цочмог үрэвсэлт өвчнөөр өвчилсөн хэмээн Пхеньян мэдэгдсэн юм. Удалгүй түүнийг суллахаар шийдсэн тухайгаа мэдэгдэж, эх оронд нь буцаасан билээ.

Гэвч Уормбир эх орондоо ирээд ухаан оролгүй байсаар долоо ч хонолгүй амьсгал хураажээ.

Түүнийг оршуулах ёслол өнгөрсөн пүрэв гаригт /2017.06.22/ төрөлх Охайо мужид болж, гэр бүл, найз нөхөд гээд 2500 гаруй хүн оролцсон байна.

ХОЙД СОЛОНГОС ЮУ ГЭВ?

Америк оюутны үхэлд буруутгасан АНУ төдийгүй дэлхий нийтийн хандлагын хариуд Хойд Солонгосын талаас Отто Уормбир эрүүл мэндийн хувьд хэвийн байдалтай эх орондоо буцсан гэж мэдэгдээд байна.

“Эрүүл мэндийн үзүүлэлтүүд бүгд хэвийн байдалтай АНУ-д буцсан Отто Уормбир долоо ч хонолгүй гэнэт нас барсан нь бидний хувьд учир битүүлэг хэрэг байна” гэж Хойд Солонгосын тал мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ.

Мөн хоригдож байх хугацаанд нь хүнд эрүү шүүлт явуулсан гэж Хойд Солонгосыг буруутгаж байгаа нь ор үндэсгүй зүйл гэсэн байна.

“Энэ бүхэн АНУ-ын гүжирдлэг” хэмээн Хойд Солонгосын албаны хүний үгийг мөн AFP агентлаг мэдээлжээ.

АНУ-ЫН ЭМЧ НАР ЮУ ГЭВ?

АНУ-ын эмч нар Отто Уормбирийг тархи, мэдрэлийн ноцтой гэмтэл авсан гэж тодорхойлсон юм. Мөн ботулизмын ямар ч шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгдсэн.

Отто Уормбирийн гэр бүлийнхэн түүний цогцост задлан шинжилгээ хийлгэхээс татгалзсан бөгөөд тэд “зүй бус эрүү шүүлт тулгасны улмаас амиа алдсан” гэх байр суурьтай байгаа юм.

АНУ БА ХОЙД СОЛОНГОСЫН ХАРИЛЦААНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ?

Хойд Солонгосын пуужингийн болон цөмийн туршилтын улмаас угаас хурцадмал байсан хоёр улсын харилцаанд Отто Уормбирийн үхэл даарин дээр давс нэмсэн хэрэг болсон.

Пхеньян Дональд Трампыг “сэтгэцийн өвчтэй” хэмээн тодорхойлж, Трамп “Хууль журам, хамгийн энгийн хүн байх ёсонг дээдэлдэггүй ийм харгис хэрцгий дэглэмд гэм зэмгүй ард иргэдээ золиос болгохоос хамгаална” гэж мэдэгдээд байна.

Отто Уормбирийн үхэл Хойд Солонгосын талаарх америкчуудын үзэл бодол, олон нийтийн санаа бодолд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн нь олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас харагджээ.

Одоо Хойд Солонгост АНУ-ын гурав, Хойд Солонгосын зургаан иргэн хоригдож байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж