Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Шилд эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн, Сөүл хотын гурван жилийн хорих ялыг өнөөдөр өглөө /2017.06.23/ оноолоо.
Гэхдээ энэ нь түүний эсрэг тулгаж байгаа шүүх хурал дууссан гэсэн үг биш. Бусад хэргүүдийг үргэлжлүүлэн шүүх юм.
Өөрийн охиноо нэр хүндтэй их сургуульд оруулах, сайн дүн авахуулахын тулд Пак Гын Хэтэй найз гэсэн харилцаа холбоогоо ашигласан хэрэгт нь ийнхүү ял оноож байгаа юм. Чой сун Шил нь Их сургуулийн захиргаанд шахалт үзүүлж, охиндоо өгөөгүй шалгалтад дүн тавиулах, хийгээгүй ажлыг хийсэнд тооцуулах зэргээр ашиглаж байсныг мөрдлөгөөр тогтоосон байна.
БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ хугацаанаасаа өмнө огцорсон нь Чой Сун Шилийн хэргээс үүдэлтэй бөгөөд Пак Гын Хэ, Чой Сун Шил нар Өмнөд Солонгосын томоохон компаниудаас хахууль авсан хэргийг хараахан шүүж эхлээгүй байна.
Пак Гын Хэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан тушаалаас нь түдгэлзүүлж, энэ оны гуравдугаар сараас буруутай гэж үзэн баривчлан саатуулаад байгаа юм. Пак Гын Хэ анхан шатны шүүх хуралд өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлээд байгаа.
А.ТУЛГА