Хөршүүд хөгжиж, бид хоцорсоор

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Хөршүүд хөгжиж, бид хоцорсоор

Хөршүүд хөгжиж, бид хоцорсоор

-Үндэслэлгүй мэдээлэл, тооцоо судалгаагүй цуу ярианд автаж, бодит боломжийг ашиглахгүй алдсаар байгаагаа бид хэзээ ухаарах вэ-

Айл хөршийнхөн маань аль хэдийнээ хөгжлийн хувьд хурдны галт тэрэг адил гялалзаж, харин бид байрандаа дэвхцсээр уджээ. Чөдөртэй морь лугаа барааны газраас холдож чадахгүй байгаагийн шалтгааныг гаднаас бус дотроосоо хайх гээд үзье.

Цөөхөн хэдүүлхнээ хэрнээ үргэлжийн хэрүүл, хараалтай, хэтэрхий мэдэмхий жараахай олонтой (гурван саяулаа мэдэмхий) нь манай улсын хөгжлийн анхны тушаа. Төр барих нь бүү хэл өрх  толгойлж үзээгүй “Нялх Сэнгүм”-үүд хүртэл төрийн хэрэгт хошуу дүрж, сошиал ертөнц гэх эзэн биегүй албинг амилуулах болжээ. Нүдэнд харагдаж, гарт баригддаггүй олон нийтийн сүлжээний сүүдрээс төр, засгийнхан нь ч үнхэлцгээ хагартал айж, гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан тохиолдол цөөнгүй. Тэглээ гээд бид хожсоноосоо хожигдсон нь илүү.  Хүн бүрт таарсан, таалагдсан шийдвэр гаргадаг сонгодог төр дэлхийн аль ч улсад алга. Олонхын эрх ашигт нийцэж гэмээнэ цөөнхийн эрх хөндөгдөхийг үгүйсгэдэггүй. Гэтэл монгол хүмүүс болохоор ганцхан өөрийн эрх ашгийн төлөө  бусдыг үл тоох нь гачлантай. Дор бүрнээ урдах амьдралаа өөд татахын төлөө сэтгэл гаргаж, зүтгэж гэмээнэ улс хөгжихөөс хагаралдаж, хэмлэлдсэнээрээ урагшилсан түүх үгүй. Нэгэн судлаач өдгөө цагийн өнгийг XIV зууны Бага хаадын үетэй зүйрлэсэн нь бий.

Байсгээд л төр засаг нь солигдож холигддог тогтворгүй, ойлгомжгүй төр чөдрийн гурван тушааны нэг. Ялангуяа гадны түншүүд, харилцагч, хамтрагч нар энэхүү тогтворгүй төр засгийн балгаар үргэлж дайжаад одсон. 2011 онд 4,99 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт 2014 оноос хойш эрчимтэй уруудсан. Өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг, мал сүрэг арвинтай Монгол Улсын хувьд хөрөнгө оруулахад ашиг, алдагдлын аль аль нь бий. Гэвч хөрөнгө оруулагчид алсын ашгийн төлөө ойрын алдагдлыг хүлээж сурсан байдаг. Гагцхүү эхлүүлсэн ажлаа дуусгаж амжаагүй, ашиг тусыг хүртэж эхлээгүй байтал төрийн бодлого шийдвэр, хууль дүрэм нь гэнэт өөрчлөгддөг тогтворгүй төр хамгийн ихээр түгшүүр төрүүлдэгийг олонтаа сануулсан. Тогтворгүй төрийн балаг салбар бүрт сүүдэрлэсэн  ч хамгийн ихээр татарсан нь хөрөнгө оруулалт билээ.

 Урд хоёр хөл нь дээрх хоёрт тушуулчихаад байгаа адууны гурав дахь хөлийг чөдөрлөгч нь хий хоосон хардлага. Үндэслэлгүй мэдээлэл, тооцоо судалгаагүй цуу ярианд автаж, бодит боломжийг ашиглахгүй алдсаар байгаагаа бид хэзээ ухаарах вэ. Бидний санаагаар бол энэ дэлхийн бүхий л улс орон Монголыг ашиглахыг хүсдэг, баялгийг нь цөлмөөд болж өгвөл газар нутгийг маань булаах гэж байгаа. Тэр дундаа хойд, урд хоёр хөрш хамгийн аюултай нь. Тэднийг Монголыг залгих гээд ангайсан мангас лугаа төсөөлсөөр, болгоомжилсоор удаж байна. Хэдий үед амьдарч байгаагаа сэхээрэх сөхөөгүй элийрч, хардсаар хөгжиж чадахгүй өнөөг хүрсэн нь тун чиг харамсалтай. Бодит мэдээллээс ангид хоосон хардлага дотоодын хагарлын шалтгаан болсоор.

Энэ мэт алдаа мадгаа засахгүй бол чөмгөө дундартал мэрийсэнч чөдөртэй хэвээр байна. Үүнийг эгэл иргэдээс эхлээд төрийн өндөр дээд төвшиндөө хүртэл ойлгож, сайтар судалж, зөв бодлого явуулж, хөршүүдээ гүйцэж түрүүлэхээ байг гэхэд  хөл нийлэн хөгжихсөн дөө.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж