Гэрээг хүчингүй болгуулахаар хандав

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Гэрээг хүчингүй болгуулахаар хандав

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сэдваанчиг, Л.Гүндалай нар Ерөнхий сайдад хандаж албан бичиг илгээгээд байна. Тэд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын 2009 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээг хүчингүй болгуулахаар ийнхүү ханджээ. Уг гэрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн 60 мвт, түүнээс дээш хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлгэхээр тусгасан юм байна. Гэтэл Монгол Улсын 2009 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Могойн голд 3,8 тэрбум төгрөгөөр дулааны цахилгаан станц барих техник, эдийн засгийн үзүүлэлт боловсруулж 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 10 тэрбум төгрөгөөр уг ажлыг эхлүүлэхээр болжээ.
Төсвийн хөрөнгөөр станц барих ёстой атал сайд Д.Зоригт үүнийг үл харгалзаж УИХ-ын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг харгалзалгүйгээр стратеги, геополитикийн ач холбогдол бүхий эрчим хүчний салбарт 110 сая ам.долларын гадаад хөрөнгө оруулалтыг дэмжсэн гэрээ байгуулсныг дээрх гишүүд эсэргүүцсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж