Т.Булган: Агаар, орчны бохирдол бол бүх нийтийн асуудал

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Т.Булган: Агаар, орчны бохирдол бол бүх нийтийн асуудал

Уул уурхайн “Рио Тинто” компани 2012 оны Лондонгийн зуны олимп, паралимпийн наадмын аваргуудад гардуулах медалийг урлан бүтээх үнэт металлын албан ёсны нийлүүлэгчээр ажиллаж байгаа юм.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булганаас орчны бохирдол хийгээд, энэ чиглэлд тус яамнаас баримталж буй бодлогын талаар тодрууллаа.

-Орчны бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйлүүд юу байна вэ?

-Агаар, ус, хөрсний бохирдол манай улсын хувьд нэлээд тулгамдсан асуудал болоод байна. Бараг л хүмүүсийн хамгийн сайн мэдэж, ярьдаг зүйлийн нэг болоод байна шүү дээ. Харин үүнийг үүсгэж буй гол зүйл нь нүүрс, уснаас шалтгаалж байна. Үүнд гэр хорооллоос гарч буй нүүрсний утаа, тоос тортог байна. Хөдөлгөөнд оролцож буй автомашины яндангаас гарч буй болон цахилгаан станцуудын утаа, элэгдэл гэмтэлд орсон хөрс агаарын бохирдлыг үүсгэдэг. Эдгээрээс гадна ил задгай хаясан хогнууд нь орчныг бохирдуулах жишээтэй. Усны бохирдлын гол эх үүсвэр нь усанд шууд нийлүүлж буй хаягдал ус  буюу бохир ус юм. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хэтэрсэн, технологийн доголдолтой учир бохир усаа сайн цэвэрлэхгүйгээр Туул голд нийлүүлж байгаа. Төв цэвэрлэх байгууламжид усаа нийлүүлж буй ноос ноолуур, арьс, шир, мах боловсруулах бусад үйлдвэртэй холбоотой л доо. Эдгээр үйлдвэр нь мэдээж органик бохирдуулах бодисыг ялгаруулдаг. Тиймээс төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хэтрүүлэх хүндрэлийг үүсгэж байгаа юм. Тэгээд гэр хорооллын нүхэн жорлон байна. Энэ нь хөрс, усны бохирдлын эх үүсвэр болж байгаа юм. Мөн хог хаягдлыг зориулалтын байгууламжид устгахгүй байгаа нь хөрсний бохирдлыг үүсгэдэг. Эргээд агаарын бохирдол маань жингээрээ газарт бууж байна гэдэг нь хөрсний бохирдлыг мөн үүсгэнэ. Агаар, ус, хөрс гэсэн байгаль орчны бүрэлдэхүүн нь цогц нийлмэл хэсэг учраас эдгээрийн бохирдлыг бууруулах асуудлыг яалт ч үгүй цогцоор нь авч үзэх хэрэгтэй болж байгаа юм.

-Дээрх шалтгаануудаас үүдэлтэй эдгээр бохирдлыг бууруулахын тулд яамнаас бодлого баримталж байна вэ?

-Үндэсний Аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газар энэ оны гуравдугаар сард “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх арга төлөвлөгөөг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд батлан гаргасан. 2025 онд гэхэд агаар, орчны бохирдлыг бий болгож байгаа эх үүсвэр рүү хандсан ажлуудаа хийх нь энэхүү хөтөлбөрийн зорилго юм. Жишээлбэл, яндангийн  тоо, стандартын шаардлага хангахгүй байгаа ариун цэврийн байгууламжийн тоог бууруулах үндсэн шаардлага тулгарч байгаа юм. Тэр хүрээндээ бид байгальд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан инжинерийн бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж , тэр хэрээрээ бохирдлын бүсүүдийнхээ тоог бууруулна. Ингэснээрээ 2025 он гэхэд уг бохирдлыг 80-аас доошгүй хувь бууруулна гэсэн зорилт тавьсан. Орчны бохирдлын асуудал нь зөвхөн байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засагтай холбогддог. Ядуурал, хөрөнгө оруулалт дутмаг байна гэдэг нь инжинерийн дэд бүтцийн байгууламжийн чанаргүйг илтгэж байгаа юм.

-Хөдөө орон нутагт энэ чиглэлийн ажлууд хийж, мөн төвлөрлийг сааруулна гээд байгаа шүү дээ.

-Хот маань өөрөө төлөвлөлтийн дагуу хөгжиж байдаг зарчимд нийцэж хөгжих шаардлагатай болж байгаа юм. Мэдээж төлөвлрөлийг сааруулна гэхээр хөдөө орон нутагт ажлын байр бий болгох шаардлагатай болно. Ингээд тойрсон багц асуудлууд болж байгаа. Ер нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 8.9 орчим их наяд төгрөг зарцуулагдахаар болсон. Эдгээрийн ихэнх нь инжинерийн дэд бүтцийн асуудалд зарцуулагдах юм. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах. Ингэхдээ зөвхөн олон давхар орон сууц барих гэхээсээ илүү өөрсдөө амины орон сууц барьж амьдрах сонирхолтой иргэдэд зорилусан 200-300 орчим айл өрхийн дунд хэсэгчилсэн байдлаар халаалт, цэвэр усны хангамж, бохир усны ариутгалын байгууламжийн шийдлийг шийдэх дэд бичил төвүүдийг байгуулах юм. Энэ хүрээнд БНХАУ-аас хоёр тэрбум юаны тусламж ирсэн. Мөн орчны бохирдлыг бууруулахад чиглэж өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн айл өрхийн ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчийг тэглэсэн байгаа шүү дээ. Уг ажил эхэлснээс хойш 110 гаруй хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдсан байна. Тэр урамшуулалд харин 2.5 тэрбум төгрөг манай сайдын багцаас зарцуулагдсан. Агаар, орчны бохирдлын асуудал утаа бий болохоор гардаг асуудал биш. Манай яамны зүгээс болон холбогдох яамдууд энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Эрчим хүчний яам гэр хорооллын 70 гаруй халаалтын зуух буулгаж, хэрэглэгчдийг төлөвлөсөн халаалтад холбосон. БОАЖЯ-наас байгальд ээлтэй цахилгаанаар халаах боломжтой дуулаалгаа сайжруулж, эрчим хүч хэмнэх төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөж, хөнгөлөх асуудлыг боловсруулсан. Мөн Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа гэр хорооллын ариун цэврийг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах хэрэгслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Чингэлтэй дүүргийн 12, 13, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нийт 1500 өрхөд жишиг байдлаар байгальд халгүй эко ариун цэврийн байгууламжийг суурилуулж өгнө. Үүний 30 орчим хувь нь зорилтот бүлгийн буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд хамрагдана. Гэр хорооллын нүхэн жорлонгийн стандарт гэж бий. Жишиг төсөл хэрэгжүүлэхээр тэр стандартыг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно.

-Энэ чиглэлд иргэдийг мэдээлэлжүүлэх ажлууд санаачилж байгаа юу?

-Ирэх наймдугаар сард эхэлнэ. Улаанбаатар хотод гурван байршил буюу урд чигт “Дүнжингарав”,  хойт чиглэл буюу долоон буудалд  “Оргил” худалдааны төв, баруунд зүгт “Драгон” төв дээр байгальд ээлтэй эко, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлах мэдээлэл сурталчилгааны төвүүд ажиллана. Тэгэхээр иргэд маань хамгийн ойр байгаа байршилдаа очоод тэр чиглэлийн бүтээгдэхүүн, төхөөрөмжийг үйлдвэрлэдэг хүмүүсээс нь мэдээлэл аваад байгаль ээлтэй бүтээгдэхүүнээ худалдан авч, хэрэглэх боломжтой байгаа. Мөн иргэдэд лизингээр бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломж олгох үүднээс ногоон зээлийн санг судлаад, удахгүй Сангийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Утааны улирал буюу ирэх аравдугаар сард мэдээллийн төвүүдээрээ дамжуулж зээлээ өгнө. Эдгээр ажлуудад олон улсын байгууллагын дэмжлэг маш чухал. Тиймээс бид дэмжлэг авах асуудлаа судлаад, тасралтгүй хийгээд явж байна.

-Орчны бохирдлыг бууруулахад хувь хүнээс шалтгаалах ямар хүчин зүйлс байгаа гэж та харж байна вэ?

-Манай үндэстэн үндсэн хуулийг жишиж, түүндээ тулгуурлан ярих дуртай хүмүүс шүү дээ. Мэдээж ард түмний эрүүл аюугүй орчинд амьдрах орчин, нөхцлийг төрийн зүгээс бүрдүүлэх үүрэгтэй. Харин байгаль орчноо хамгаалах нь иргэн хүний журамт үүрэг болж байгаа юм. Иргэн хүнээс маш их хамаарах зүйл. Стандарт гаргана тэр нь бас л зайлшгүй дагаж мөрдөх ёстой тогтоомж. Тэгэхээр бэлэн стандартыг гаргаж өгөхөөр хүмүүс хэрэгжүүлнэ. “Энд аюултай хог шатааж болохгүй” үүнд би өөрөө хордоод зогсохгүй эргэн тойрныхныгоо хордоож байна гэдгээ мэдэх, хүмүүс ч бие биедаа шаардлага тавьж, хамтдаа орчны бохирдлыг багасгах хэрэгтэй. Тэртээ тэргүй бид нэг тэнгэр дор, нэг хотод амьдарч, нэг агаараар амьсгалж байна шүү дээ.

-Ногоон эдийн засгийн концевцийг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах тухай та нэг хэлэлцүүлэг дээр ярьж байсан. Энэ тухай мэдээлэл  өгөхгүй юу. Мэдээж энэ нь бохирдлыг бууруулах ажлыг алсын хараатай эхлүүлж буй хэрэг гэж бодож байна?

-Ногоон эдийн засаг гэдэг нь байгальд ээлтэй үйл, ажиллагаа явуулах хаягдал бага гаргах, эдийн засаг өсөлтөд иргэн хүн өөрөө оролцогч байх, зүгээр нэг хувь хүртээд сууж байх биш, тэд өөрсдөө идэвхитэй хөдөлмөр эрхэлж, байгальд нөхөн сэргээх, бүтээн босголтод гар бие оролцох гэсэн бүтцийн системтэй. Үүний хүрээнд дэлхий дахинд цаашлаад хаягдалгүй эдийн засаг гэсэн ойлголт болж байгаа юм. Энэ нь хэн нэгэнд хэрэггүй болсон хаягдал өөр нэгэнд шаардлагатай түүхий эд болох гэх мэт бие биенээ дэрлэж, түшиглэж ажиллаж хаягдал бага гаргана гэсэн ойлголт юм. Тэгээд хувь хүн өөрөө ч гэсэн аливаа зүйлийг хог хаягдал багатай, хэмнэлттэй ашигласнаараа ямар нэг зүйлийг хэмнэж сурна. Манай улсын хувьд байгалийн баялагтаа түшиглэсэн байдаг. Тэгвэл тухайн үйл ажиллагаа эрхэлж буй хүн тийм хэмнэлттэй байснаар өөрийнх нь аж ахуй эрхлэлтэд ач холбогдолтой болох юм. Иймэрхүү ерөнхий зарчмуудыг зөвхөн олон нийтэд таниулаад өнгөрөх биш боловсролын системээр дамжуулж ирээдүй хойч болсон залууст түгээх нь чухал ач холбогдолтой байгаа юм. Залуус маань нөөц баялагыг зөв зохистой ашиглах, хог хаягдлыг хэрэглэж ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурвал манай эх оронд мөн ч хэрэгтэй үйл болно биз дээ. Тиймээс л энэ конвенцийг сургалтын хөтөлбөрт оруулъя гээд байгаа юм.

Г.БАЛЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж