Ширээний теннисний аймгийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний аймгийн аваргууд тодорлоо

Баянхонгор аймгийн Ширээний теннисний  аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээний аваргыг монголын хүүхдийн IV их наадам, биеийн тамирын багш нар, өсвөр үе, ахмад гэсэн төрлөөр шалгаруулжээ.

Тус тэмцээнд өсвөрийн 80 гаруй, биеийн тамирын 10 гаруй багш болон ахмад 20 гаруй тамирчин оролцон нийт долоон төрөлд авхаалж самбаа, хурд хүч, арга техникээ сорин өрсөлдсөн юм. Өсвөр үеийн 14-өөс доош насны нэг бүрчилсэн төрөлд Эрдэнэцогт сумын Б.Гантогтох, эмэгтэйчүүдээс Бууцагаан сумын н.Энхжаргал,  15 – 17 насанд эрэгтэйчүүдээс Р.Маргад, эмэгтэйчүүдээс БТСГ-ын Б.Сийлэгмаа нар тэргүүн байрт шалгарчээ.

Байгууллагын дүнгээр Б.Эрдэнэсувд дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын газрын баг тамирчид эхний байрыг эзэлсэн бол ахмад үеийн тэмцээнд нэг бүрчилсэн тоглолтод н.Норовсамбуу, спортын мастер Б.Наранчимэг нар тэргүүлсэн байна. Харин тэмцээний холимог хосын төрөлд БТСГ-ын Д.Энхбаатар, Б.Баярмаа нарын баг, биеийн тамирын багш нарын төрөлд Баянцагаан сумын н.Норовсамбуу шалгарчээ.

Байгууллагын дүнгээр Б.Эрдэнэсувд дасгалжуулагчтай БТСГ, спортын мастер Б.Наранчимэг дасгалжуулагчтай “Өнөөгийн Баянхонгор” сонин, П.Чимэддаваа дасгалжуулагчтай “Тэнүүн хонгор” эхний байруудад шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорлоо.

Сонирхуулахад, тус аймагт ширээний теннис 1970 -1980 оны дунд үед амжилттай, эрч далайцтай хөгжиж байсан ч 1990-2000 оны хооронд ширээний теннисний спорт “мартагдахад” хүрээд байсан юм. Харин 2000 онд спортын мастер, “Дорнын гэгээ” ХХК-ний захирал Б.Наранчимэгийн идэвх санаачилгаар “Хонгор нутаг” ширээний теннисний клубыг байгуулж, спортын мастер Д.Энхбаатар дасгалжуулагчийг Улаанбаатар хотоос урилгаар авчирч, орон сууц болон бусад хангамжийнх нь асуудлыг аймаг орон нутгаас шийдвэрлэж ажиллуулснаар өдгөө ширээний теннисний спорт аймаг орон нутагт эрчимтэй хөгжиж байна.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж