Хавдрын алсын зайн оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Хавдрын алсын зайн оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

Хавдрын алсын зайн оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

Хавдар Судлалын Үндэсний Төв болон “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК хамтран тус компанийн МУ-ын бүх аймгийн төвүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан алсын зайнаас хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлэх цогц системийг нэвтрүүлэх “МОМЕNТ” төслийг эхлүүлж, Хавдар судлалын Үндэсний төвд өнөөдөр /2017.06.23/  15.00 цагаас уг төслийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Төслийн нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Хавдар судлалын үндэсний төвийн  Ерөнхий захирал Ж.Чинбүрэн, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Золбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож байгаа бөгөөд мөн жилд 3000 орчим хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын тохиолдлуудын 75% нь бүрэн эмчлэхэд хүндрэлтэй буюу хавдрын эцсийн шат болох гурав, дөрөвдүгээр үедээ орсон хойноо эмнэлэгт хандаж байгаа нь эрт үеийн илрүүлэлт, оношилгоо хичнээн чухал байгааг харуулж байгаа юм.

2016 оны байдлаар улсын хэмжээнд 16548 хүн хорт хавдрын улмаас хяналтанд байгаагийн 9013 /54,5%/ нь хөдөө орон нутагт, 7535 /45,5%/ нь Улаанбаатар хотын 9 дүүрэгт харъяалагдаж байна.

Өнөөгийн байдлаар аймаг, орон нутгийн эмнэлэгүүдэд хавдрын анхан шатны  оношилгоо хийгддэг тул Улаанбаатар хотод ирж бүрэн шинжилгээнд хамрагдаж, өвчний оношилгоог баталгаажуулахад  дунджаар нэг сарын хугацаа зарцуулдаг байна. Хавдрын өвчнийг оношлоход 6-8 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар оролцдог бөгөөд аймаг орон нутагт мэргэшсэн эмч нар дутагдалтай байдгаас цаг хугацаа алдах, өвчин гүнзгийрэхэд ихээхэн нөлөөлдөг байна.

Түүнчлэн оношлуулсныхаа дараа ч жилд 3-6 удаа Улаанбаатарт ирж, тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдан давтан эмчилгээнд ордог нь тухайн өвчтөний сэтгэл санаа, цаг хугацаа, санхүүгийн хувьд ихээхэн хүндрэл учруулахаас гадна Хавдар судлалын үндэсний төвийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг байна.

Хэдийгээр манай улсад “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр 2008-2013”, “Хорт хавдраас сэргийлэх, хянах үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө 2011-2021”, “Хорт хавдрын эсрэг үндэсний аян”, “Элэг бүтэн Монгол” зэрэг  хорт хавдрын эсрэг томоохон төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд хэрэгжиж, тодорхой ахиц, үр дүнгүүд гарч байгаа ч дээрх байдал тулгамдсан асуудал хэвээр байсаар байна.

Дээрх нөхцөл байдлыг өөрчлөх, хорт хавдрын өвчлөлийн эсрэг авч хэрэгжүүлэх дараагийн шатны арга хэмжээ нь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн түвшинд анхан шатнаас шилжүүлсэн, хорт хавдрын сэжигтэй үйлчлүүлэгчийн оношийг тодруулах, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх  ажлыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгаа юм.

Энэхүү шинэ түвшинд орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан олон улсад нэвтэрсэн, манай улсад ч олон жил яригдаж байгаа алсын зайны эмчилгээ оношилгооны  арга зүйг бий болгох замаар хүрч болох бөгөөд аймаг, сумдыг холбосон шилэн кабелийн сүлжээний дэд бүтэц манайд хэдийнээ бэлэн байгаа билээ.

Тиймээс Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран Монгол Улсын бүх аймгийн төвүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээрээ дамжуулан алсын зайнаас хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлэх цогц системийг нэвтрүүлэх “МОМЕNТ” төслийг хэрэгжүүлж эхэллээ.  

Энэ төслийн эхний шатанд 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулж, шаардагдах төгсгөлийн төхөөрөмжүүдийг суурилуулан Хавдар судлалын үндэсний төвтэй холбож, алсын зайны оношилгоо, эмчилгээний дэд бүтцийг бүрэн хэмжээнд бий болгож байгаа юм.

Ингэснээр хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээнд томоохон дэвшил гарч, цаг хугацаа, зардал хэмнэсэн, түргэн шуурхай эмнэлэгийн тусламж үйлчилгээний олон боломж, давуу талуудыг бий болгоно.  

Орон нутаг болон алслагдсан дүүргүүдийн өвчтний оношийг эцэслэн баталгаажуулахаар шинжилгээний хариуг биет хэлбэрээр Улаанбаатар хот руу хүргүүлдэг байсан бол төслийн үр дүнд шинжилгээний хариу, рентген зураг, дурангийн болон эхо оношилгооны видео бичлэг, компьютер томографийн зураг зэрэг их багтаамжтай зураг, дүрсэн мэдээллийг өндөр нягтралтайгаар хугацааны хоцрогдолгүйгээр дамжуулах боломж бүрдэж байгаа болно. Хөдөө, орон нутгийн иргэд тухайн аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг дээрээ үзлэг, оношилгоонд орох үед ХСҮТ-ийн эмнэл зүйн өндөр мэргэжлийн зөвлөх эмч нарын баг Улаанбаатар хотоос хот хоорондын өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ ашиглан алсын зайнаас шууд холбогдон, газар дээр нь оношилж, зөвлөгөө өгч үйлчилснээр хөдөө, орон нутгийн иргэд хорт хавдрын эрт үеийн оношилгоо, нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэх боломжтой болж, олон арван иргэдийн маань амь нас аврагдах, зардал мөнгөө хэмнэх ач тустай байх болно.

Оношилгоо, эмнэлэгийн тусламж үйлчилгээг ийнхүү хамтран гүйцэтгэх боломжтой болсноор аймаг, орон нутгийн эмч нарыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр газар дээр нь, тухайн үед нь хангаж, байнгын тасралтгүй суралцах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, туршлагажих бололцоо нөхцөл бүрдэж, эмч нарын ур чадвар дээшлэхэд чухал алхам болно.

Үүнээс гадна аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд хавдрын оноштой өвчтөнүүдийн оношилгооны талаарх эмч нарын зөвлөгөөн зохион байгуулагддаг хугацааг эрс багасгаж, 14 хоног тутам алсын зайнаас аймаг, орон нутгийн эмч нар Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн зөвлөх багтай хамтран видео хурлал зохион байгуулж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг ч бий болгож байгаа юм.

Төслийг хамтран хэрэгжүүлж буй Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Монголын цахилгаан холбоо ХК зэрэг харилцаа холбооны салбарын томоохон аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын 21 аймаг, 285 сум сууринг хамарсан 17’541 км урт бүхий аймаг, хот хоорондын шилэн кабелийн өндөр хурдны сүлжээгээр мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг төрийн өмчит компани юм.

Цаашид тус компанийн шилэн кабелийн сүлжээг ашиглан сумдын хэмжээнд уг төслийг хэрэгжүүлэхээс гадна, бусад төрлийн эрүүл мэндийн оношилгоо, үйлчилгээг алсын зайнаас үзүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК, Хавдар судлалын үндэсний төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж