Ц.Нямдорж: АН-аас Р.Амаржаргал дэвшсэн бол арай ч ийм байхгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: АН-аас Р.Амаржаргал дэвшсэн бол арай ч ийм байхгүй

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 17.00 цагт Төрийн ордны Их танхимд товлогдоод байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар өнөөдөр /2017.06.23/ цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байгааг өөрчилж, хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх ёстой гэдгийг тэд хэллээ. 

Ц.Нямдорж: Төмөр замын асуудлаар болж улс хоорондын харилцаа таагүй болсон

-1993 оноос хойг долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж байна. Энэ удаагийн сонгуулийг урд өмнөх сонгуулиудтай харьцуулах юм бол хар бараан мэдээллээр олон нийтийг булсан, төөрөгдүүлсэн сонгууль болж байгааг онцолж байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд орон нутгийн иргэдийн уулзалт дууссан. Нийслэлдээ сонгуулийн сурталчилгаагаа дуусгавар болгоно. Мөн бид энэ сонгуулийн үр дүн нааштай гараасай гэж, М.Энхболдыг дэмжээч гэсэн хүсэлтийг ард иргэдээсээ хүсч байна. 

УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын Засгийн газар энэ улс орныг хүлээж авахад эдийн засгийн байдал маш хүнд байсан. Хүнд хэцүү, олон нийтэд таалагдахгүй арга хэмжээг авч олон янзаар эдийн засгийн уналтыг зогсоох арга хэмжээ асны үр дүнд улсын төсөв ашигтай гарсан, төгрөгийн ханш чангарах процесс өрнө байна. Эдийн засагт нааштай энэ арга хэмжээнд улс төрийн хувьд баталгаажуулахад Ерөнхийлөгчийн сонгууль онцгой ач холбогдолтой. Мөн Засгийн газар парламент, Ерөнхийлөгчийн интитуци орон нутагтайгаа хамтраад санаа нэгтэй, үйлдэл, үг, зорилго нэгтэй байж чадах юм бол эдийн засгийн хүндрэлээс гарах үйл явц богино байх дүр зураг харагдаж байгааг сонгогчиддоо дуулгаж байгаа. Төрийн тэргүүн гэдэг нь хүнийхээ авир, аашаас хамаарч төрийн элдэв явдал их гарч байна, сүүлийн жилүүдэд. Ааш нь хүнээ дагуулаад, хууль ном нь хууль биш болсноос төрийн дотор таагүй нөхцөл үүсэх үйл явц өрнөж байгааг сонгуулийн хугацаанд ч их ярьсан. Тиймээс Монгол төрийг бүтэн, ноён нуруутай болгож өгөөч гэж хүсч байна. 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд бол төрийн ажлыг анхан шатнаас нь дээд түвшинд хүртэл тасралтгүй хийсэн цөөхөн улстөрчийн нэг. Төрийн ажилд гаршсан, чанагдсан, жаргал зовлонг нь мэдрэх, хувь хүнийх нь ноён нуруу Монгол төрийг тогтвортой болгох, хууль номын хүрээнд төрийг тогтвортой байлгах хувь хүний зан чанар болон хүлээцтэй байдал хэрэг болно гэж бид үзэж байгаа. 

Энэ удаагийн сонгууль хар бараан болж байгаа нь нэр дэвшигчээсээ үүдэлтэй. АН-аас Р.Амаржаргал нэр дэвшсэн бол арай ч ийм хар бараан мэдээллээр олон түмнийг сэтгэлгээний хувьд туйлдуулахгүй байх байсан. Энэ нь хувь хүний төрөлхийн зөн совин, тогтсон хүмүүжил нь зөвхөн Ерөнхийлөгчийн ажлыг хийх төдийгүй сурталчилгааг нь хийхэд таагүй байдал бий болгож байна. 

Монголын гурван сая ард түмний эв нэгдлийн баталгаа болгож, улсын тогтуун амьдралын төлөө зогсох албан тушаалын төлөө өрсөлдөж байгаа хүмүүс хар бараан сурталчилгаа хийж байна гэдэг нь эв нэгдлийн баталгааны үндсэн зарчмыг алдагдуулж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ. Төмөр замын асуудлаас болж улс хоорондын харилцаа туйлын таагүй болсон. Хойд айлтай хамтарч төмөр зам барина гэж ярьж байгаад урд айлтай төмөр зам барина гэж гэрээ байгуулсан. Түүний зэрэгцээ мөн Солонгосын талтай мөн гэрээ байгуулсан. Эцсийн дүндээ Хятад, ОХУ, Солонгос, АНУ-тай нь хамтад нь хуурсан учраас энэ нь Монголын нэр хүндийг таагүй байдалд оруулсан асуудал одоог хүртэл үргэлжилсээр байна. Ийм зүйл хийж байсан хүн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа нь туйлын харамсалтай байна” гэсэн юм.

Ө.Энхтүвшин: Намынхаа дотор учраа олж чадаагүй хүн эв нэгдлийг илэрхийлэгч байж чадахгүй

-Энэ хэвлэлийн бага хурлыг бид гурав ярьж байгаад хийж байна. Бид гурав бол өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиудад бүгдэд нь оролцож байсан хүмүүс. Тиймээс өмнөх сонгуулиудтай харьцуулж үзсэн. Энэ удаагийн сонгууль бол өмнөх сонгуулиудтай харьцуулахааргүй сонин сурталчилгаа яваад өнгөрөх нь. Уг нь нэр дэвшигч нар юу хийхээр төлөвлөж байгааг нь сурталчлах ёстой. Мөрийн хөтөлбөрийг л ярих ёстой. Харамсалтай энэ удаагийн сурталчилгаа гүжирдсэн, гүтгэсэн, хар мэдээлэл байна. Мөрийн хөтөлбөрийг л ард түмэн харж, сонголтоо хийх ёстой байсан. АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэвлэлээр М.Энхболдыг битгий сонгоорой гэж ярьж байсан. Ийм зүйл байгааг таашаадаггүй. Хэрэв тийм бол би бас нэг юм хэлмээр байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга гэдэг хүн намынхаа дотор учраа олж чадаагүй хүн улсын төрийн тэргүүн байна гэж юу байх вэ. Юун Ерөнхийлөгч болох вэ, наана асуудлаа шийдэх хэрэгтэй гэж Х.Баттулгад хэлмээр байна. Тэр төмөр зам, оффшор дансан дахь мөнгө, малын вакцины асуудалтай хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадахгүй. Тиймээс ядаж оффшорт мөнгө байхгүй, хүн чанартай хүн төрийн тэргүүн байх ёстой. Тиймээс МАН М.Энхболдыг сонгосон. Хэрэв М.Энхолбд бохир хүн байсан бол МАН нэр дэвшүүлэхгүй байсан. Монголын ард түмэн энэ гурван нэр дэвшигчийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, намтар, хувь хүнийг нь харж сонголтоо хийгээрэй гэж хүсч байна. 

Д.Лүндээжанцан: Ард түмэн тогтвортой төрийг хүсч тайван амьдрахыг хүсч байна

-Би иргэд сонгогчидтой уулзаж, тэдний хэлснийг сонсоод ирлээ, сурталчилгааны хугацаанд. Хүмүүсийн итгэл, урам их байгаад сэтгэл санаа ханамжтай байна. Гэхдээ иргэд төрийн тэргүүний албан тушаал бол ганц албан тушаал, Монголын төр тогтвортой байх тийм хүнийг сонгохоор байгаагаа илэрхийлж байна. Төр тогтвортой, тайван амгалан амьдрах юмсан гэж хэлж байна. Би ч гэсэн түүнтэй санал нэг байна. Тийм байж бид эдийн засгийн хямрал гэх ганц дайснаа дарж чадна. Үүний тулд төрийн интитуциуд нягт холбоотой ажиллах ёстой. Төр тогтвортой, түмэн олон амгалан байх боломжийг энэ удаагийн сонгууль баталгаажуулна. Тиймээс Монголын ард түмэн ухаалаг сонголт хийнэ гэдэгт итгэж байна. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж