Ченжүүд “Приус”-ыг нэмсэн үнээрээ зарж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Ченжүүд “Приус”-ыг нэмсэн үнээрээ зарж байна

Монголын урлагийн ертөнцийн залуу халааг “Universe Best Songs”, “To be or not be”, “TV miss” зэрэг реалити шоугаараа харамгүй бэлддэг UBS телевиз залуу боловсон хүчнээрээ онцгойрдог.

Манай улсад хамгийн их эрэлттэй байдаг “Приус” маркийн автомашины татварыг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс нэмсэн. “Иргэдэд мэдэгдэлгүй огцом шийдвэр гаргалаа, хямд үнээр худалдаж авсан машиндаа илүү татвар нэмснээр автомашин импортлогчид алдагдалд орж байна” гэх гомдлын дагуу Засгийн газрын 164, 165 дугаар тогтоолоор тавдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн цахилгаан хөдөлгүүрт, шингэрүүлсэн хийн, хос тэжээлт автомашинуудын Онцгой албан татварыг буцаан олгохоор болсон.

Энэ хугацаанд /Тавдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 9/ оруулж ирсэн дээрх төрлийн автомашинуудын онцгой албан татварыг буцаан олгож байгаа учраас үнэ нэмэх ямар нэг үндэслэл болохгүй гэсэн үг.

Энэ талаар сурвалжлахаар автомашины “Да Хүрээ” захыг зорилоо.

Бид эхлээд тус захын Маркетингийн ажилтнаас машины үнэ нэмэгдсэн эсэхийг тодруулахад, “Үнэ нэмэгдсэн зүйл огт байхгүй. 100-200 мянган төгрөгөөр л нэмэгдсэн байх. Долдугаар сарын 1-нээс онцгой албан татвар төлөөд эхлэхээр нэмэгдэх байх” гэлээ. Харин өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс онцгой албан татвар авч байсныг мэдэхгүй гэсэн хариулт өглөө.

Цаашлаад бизнес эрхлэгчид буюу машины ченжүүдтэй уулзахад, Онцгой албан татвараа төлсөн хэдий ч татварын мөнгөө буцааж аваагүй байгаа учраас нэмэгдсэн үнээр нь зарж байгаагаа дийлэнх нь хэлж байлаа.

“Да Хүрээ” захад “Приус-20” маркийн автомашин он, оноосоо шалтгаалж 11-13 сая төгрөгийн үнэтэй. Харин “Приус-30” машин мөн он болон загвараасаа шалтгаалж 14-16.5 сая төгрөгийн үнэтэй байна.

Жишээ болгон 2010 оны гэх “Приус-20” маркийн автомашины татварыг бодож үзье. Зурагт харагдаж буйгаар гаальд 459 мянга, Онцгой албан татвар 2 сая 500 мянга, НӨТ 1 сая 215 мянган төгрөгийг татвард хураалгаж байна. Ингээд нийтдээ 4 сая 174 мянган төгрөгийг 2010 оны “Приус-20” маркийн автомашинд төлнө. Долдугаар сарын 1-ээс эхлэн Онцгой албан татварыг нэмэхэд өнөөдөр 11 сая төгрөгөөр зарагдаж буй Приус машинд энэ хэмжээний мөнгө нэмэгдэж, үнэ нь хаданд гарах нь.

Ямартай ч “Да Хүрээ” захад Приус машины үнэ огцом өссөн зүйл ажиглагдсангүй.

Ченжүүд ч мөн адил үүнийг үгүйсгэж байна. Харин тавдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 9-ний өдрийн хооронд орж ирсэн машинууд онцгой албан татварын мөнгөө нэмж зарж байна. Энэ хугацаанд оруулж ирсэн машины Онцгой албан татварыг Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-т хандан буцаан авах боломжтой.

ГЕГ-ын Гаалийн улсын байцаагч Д.Хандмаа

Энэ талаар ГЕГ-ын Гаалийн улсын байцаагч Д.Хандмаагаас тодруулахад “Онцгой албан татварын буцаалтын материалыг Гаалийн ерөнхий газарт бүрдүүлж, хүлээж авч байгаа. Тавдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 8-ыг хүртэл онцгой албан татвар төлж орж ирсэн гэсэн 668 машин байгаа. Үүнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 190 машины материалыг бүрдүүлээд Сангийн яамд хүргүүлсэн байна.Засгийн газрын 164, 165 дугаар журмын дуусах хугацаа нь 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд. Иймээс заавал өнөө маргаашгүй онцгой албан татварын мөнгөө буцааж авах гэж яарах шаардлага байхгүй. Бүрдүүлсэн материалыг ГЕГ ажлын 10 хоногт, Сангийн яам ажлын 45 хоногт багтааж шийдвэрлэнэ” гэлээ.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн хуулиар Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинууд нь онцгой албан татвартай болсон бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүний дараа Засгийн газрын зургадугаар сарын 09-ний өдрийн 164, 165 дугаар тогтоолоор “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журам”-ыг баталсан. Журамд 2017 оны тавдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд оруулж ирсэн дээрх машинуудын онцгой албан татварыг буцааж олгохоор заажээ.

Онцгой албан татвар буцаан авахдаа дараах материалыг бүрдүүлэн гег-т хүргүүлнэ

  1. Албан хүсэлт /дансны дугаар, банкны нэр, утасны дугаар/
  2. Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, ААН бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Автомашин импортоор оруулж ирсэн тухай гаалийн мэдүүлэг, түүний хуулбар
  4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
  5. Нотариатаар баталгаажуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ

 

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж