Хүүхэд бүртгэсэн байх боломжгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүүхэд бүртгэсэн байх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүртгэсэн байх боломжгүй

Хэргийн харъяалал гэсэн хууль зүйн ойлголт байх.

Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОӨУБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга С.Чинбат, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг нар оролцов.

Мэдээллийн эхэнд сонгогчийн нэрийн жагсаалтыг гаргахдаа тагнуулын байгууллагын хяналтад явуулдаг гэдгийг тодотгосон юм. 

Ерөнхийлөгчийн сонгуулиар 2 сая 23 мянга 18 сонгогч санал өгөх эрхтэй. Үүнээс 7209 иргэн гадаадад санал өгөхөөр, үндсэн сонгогчоор 1,978,294 иргэн бүртгэгдсэн байна. 

Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг дараах мэдээллийг өгөв

‘Сонгогчийн нэрийн жагсаалтыг хуульд заасан үндэслэлээр үйлдэж, санал авахаас 25-аас доошгүй хоногийн дотор санал авах байр, хүсэлт гаргасан улс төрийн намуудад хүргүүлдэг. Зургадугаар сарын 1-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд 2 сая 32 мянга 94 сонгогч байна. Зургадугаар сарын 1-нээс хойш 148 сонгогч нэмэгдсэн. Үүнээс 7200 нь гадаадад санал өгөхөөр хүсэлт гаргасан” гэв. 

Зургадугаар сарын 1-16-ныг хүртэлх хугацаанд дараах өөрчлөлт орсон. Үүнд.

  • “Түр хасав” тэмдэглэгээг сэргээсэн 109 иргэн
  • Иргэний бүртгэлийн өөрчлөлтөөр 618 иргэн
  • Нас барсан 1056 иргэн
  • Шилжин явсан 2774 иргэн
  • Шилжин ирсэн 1927 иргэн байна. 

Сонгуулийн үйл ажиллагаа дуусмагц 2554 итгэмжлэгдсэн ажилтан сонгуульд хэчнээн сонгогч саналаа өгснийг нас, хүйсээр нь ангилан мэдээлэл гаргана. 

Улсын хэмжээнд нийт 1983 санал авах байр ажиллуулж, 2554 компьютер ашиглана.

Сонгогчийн нэрийн жагсаалтад тагнуулын байгууллага дараах 8 үзүүлэлтээр шалгалт хийдэг. 

  • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан эсэх
  • РД-ын давхардал байгаа эсэх
  • Сонгогчийн нэр санал авах хэсэгт давхардсан эсэх
  • Сонгуулийн насанд хүрээгүй сонгогч байгаа эсэх
  • Нас барсан иргэн байгаа эсэх
  • Хаяггүй сонгогч байгаа эсэх
  • Гадаадын иргэн сонгогчийн бүртгэлд байгаа эсэх 
  • Хэсэг оноогдоогүй үлдсэн сонгогч байгаа эсэх

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг хариулсан юм.

-Сонгогчийн бүртгэлд хоёр настай хүүхэд, нас барсан иргэн бүртгэсэн байна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Тийм боломж байхгүй.

-Нэг хаяг дээр сонгогч нэмж бүртгэсэн байна гэх мэдээлэл бий. Энэ асуудлыг шалгасан уу?

-Нэг хаяг дээр сонгогч нэмж бүртгэсэн нэг, хоёр жишээг би мэднэ. Бусад хүмүүс бол нотлох баримтгүй мэдээлэл тараагаад байна. Тухайлбал, Цоодолын Хулан “Манай хаяг дээр сонгогч нэмэгдсэн” гэж мэдээлсэн. Үүнийг нь бид шалгасан. Ц.Хулангийн оршин суудаг III хорооны 2 дугаар хорооллын 21 тоотод нийт гурван сонгогч байна. Д.Батбаатар, Цоодолын Хулан, У.Равдан нар юм. У.Равдангийн хувьд гадаадад амьдарч байгаа учраас “Түр хасав” тэмдэглэгээтэй байгаа. Дээрх гурван оршин суугчаас гадна “Ц.Энхцэцэг, Б.Батбаяр нар манайд бүртгэлтэй байна” гэж Ц.Хулан хэлсэн. Ц.Энхцэцэг нь тус байрны 20 тоотод оршин суудаг, Б.Батбаяр нь тус байрны 22 тоотын оршин суугч байгаа. 

-Нас барсан иргэн сонгогчийн бүртгэлд бүргэгдсэн байна гэдэг мэдээлэл бий. Үүнд хариулт өгөөч? 

-Зургадугаар сарын 1-18 ны хооронд 1056 иргэн нас барсан тул бид бүртгэлээс хассан. Харин зургадугаар сарын 18-наас хойш бүртгэлийн системийг түгжсэн учраас өөрчлөлт орох боломжгүй байгаа. 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс