Мэтгэлцэхэд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Мэтгэлцэхэд бэлэн үү?

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар маргааш 21.00 цагт халз мэтгэлцэнэ. Мэтгэлцээнийг МҮОНТ-ээс зохион байгуулах юм.

Хоёр цаг үргэлжлэх мэтгэлцээний эхний 1 цагт нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр дэх эдийн засаг, хууль эрх зүй, аюулгүй байдал, гадаад бодлого гэсэн сэдвүүдээр ярилцах бол үлдсэн 1 цагт иргэдээс ирүүлсэн асуултад хариулт өгнө.

Нэр дэвшигчид мэтгэлцээндээ оролцоход бэлэн үү, эргэж буцах асуудал гарахгүй биз гэдэгт бид тайлбар авлаа.

Өмнө нь Монголын телевизүүдийн холбооноос хоёр ч удаагийн халз мэтгэлцээнийг нэр дэвшигчдийн дунд зохион байгуулж, 16 телевизээр шууд дамжуулах хүсэлтийг гурван намд хүргээд байсан ч Ардчилсан намаас нэр дэвшигч оролцох боломжгүйгээ илэрхийлснээр цуцлагдсан юм.

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга:

-Мэтгэлцээнд оролцоно. Мэтгэлцэхээс айгаад байгаа юм байхгүй. Энэ асуудал дээр хоёр нам шоу хийчихлээ. Анх намууд мэтгэлцээнийг эхнээсээ зургадугаар сарын 24-нд байхаар тохиролцсон. Харин байршлаа тогтоож чадаагүй байсан. Бид сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө 21 аймаг, сумдад ажиллах маршрутаа гаргасан байдаг. Тэгээд сурталчилгаагаа хийгээд явж байтал гэнэт араас мэтгэлцээнд оролцох урилга ирүүлсэн. Мэтгэлцээний асуудал бол анхнаасаа зохион байгуулсан арга ядсан үйлдэл л болсон юм. Гэнэт, тулгаж зарласан мэтгэлцээн гэдэг бол тавилттай жүжиг шүү дээ.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян:

-Мэтгэлцээнд оролцоно гэдгээ албан ёсоор хэлсэн. Ажлын хэсэгт нь манай намаас төлөөлөл багтсан байгаа.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Зургадугаар сарын 24-нд товлогдсон мэтгэлцээнд манай намын нэр дэвшигч оролцоно. Мэтгэлцээн бол уламжлал, нэр дэвшигч өөрийнхөө бодлого, мөрийн хөтөлбөрийг танилцуулах боломж нөхцөл нэг дороос бүрддэгээрээ ач холбогдолтой. Дээрээс нь сонгогчид харьцуулалт хийж, нэр дэвшигчээс хэн нь ямар бодлогоор яаж ажиллах вэ гэдэг дээр сонголт хийх боломж нөхцөлийг бүрдүүлдгээрээ чухал ач холбогдолтой. Манай намын зүгээс мэтгэлцээн гэдэг бол энэ сонгуулийн хугацаанд олон удаа зохион байгуулагдах тусмаа илүү ач холбогдолтой гэж үзэж, оролцоно гэдэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тэгж байж хар PR -ын хажуугаар нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөр, цаашлаад Монгол Улсын хөгжил дэвшил,  монгол хүний аж амьдралын талаар тодорхой ойлголтыг сонгогчдод өгөх боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байсан. Та бүхэн ажиглаж байгаа, хар PR гэж юм дэндүү их хийгдэж байна. Нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг танилцуулах ажил нэлээн ард хаягдсан байдалтай болж хувирлаа. Бидний зүгээс аль болох мөрийн хөтөлбөрөө олон нийтэд хүргэх чиглэлээр бодлогоо бариад ажиллаж байгаа боловч хар PR-д дийлдэх талтай болж хувирч байна. Монголын телевизүүдийн холбооноос эхний мэтгэлцээнийг зургадугаар сарын 10-нд хийе гэхэд манайх нээлттэй хандаж байсан. Манай нэр дэвшигч орон нутагт ажиллаж байсан ч, ажлаа зохицуулаад оролцохоор нийслэлд ирсэн. Дараагийнх нь мэтгэлцээн зургадугаар сарын 17-нд зарлагдсан, мөн л орон нутагт ажиллаж байсан ажлын хуваарьтаа өөрчлөлт оруулаад Улаанбаатар хотод ирээд мэтгэлцээнд орох бэлтгэлээ хангасан байсан. Харамсалтай нь, Ардчилсан намаас нэр дэвшигч мэтгэлцээнд оролцох боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлснээр цуцлагдсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж