Сөрөг хүчний эрхийг сэргээхээ амлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчний эрхийг сэргээхээ амлалаа

Мухамед Бузази хэмээх 26 настай залуу
өнгөрсөн сарын 17-нд Тунисийн Сиди Бузад хотод өөрийгөө шатааж, амиа
хорлохыг завд­жээ. Орон нутгийн цагдаа­гийнхан түүнийг гудамжинд
зөвшөөрөлгүй жимс, хүнс­ний ногоо зарсан хэмээн буруутгасан нь ийм
үйлдэл хийхэд хүргэв. Гэхдээ өөрийн биеийг зулын гол болгосон түүний энэ
алхам Тунисийн ард түмнийг нэгтгэж, эрх баригчдын эсрэг тэмцэлд
уриалсан юм. Улмаар ажил­гүйдэл, амьд­ралын тааруу нөх­цөл, авлигад
живсэн эрх мэдэлтнүүдийн эс­рэг тэм­цэл сар орчим үр­гэлжилж,
мөр­гөлдөөн болон ху­вирсан юм.

Тус улсын Хөгжлийн сайд Мухамед Аль Нүри Аль Жувайни олон нийтийг
ха­марсан үймээний гурав дахь өдөр нь 10 сая ам.долларын тө­сөвтэй ажлын
байр бий болгох амлалт өгсөн ч тусыг эс олсон. Үүний дараа 22 настай
Хусини Фалхи өөрийгөө цахилгаанаар цохиулж амиа хорлосон нь тунисчуудыг
тэмцлээ улам эрчимжүүлэхэд уриалжээ. Харин 18 настай Мухамед Аммари
цагдаа нарын гарт амиа алдсан нь дарин дээр давс нэмэв. Энэ мэтээр
эсэргүүцлийн хөдөлгөөн улам эрчимжиж байна. Түүнч­­лэн тус улсын сөрөг
хүчний Францын социалист нам иргэдийн эсэргүүцлийг овжноор ашиглан эрх
баригч намынхныг буруутгаж, өөрс­дийн рейтингийг өс­гөж эхэл­жээ. Гэхдээ
тус нам бусдаасаа урьтаж дуугарс­наараа олон жил хаалттай байсан сөрөг
хүчнийхний нам гүм байдлыг эвдсэн гэж ажиглагчид үзэж байгаа аж.
Хуульчид ч гэ­сэн чимээгүй суусангүй. Иргэ­дийг өөрсдийнхөө тө­лөө
тэмцэхийг уриалж, хамт жагс­сан байна. Тэдний тэм­цэл үүгээр зогссонгүй.
Ойрол­цоогоор 8000 гаруй хуульч нэгдэн цаг­даагийн хар­гислалыг
зог­соохыг шаард­­сан юм. Тунисийн ир­­гэ­ний хөдөл­гөөнүүд эрх
ба­­ригчдын эсрэг тэмцэлд нэг­­дэж, төрийн мэд­лийн хэв­лэл, мэдээллийн
хэрэгсэлд хяналт тогтоож, хэд хэдэн вэб сайтын үйл ажиллагааг таслан
зогсоосон байгаа юм. Иргэд жагсахаас гадна эрх баригчдын эсрэг ухуулга
сурталчилгааг онлайнаар цац­­жээ. Харин эрх баригчид блогч, сэтгүүлч,
идэвхтэн, дуучин зэрэг олон арван хүнийг баривчилсан тухай орон нутгийн
“SBZ” телевиз мэдээллээ. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын
мэ­дээлснээр үймээн самуунаар далимдуулан хүний эрхийг зөрчих асуудал
дээд цэгтээ тулсан аж. Иргэд болон цагдаа нарын мөргөлдөөний улмаас нийт
66 хүн амиа алдаж, олон арван эсэргүүцэгч баривчлагдсан байна. Орон
нутгийн дээрмийн бүлэглэлүүд ороо бусгаа үеийг ашиглан дураараа дургиж,
дунд чөм­гөөрөө жиргэсэн тухай Их Британийн “Гвардиан” сонин бичжээ. 
Мөн Ерөнхийлөгч асан Бен Алигийн дэмжигчид  нэгдсэн нь иргэдийн дунд
дахин мөргөлдөөн гарахад хүргэсэн аж.

Нийслэл хот болох Тунис төдийгүй Мензел Бузайни, Аль Рагаб, Микнасси,
Кай­роуан, Сфакс, Бен Гурдэйн зэрэг арав гаруй томоохон хотод иргэдийн
бослого хүчээ авсан байна. Харин тус улсын Ерөнхийлөгч асан Зине Эл
Абидине Бен Али нөхцөл байдлыг намжаахын оронд иргэдийг шүүмжилж, хэт
даврагчдын гар хөл боллоо хэмээн буруушааж байлаа. Тэр ч байтугай үймээн
самуун дэгдээсэн иргэдийг шийтгэнэ хэмээн сүрдүүлэв. Мөн тэрбээр 2014
оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарлаж, шинэчлэл хийнэ
гэх мэтээр сайхан амалж байснаа гэнэт зугтсан байна. Бен Али ийнхүү 23
жил удирдсан улс орноо орхин гарч Саудын Арабт орогнож, Абдулла хааны
нөмөрт багтжээ. Ту­нисийн “Тунис” телевизийн дамжуулснаар тэрбээр
өн­гөрсөн долоо хоногийн баа­сан гарагт эх орон, ард түм­нээ хаяж
зугтсан байна. Ингээд тус улсад 72 цагийн дотор тус улсын Ерөнхийлөгч
гурван удаа солигдож, улс төрийн маш содон үйл явдал болов. Бен Али амиа
бодон зугт­санаар эхний Ерөнхийлөгч суудлаасаа буусан. Дараа нь түүний
үнэнч түшмэл болох Ерөн­хий сайд Мухамед Гханноучи түр Ерөнхийлөгч болж,
шинэ Засгийн газар байгуулах гэж үзжээ. Гэвч сөрөг хүчнийхэн түүнийг
Бен Алийг эргэн ирэхийг хүлээж, суудлыг нь хадгалж байна хэмээн
шүүмжилж, түлхэн унагав. Ингээд гу­рав дахь Ерөнхийлөгчөөр парламентын
ордны тэргүүн Фоуад Меба­заа тодров. Тэрбээр өнгөр­сөн долоо хоногийн
бямба гарагт тангараг өргөж ал­бан ёсны Төрийн тэргүүн болжээ. Тунисийн
үндсэн хуулинд зааснаар онцгой шинэ Ерөнхийлөгч гарснаас хойш 60
хоногийн дотор сонгууль явуулах ёстой аж. Ноён Ф.Мебазаа ард түмэндээ
нэн тэргүүнд улс төрийн эв нэгдлийг амласан байгаа юм. Тэрбээр энэ
амлалтаа биелүүлэхийн тулд сүүлийн 20 гаруй жил улс төрд үзэл бодлоо
илэрхийлэх эрхгүй байсан сөрөг хүчнийхний эрхийг сэргээхээ амалсан
байна.

Г.Отгонбатбаатар

Эх сурвалж:
 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж