"Р.Нямдоржид орон зай байхгүй"

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

"Р.Нямдоржид орон зай байхгүй"

Төв банкнаас инфляцийн өсөлтийн талаарх задаргааг гаргажээ. Уг задаргааг харвал инфляцийн өсөлтөд хүнсний бараа, бүтээгдэхүүний өсөлт хамгийн ихээр нөлөөлсөн байх юм.

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатартай бөхийн хүрээнд өрнөөд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
 


-Бөхийн хүрээнийхэн, уншигчид Монголын үндэсний бөхийн холбоо гэж байгууллагыг яг хэн удирдаж байгаа, хэн нь үнэн ярьж байгааг ойлгоход бэрх боллоо. Өчигдөр гэхэд Р.Нямдорж нарын зүгээс МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2018 онд “Их Эе”-ийг хуралдуулахаар товложээ. Гэтэл таныг Цэцдийн зөвлөлийн дарга болсон гэх мэдээлэл бас байна. Энэ үнэн юм уу?

-Цэцдийн зөвлөл бол Үндэсний бөхийн холбооны голт зүрх нь. Тиймээс монгол бөхийн хөгжилд саад тотгор болж буй талцал, хагаралдааныг эцэс болгож, мэргэжлийн түвшинд ажиллана гэж бодож байгаа. Ийм боломж манай Цэцдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд буй гэдэгт итгэлтэй байгаа. Харамсалтай нь, шинээр сонгогдсон Удирдах бүрэлдэхүүний ажилд хуучин удирдлага саад хийж, алхам ч урагшлуулахгүй байна.

Ү.Хүрэлбаатар, Р.Нямдорж нар

-Үндэсний бөхийн холбооны Тэргүүн өнөөдөр яг хэн нь байгаа юм бэ?

-Лхагвын Чинбат. Нэг байгууллага нэг л тэргүүнтэй байдаг биз дээ. Р.Нямдоржийн бүрэн эрх  дуусгавар болсон.

-Гэхдээ Р.Нямдорж гуай ингэж үзэхгүй байгаагаа хэвлэлээр нэг бус удаа илэрхийлсэн шүү дээ. Тэдэнд өөр зүйл ярьдаг?

-Ажлаа өгөхгүй үхэн хатан зууралдаад байгаагийн цаана эд хөрөнгө, эрх ашгийн маш том сонирхол, сүлжээ, тогтолцоо бий болчихсон юм байна. Тэр хүн “Бөхийн өргөө”-нд хайртай гэхээсээ түүнээс олж буй орлогын хүлээсэнд баглагдсан, бөхөд хайртай гэхээсээ түүнийг халх дөрвөдөөр нь хагалган бутаргаж, талцуулж мөнхийн маргаан мэтгэлцээнийг дэвэргэх замаар цаг хожиж амь зуудаг өрөвдмөөр амьтан болж хувирсан байна. Түүнээс биш хууль эрх зүйн хувьд түүнд Тэргүүн гэх ямар ч орон зай байхгүй.

-Энэ талаар та илүү дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Энэ тухай мэдэгдэлд тодорхой дурдсан байгаа. Товчоор хэлбэл 2002 онд хуралдсан МҮБ-ийн IV Их Эеэр Р. Нямдоржийн Тэргүүний бүрэн эрх дуусгавар болсон. Түүнээс хойш маргаан үүсгэж, хууль бус хурал хуралдуулж цаг хожих байдлаар 15 жилийг завшсан хүн. Яг одоо энэ аргаа хэрэглэх гэж Цэцдийн зөвлөлийн хурал гэгчийн хуралдуулсан тул Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид, Цэцдийн зөвлөл хамтарсан мэдэгдэл гаргасан юм.  Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолоор хүчингүй болсон Цэцдийн зөвлөлийг сая хуралдуулсан нь хууль бус, түүнээс гарсан шийдвэрүүд нь хууль бус юм. Р. Нямдорж энэ хууль бус хурлын маргаанаар дахин 3 жил Тэргүүнээр суухыг санаархаж байна. Цаг хождог энэ арга үеэ өнгөрөөсөн. Одоо болоо юм биш үү. Монголын гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдсан Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе, түүнээс сонгогдсон шинэ удирдлага хүчинтэй тул бид ажлаа хийнэ. Харин ажилд саад учруулбал түүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй хатуу тэмцэх болно гэдгээ харин энд хэлчихье. Хуулийн өмнө бурхан хүртэл өвдөг сөхөрдөг гэдэг. Би хуулийг дээдэлдэг. Тиймээс хууль бус бусармаг үйлдэл бүхнийг сөрөн тэмцэх болно.


 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧИД,
ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛИЙН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад дөрөвхөн хоног үлдэж, Үндэсний их баяр наадам хаяанд ирчихээд байгаа энэ үед Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүний бүрэн эрх нь дуусгавар болсон Р.Нямдоржид хууль бус хурал зарлаж, бөхчүүдийг талцуулж, нийгмийн бухимдлыг дэвэрээж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Р. Нямдорж Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолоор хүчингүй болсон Цэцдийн зөвлөл гэгчийг хуралдуулахаар санаархаж байгаа нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, олон нийтийг хууль хэрэгжүүлэхгүй байхыг уриалсан уриалга болж байна. 2017.05.28-нд Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе хуралдаж МҮБХ-ны тэргүүнээр Л. Чинбатыг сонгосноор Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлаар Монголын Үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг хуралдуулахаар шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 тоот тогтоол хэрэгжсэн билээ. Тиймээс 2017.06.08-ны өдөр Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 686 дугаар тогтоол гарсан байна.

Уг тогтоолд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн 2014.06.24-ниы өдөр хуралдуулж Их Эеийг хуралдуулах ажлыг зохион байгуулах комиссыг сонгосон. Уг хурлаас сонгогдсон комисс нь Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлаар Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-ийг 2017.05.28-ны өдөр хуралдуулж Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгосон” хэмээн тэмдэглээд “Баянзүрх дүүргийн 159 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав нь Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол, 483 дугаар гүйцэтгэх хуудастай, бүртгэлийн 14260919 дугаартай гүйцэтгэх баримт бичигтэй, Монголын үндэсний бөхийн холбоонд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэж тогтоосон байна.

Монголын бөхчүүд, үзэгч түмнийг 15 жилийн турш талцуулсан маргаан хууль эрх зүйн хувьд ийнхүү бүрэн шийдвэрлэгдчихээд байхад МҮБХ-ны тэргүүн асан Р. Нямдорж ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзаж Монголын үндэсний бөхийн холбооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, шинэ удирдлагын ажилд саад учруулж байна. Р. Нямдоржид 2017.06.10-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж, 2017.06.13-нд МҮБХ-ны шинэ удирдлага биечлэн уулзсан боловч шүүхийн шат шатны шийдвэр, Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эеийн шийдвэрийг үл тоомсорлож, цаг хожиж асуудлыг замхруулдаг  улиг болсон аргаа хэрэглэн сандал ширээтэйгээ үхэн хатан зууралдсаар байна.

Монголын үндэсний бөхийн холбоог Р. Нямдорж 27 жилийн турш завсарлагагүй засаглахдаа 15 жилд нь хууль бус тэргүүн байсан нь Монгол Улсын гурван шатны шүүх хурлаар гурван удаа тогтоогдоод байхад бөх, бөх сонирхогчдыг талцуулж, монгол бахарлыг гундааж, үндэсний эв нэгдэлд ан цав суулгаж, хуулийг үл хүндэтгэх замаар эмх замбараагүй байдалд олон нийтийг турхирч байгаа нь анхаарал татаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төгсгөлийн онцгой цаг үе,  Үндэсний их баяр наадамтай давхцуулан хууль бус үйлдэлдээ бөхчүүдийг татан оролцуулж, нийгмийн бухимдлыг дэврээж байгаа Р. Нямдоржийн үйлдлийг Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага буруушааж байна. Р. Нямдоржийг хууль бус үйлдлээ таслан зогсоохгүй бол шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Р. Нямдоржийг ажлаа нэн даруй хүлээлгэн өгөхийг дахин шаардахын хамт бөхчүүдийг эв нэгдлээ эрхэмлэж, элдэв хууль бус явдалд оролцохгүй байхыг уриалж байна.

2017.06.22


Холбоотой мэдээлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж