Дахин хот төлөвлөхөөс нааш нар үзэхгүй нь, тэд

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Дахин хот төлөвлөхөөс нааш нар үзэхгүй нь, тэд

Оршин суугчдын цонхоор тусах нарыг,
нар харах эрхтэй нь цуг халхалсан “G.M.V” нэртэй 13 давхар зочид буудлын
барилга дээр бид өчигдөр очлоо. Засгийн газрын ордонтой адилхан цагаан
шарга өнгөтэй юм. Ялгаа нь гэвэл хаалга нь битүү, иргэд бухимдлаа гаргаж
ихэнх цонхыг нь хагалжээ. “Компрессор түрээслэнэ” хэмээх бичигтэй
хуулгыг цонх хаалгаар нь эрээлэн наасан “Ланд круйзер-80” зочид буудлын
баруун талд зогсч, ямар нэг зүйлийг буталж байх шиг сонсогдоно. Зогссон
гэх барилгын ажил ийнхүү үргэлжилж байгааг мэдэв. Хан-Уул дүүргийн
нэгдүгээр хороо буюу олны хэлдгээр 19-р хорооллоос АПУ  хүрэх замд
байрлах уг зочид буудлыг эзэд нь хэл ам татлуулсаар бариад бараг дуусч
байна. Анх төлөвлөхдөө тус дүүргийн нэгдүгээр хорооны 14, 15 дугаар
байрны дунд ташуу байрлалтайгаар, айлуудын цонхоор ямар ч саадгүй нар
тусч байхаар зураг төслийг нь гаргасан гэсэн. Мөн орон сууцуудаас даруй
22 метрийн зайд сүндэрлэх байсан аж. Гэтэл бодит байдал дээрээ зочид
буудлын барилга, орон сууц хоороонд  таван метр хүрэх үү, үгүй юу зай л
байна.

Яг  хоёр  жилийн өмнө Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж нийслэлийн Засаг дарга
болон газрын албаныхантай уулзах үеэрээ “Та нар мэднэ дээ. Нар харах эрх
гэж бий. Үндсэн хуульд үгчилж бичигдээгүй ч энэ эрхийг хүмүүс эдлэх
ёстой” хэмээн хэлж байсныг санаж байна. Гэтэл цонхыг нь хааж баригдаад
удсаныг илтгэж  энэ орон сууцны цонх шороонд дарагдаж, хана нь сүүдэртэн
харагдана. Сүүдэртэж, харанхуйлсан уг булангаар эрчүүд яаж зүгээр
өнгөрөх вэ дээ, 00-ын өрөөний зориулалтаар ашигладаг нь тодорхой.

ХӨШГӨӨ НЭЭСЭН Ч, ХААСАН Ч ЯЛГААГҮЙ

Биднийг зарим оршин суугчийн гэрт зураг авахаар ороход айлууд өдрийн
цагаар гэрлээ асааж хөшгөө хаасан байв. Тэдний хэлж буйгаар цантаж,
мөстсөн цонхоор юу ч харагдахгүй, хайрахаас цаашгүй байгаа гэсэн.
Угаасаа ч хөшгөө хаасан, нээсэн ялгаагүй гэж тэд бухимдаж байна.  Нарны
гэрэл тусахаа больсноос хойш өвөлдөө айлуудын цонх тас хөлдөж онгойлгох
ямар ч бололцоогүй болжээ. Дээр нь битүү мөстөж, цантсан цонхоор юу ч
харагдахгүй байсан нь биднийг зураг авахад хүндрэл учруулж байв. Нэг
давхарт амьдардаг нэг айлаар ороход тэднийх нэлээд харанхуй байв. Учир
нь гэрлээ унтраажээ. Оршин суугчдын хэлж буйгаар цонхыг нь хааж барилга
барьснаас хойш том өрөө нь өвөлдөө халахаа байсан аж. Тиймээс бүгдээрээ
жижиг өрөөндөө бүгэхээс аргагүй болсон байна. Таван давхарт амьдардаг
айлаар ороход бусдаасаа арай гэгээтэй боловч хана тааз нь чийгтэж, хүйт
даадаг болсон гэнэ. Үнэхээр цантсан цонхных нь орчмын хананы будаг нь
халцарч, халтартжээ. Оршин суугчдын хэлж буйгаар бага зайд өндөр барилга
барих нь ойр орчмынхоо барилгад аюултай аж. Үүнээс болж 14 дүгээр
байрны подвальд цууралт өгсөн гэнэ.

ЭНЭ ХАВИЙГ ДАХИН ТӨЛӨВЛӨНӨ, ТАЙВШИРЦГАА…

Одоогийн замбараагүй хот төлөв­лөлт хэдэн жилийн дараа нийс­лэлчүүдийг
дахин хот төлөвлөх нүсэр ажилд дарах нь тодорхой болжээ. Нар харах
эрхийг боомилсон иймэрхүү бүтээн байгуулалт нэг бус байдаг юм билээ.
2006 оны зун уг зочид буудлын барилгын ажил эхэлсэн байна. Үүний өмнө
2004 оны аравдугаар са­рын 6-нд тухайн үеийн хотын мэр байсан
М.Энхболдын гарын үсэгтэй 455 тоот тушаал гарч, 120 мянгатын 14, 15
ду­гаар байруудын дунд барилга барих газ­рын зөвшөөрлийг олго­сон байна.
Мэ­дээж зөвшөөрөл авах­даа иргэдийн цон­хыг хаахгүй, харан­хуйлахгүй
гэж “панаалдсан” нь то­дор­хой. Улмаар “Адоре пропертиз” компа­нийн
нэрээр “G.M.V” нэртэй 13 дав­хар зочид буудал бари­хаар болсон бай­на.
Барилгын гүй­цэтгэлийг “Инкон” хэмээх Оросын хө­рөн­гө оруулалттай
ком­пани хийхээр болж, хятад ажилчид тоос­го өрж, шавар зуур­саар өдийг
хүргэжээ. Анх суурийг нь цутгаж байх үеэс л иргэдийн эсэр­гүүцэлтэй
тулгарч, шүүх, прокурорын байгууллагаар шат дараалан явсан ч нэг мөр
шийдэгдээгүй аж. Манай­хан аливаа зүйлийг улиглах дургүй болохоор аливаа
асуудлыг тэгсхий­гээд хойш тавьдаг зантай. Тиймээс 14, 15 дугаар байрны
иргэд өнөөг хүртэл хохирсоор байна. 14 дүгээр байр­ны оршин суугчидтай
уулзахаас өмнө харъяа СӨХ-оор нь орлоо. СӨХ-ны ажилчид, “Анхан шатны
шүү­хээс манайх ялсан” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Түүнээс гадна СӨХ-ны
ажилчид зэргэлдээх 16, 17 дугаар байрны хажууд бас нэгэн тал­байг
мөнгөтэй хэн нэгэнд алдчих гээд маргаан үүсээд байгаа талаар ярив. 
Ингэхээр 14, 15, 16, 17 дугаар байр­ны иргэд ээлж дараагаараа хот
төлөв­лөлтийн зовлонд нэрвэгдэж байгаа гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар 14, 15 дугаар байрны оршин суугчид энэ асуудлын дагуу
нийслэлийн Засаг даргад арав, нийслэлийн Газрын албанд ес, нийслэлийн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 20 удаа хүсэлт тавьсан байна. Одоогоор
нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд асуудал нь очиж шүүхийн
шийдвэрийг албадан гүйцэтгэж байгаа гэхээс цаашгүй болжээ. Оршин суугчид
олонтаа заргалдаж явахад, “Энэ барилгыг удахгүй буулгаж дахин барина,
ашиглалтын хугацаа нь бараг дуусч байгаа” гэж хэлсэн байна. Гэтэл
манайхан хуучирсан барилгуудаа дахин төлөвлөхдөө хойргошиж, орон
сууцжуулж байна гэх үндэслэлээр дээр нь хямд зардлаар мансард хийж
зардаг шүү дээ. Тэгэхээр эдгээр оршин суугчид өөрийнх нь барилгыг дахин
төлөвлөж барих хүртэл цан цохиж, харанхуйлсан орчинд амьдарсаар байх нь.
Хэдэн жил хүлээх бол.

Т.Есөн-Эрдэнэ

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж