Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 17.00 цагт зарлагдсан боловч хараахан эхлээгүй байна.

Эх орон, ард түмнийхээ амар тайван, аюулгүй амьдрал, шударга ёсны баталгаа болж, хууль ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэгч үе үеийн хуульчид, хууль зүйн салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын Хуульчдын өдрийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Хуульчид Та бүхэн эрх зүйт төрийг улам бүр төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, ард иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрхэм үйл хэрэгт өөрсдийн мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулж ирснийг бахархан тэмдэглэж байна.

Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт хууль заавал хэрэгждэг, хүн бүрд эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг байх зарчмыг дэвшүүлсэн. Ингэж байж хуулийн засаглалыг хөгжүүлж, чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгддөг, авлигаас ангид хуулийн байгууллагыг бид бэхжүүлж чадна. Энэ зорилтын хүрээнд эрх зүйн шинэтгэл амжилттай үргэлжилж, Монгол улсын Хилийн тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил  шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуульчид, хууль зүйн салбарын албан хаагчид гардан хэрэгжүүлэх олон хуулиуд батлагдан гарлаа.

Сайн хууль гарах нэг хэрэг. Харин түүнийг нугалаа завхралгүй хэрэгжүүлэх их ачаа хуульчдын маань нуруун дээр ирдэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс гардан хэрэгжүүлэх, мөрдөн хэрэглэх хуулиа сайтар судлах, олон нийтэд сурталчлах, иргэдэд эрх зүйн боловсрол олгох явдал хуулийн засаглалын нэг бат үндэс гэдгийг сайтар ойлговол зохино. Төрийн нэр хүнд сэвтэхгүй өндөр байх, түмний итгэл эмтрэхгүй бөх  байх нь гагцхүү хуульчид та бидний өдөр тутмын үйл ажиллагаа, хариуцсан ажилдаа хандах хандлагаас  шууд хамаарах билээ.

Шударга ёсны манаач, хүний эрхийн хамгаалагч, төр улсынхаа түшиг тулгуур болсон манай хуульчид эрх зүйт төрийг төлөвшүүлэх их үйлсийн тэргүүн эгнээнд явж ирсэн. Ирж буй он жилүүдэд ч та биднийг их ажил, их үүрэг хариуцлага хүлээж байна. Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, эрх зүйн үйлчилгээг иргэддээ илүү ойртуулах, эрх зүйн боловсролыг нь дээшлүүлэх ажилд онцгой анхаарч, чиг үүрэг, чиглэсэн зорилтоо амжилттай биелүүлэх шаардлага тулгарч байна. Энэ үүргээ биелүүлэхдээ албаны болон мэргэжлийн ёс зүйг чанд сахиж, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг ард түмэн хүсэж, ахуй төр маань шаардаж байгааг умартах ёсгүй.

Сайн хуульчийн чадварыг шударга хуульчийн ёс зүйтэй хослуулж байж гэмээнэ хууль ёсыг чанд сахиулсан, хуудуутай бусармаг явдлын эсрэг сөрөн зогсох үнэт зүйлтэй, түмний хүндлэл, төрийн итгэлийг бүрэн хүлээсэн “хуульч” хэмээх эрхэм алдрын жинхэнэ эзэн нь байж чадна.

Та бидний хичээл зүтгэл, эв хүч шударга ёсны төлөө нэгдэн нийлж байж хүн зон маань амар амгалан, улс гэр маань бат түвшин байх учиртай.

Эрхэм хуульчид Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, хууль ёсыг хүндэтгэн хэрэгжүүлэх цаг наргүй их ажилд тань цаглашгүй өндөр амжилтыг хүсэн ерөөе.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж