Алексей Баталовын сүүлчийн ярилцлага

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Алексей Баталовын сүүлчийн ярилцлага

Алексей Баталовын сүүлчийн ярилцлага

“Амьдрал нулимсанд дургүй”, “Тогоруун цуваа” киногоороо монголчуудын дотны танил болсон Зөвлөлт холбоот улсын Ардын жүжигчин, алдарт Алексей Баталов зургадугаар сарын 15-нд таалал төгссөн билээ. Нарт хорвоог 88 насандаа чимээгүйхэн орхин одсон тэрээр өөд болохоосоо өмнө Оросын “Караван” сэтгүүлд хамгийн сүүлийн удаа ярилцлагаа өгчээ. Энэхүү ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-Алексей Владимирович, Та сайн байна уу? Ярилцлагаа цахим ертөнцөд өрнөж буй үйл явдлаар эхлэе. Интернетэд хүмүүс танд болон бусад жүжигчдэд туслах зорилгоор хандив цуглуулж байна. Ингэхдээ төлбөртэй утас руу мессеж явуулахыг хүссэн нь зарим хүнд таалагдаагүй байж магад. Та шүтэн бишрэгчдээсээ тусламж хүсэх бодолтой байсан уу?

-Үгүй. Хэзээ ч үгүй. Хэрэв Баталовт туслах зорилгоор мөнгө цуглуулж байна гэсэн зар сонсвол битгий итгээрэй. Би тийм ч ядуу амьдраагүй. Надад хэрэгцээтэй бүх зүйл бий. Гэхдээ зарим маань үнэхээр хэцүү амьдарч байгаа нь үнэн. Би энэ талаар мэдээгүй явж байсандаа шаналсан… Мөнгө олохын тулд өөрийгөө худалдахыг хүсэхгүй. Сурталчилгаа, хямдхан кинонд тоглохыг хүсэхгүйтэй адил шүтэн бишрэгчид болох энгийн хүмүүсээс би тусламж авч зүрхлэхгүй. Өнөөдөр бидний амьдрал үнэхээр хэцүү байна шүү дээ.

-Сүүлийн үед телевизээр таны зуслангийн маргаантай холбоотой асуудлыг их ярих боллоо. Нэвтрүүлэг хүртэл хийсэн?

-Би тэр нэвтрүүлэгтэй ямар ч холбоогүй. Тийшээ хэзээ ч яваагүй, явах ч үгүй. Гэр бүлд маань үүссэн асуудлыг телевизээр яриад байх нь тааламжтай санагдахгүй байна. Асуудлыг хуульчид л шийдэж чадна шүү дээ. Гэхдээ энэ бүхэнд би өөрөө буруутай. Хөрш маань гарын үсгээ өгчих гээд байхаар нь зурчихсан чинь маш чухал баримт бичиг дээр зурж орхисон байсан. Ийм асуудал үүснэ гэж бодоогүй. Дэргэд олон жил амьдарсан хүн намайг ийм муухайгаар хуурна гэж бодож явсангүй. Гэхдээ үүнээс болоод хэн нэгэн намайг өрөвдөөсэй гэж хүсэхгүй байна. Асуудлыг би өөрөө шийдчихнэ.

-Та өөрийн намтар номоо танилцуулсан. Тэр номонд та язгууртны угсаатай тухайгаа дурьдсан байсан?

-Үнэн. Үүнийгээ би сүүлд мэдсэн. 1930-аад оны эхэнд би зуны амралтаа Владимир хотод эмээ, өвөө дээрээ очиж, өнгөрүүлдэг байсан юм. Цаг үе хэцүү байсан болохоор угсаа гаралын тухай тэд ярьдаггүй байлаа. Эмээ Нина Васильевна шүдний эмч, харин өвөө Антон Александрович малын эмч байсан. Миний ээж Нина Ольшевская намайг Владимир хотод төрүүлсэн. Тэд язгууртны гаралтай хүмүүс байсан тул 1937 онд хэлмэгдсэн байдаг. Өвөө маань хорих ангийн эмнэлэгт өөд болсон. Харин эмээ 10 жилийн хугацаатай цөллөгдсөн.

-Та Владимир хотод төрсөн мөртлөө өөрийгөө Москвагийнх гэж боддог хэрэг үү?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд нас минь Москвад, тус тусмаа театрт өнгөрсөн. Эцэг эх, хамаатан садан маань бүгд л театрт ажилладаг байлаа. Намайг гурван настай байхад аав, ээж хоёр салсан. Дараа нь зохиолч Виктор Ардов миний хойд эцэг болсон юм. Ингээд бид алдарт зохиолчийн гэр рүү нүүсэн. Манай гэрт гайхалтай хүмүүс ирдэг байлаа. Тэдний дунд бидэнд үлгэр уншиж өгдөг зохиолч Юрии Олеша болон Михаил Булгаков нар байдаг байв. Дээд давхарт Осип Мандельштам амьдардаг байсан. Түүнийг баривчлагдах үед Анна Ахматова зочилж ирж таарсан юм. Гэрт нь мөрдлөгө хийж байсан тул Анна Ахматоваг гэрээс нь гаргаагүй. Хүүхэд байсан болохоор тэднийг тийм алдартай хүмүүс гэдгийг ч сайн мэддэггүй байлаа.

-Та ямар хүүхэд байсан бэ?

-Жүжиглэх чадвар хүүхэд байхад минь тавигдсан гэж боддог. Би хүмүүст ямар нэгэн сэтгэгдэл төрүүлэх дуртай байв. Алдартай зохиолчдын хүүхдүүдтэй тоглож өссөн. Хүмүүсийн анхаарлыг татахын тулд ус зөөдөг тэрэг хөлөглөн яг л цагаан морьтой ханхүү мэт өөрийгөө төсөөлж тоглодог байлаа. Энэ үедээ би анхны гэргийтэйгээ танилцаж байсан гээд боддоо.

-Та дайны үеийг сайн санадаг уу?

-Тэгэлгүй яахав. Тухайн үед би 12 настай байсан. Москвад болсон анхны агаарын цохилтыг санаж байна. Бид метроны буудалд нуугддаг байсан. Хүмүүс дайн удахгүй дуусна. Бид ялна гэж ярьдаг байсан Тийм болохоор ээж, хоёр дүүгийн хамт би Москвагаас явах шаардлагагүй гэж үздэг байлаа. Гэхдээ удалгүй биднийг нүүлгэн шилжүүлсэн. Бид Свердловск, Уфа, Казань гээд олон хотоор явсан. Энэ хүнд цаг үед би анхны шүлгээ бичиж байлаа. Миний шүлэг бичсэн дэвтрийг ээж минь аваад Анна Ахматовад үзүүлж байсан удаатай. Тухайн үед алдарт зохиолч “Энэ шүлэг мөн байна” гэж хэлэх нь надад үнэхээр нэр төрийн хэрэг байсан. “Өлсгөлөн” гэдэг үгний учрыг би тэр үед л мэдэрсэн. Өлссөнөөсөө болоод тамхи татаж эхэлсэн. Өвсний үндэс хүртэл идэх үе ирдэг байв.

-Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр та Бугульман хотод түр байсан. Энэ ч үүднээсээ тэд хотынхоо театрыг таны нэрээр нэрлэсэн. Гэхдээ театрыг үүсгэн байгуулахад ээжийн тань оролцоо их байсан гэдэг?

-Тийм ээ. Ээж маань тэр хоёр давхар клубыг бүх хүн цуглаж, уран бүтээл туурвидаг газар болгон хувиргаж чадсан. Эхэндээ театрт дайнд явсан цэргүүдэд зориулж жүжиг тоглодог байсан бол хожим нь жинхэнэ театрт болсон. Харин би тэр үед тайз засагчийн туслахаар ажилладаг байлаа. Жүжигчид өлссөнөөсөө болоод тайзан дээрээ ухаан алдаж унадаг байсан. Миний ээж ч ялгаагүй. Үүнээс хойш 70 жил өнгөрчээ. Теарт одоо ч байна. Миний нэрээр нэрлэх үед би хувьдаа эсэргүүцэж байсан. Ээжийн нэрээр нэрлэх ёстой байсан гэж боддог.

-Дайн дуусч, та Москвад эргэн ирсэн. Тэр үед Москва ямар санагдаж байсан бэ?

-Бөмбөгдөлтөд сүйрсэн байшин, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, талх авах гэсэн уртаас урт дараалал, хаа сайгүй гуйлга… Амьдрал хэцүү байсан. Гудамжинд хүртэл хүмүүс зэвсэгтэй явж, хүүхдүүд сумаар тоглодог байлаа. Хойд эцгийнхээ нуусан буугаар би ч гэсэн тоглодог байсан. Нэг удаа манайд зочид ирж, Витя аавыг буугаа үзүүлэхийг хүссэн юм. Аав буугаа гаргаж ирээд, дүү рүү минь чиглүүлэн “За одоо буудлаа” шүү гэж тоглодог байв. Бид тэр бууг цэнэггүй л гэж боддог байлаа. Хожим нь Витя аавын бууг цэнэгтэй байхыг мэдсэн. Тэр золтой л төрсөн хүүгээ буудчихаагүй. Тэр цагаа хойш би галт зэвсэгт ойртохоо больсон.

-Та жүжигчин болно гэдгээ мэддэг байсан уу?

-Дунд сургуульд байхдаа дайнаас болоод байнга нүүдэг байсан учир тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй. Аравдугаар ангид байхдаа би гэрлэхийг хүсч эхэлсэн. Энэ үед хойд эцэг маань эсэргүүцээгүй, шоолоогүй, харин ч анхааралтай сонсож, “Ойлголлоо Леша. Гэхдээ чи эхлээд сургуулиа төгсчих” гэж зөвлөсөн. Ингээд 1948 онд Москвагийн уран сайхны театр, студийн сургуульд суралцаж байхдаа би багадаа тоглож өссөн Ирина Ротоватай гэрлэсэн. Тэр маш үзэсгэлэнтэй, хошин мэдрэмж сайтай охин байв.

-Танай байранд Анна Ахматова олон жил амьдарсан. Сонирхолтой байдаг байсан уу?

-Байшингийн урд талбайд Анна Ахматовагийн хөшөө бий. Бидний амьдарч байсан байшинд цөллөгөөс ирсэн Фаина Раневсзая, Мария Петровых, Надежда Мандельштам, Лидия Чукавксая нар амьдардаг байлаа. Харин Анна Ахматова миний өрөөнд байдаг байсан. Тэд үдэш бүр цуглаж, Пушкины тухай ярьдаг байсныг санаж байна.

-Анна Ахматова танай гэрт юу хийдэг байсан бэ?

-Тэр мөнгө олохын тулд ихэнхдээ орчуулга хийдэг байлаа. Гэхдээ тухайн үед хэвлэн нийтлэх хориотой байсан тул түүний бичсэнийг хүн уншдаггүй байлаа. Үүнийгээ Анна Ахматова “Хөдөлмөр шаардсан залхуурал” гэдэг байв. Тэр солонгос, армян, болгар, грек хэлнээс орчуулга хийдэг. Би сурлага сайтай хүүхэд биш байсан ч Анна Ахматоваг харахаараа их л хичээнгүйлэн зураг зурдаг байлаа.

-Анна Ахматоватай гудамжинд цуг алхахаар хүмүүс түүнийг таньдаг байсан уу?

-Хэвлэн нийтлэх хориотой байсан тул хүмүүс түүнийг эхлээд сайн мэддэггүй байсан. Түүнтэй хамт гудамжаар явах их сонирхолтой. Тэр надад Москвагийн түүхийг ярьж өгнө. Маш сайхан байсан.

-Анна Ахматоваг шүтлэгтэй хүн байсан гэдэг. Тэр шашны талаар ярьж өгдөг байсан уу?

-Үгүй ээ. Цаг үе хэцүү байсан гэж хэлсэн шүү дээ. Хамаагүй үг амнаасаа унагавал хорооны хурлаас авч хэлэлцдэг байлаа.

-Та сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Тэндээс зугтах юмсан гэж бодогддог байсан уу?

-Сталины үед цэргийн алба хаах хугацааг урт болгосон. Азаар би Улаан армийн театрт цэргийн алба хаах боломжтой байлаа. Тэр театрт ээж маань ажилладаг байсан юм. Тэнд л би анх удаа тайзан дээр гарсан. Цэрэгт байхдаа жолоо барьж сурсан. Хэрвээ жүжигчин болоогүй байсан бол жолооч болох байсан гэж боддог.

-“Москва нулимсанд дургүй”, “Тогоруун цуваа” гээд олон сайхан уран бүтээлийг таньгүйгээр төсөөлөхөд бэрх. Кинонд тоглохын тул Москвагийн уран сайхны театрыг орхисон гэдэг нь үнэн үү?

-Тийм ээ. Москвагийн уран сайхны театраас өөрийн хүсэлтээрээ гарах өргөдлөө өгсөн цор ганц хүн байлаа. Бүгд л намайг галзуурсан гэж боддог байв. Хэрвээ би театраас гараагүй байсан бол хувь тавилан маань өөрөөр эргэн байсан. Театрт надад том дүр олддогүй байв. Гэтэл гэнэт кинонд тоглох санал ирсэн. Миний амьдрал,  кино урлагт том амжилт олоход минь маш том нөлөө үзүүлсэн хүн бол найруулагч Иосиф Хейфиц байсан юм. Түүний ачаар би өнөөдөр та бүгдийг үзэх дуртай киноны дүрийг бүтээсэн.

-Та ийм өндөр нэр алдартай болно гэдгээ мэддэг байсан уу?

-Алдартай болсоон.  Гэхдээ алдар хүнд намайг охинтойгоо гаражад тоглодог болгоход хүргэсэн. Нэг удаа амьтны хүрээлэнд явж байтал хүмүүс “Энэ чинь Баталов байна шүү дээ” гэж орилолдон, гарын үсгээ өгөхийг хүссэн. Тэгэхэд миний охин их айж, уйлсан санагддаг. Тэгээд бид хоёр амралтын өдөр гараждаа л тоглодог болсон /Инээмсэглэв/.

-Найруулагчийн ажлаа яагаад орхисон юм бэ?

-Санаа сэтгэл нийлдэг хүмүүстэй ажиллахад таатай байсан. Гэхдээ бидний нөхөд өөр өөрийн зам мөрөө хөөх нь чухал гэж үзсэн.

-“Амьдрал нулимсанд дургүй” киноны дүр Гошаг та хэрхэн дүгнэдэг вэ. Тэр үнэхээр мөрөөдлийн эр хүн мөн үү?

-Кино өөрөө маш сонирхолтой. Цаг хугацаа өнгөрч одсон ч тэр кино үзэгчдийг залхаагаагүй байна. Үнэндээ би ийм амжилтад хүрнэ гэж бодож байгаагүй. Гоша бол энгийн, байдаг л нэг эр хүн. Киноны гол дүрийн эмэгтэй түүнийг маш удаан хүлээсэн учир энэ дүр тодорч гарсан байх. Гоша төгс эр хүн биш. Тэр тусмаа гэр бүлийн хамтын амьдралд тохирохоор хүн биш… Гэхдээ киноны төгсгөлд цэг гэж байхгүй. Амьдрал хэрхэн өрнөхийг мэдэхгүй шүү дээ. Би өнөөдрийг хүртэл Гошагийн хайр, хүндэтгэлийг мэдэрсээр яваа. Миний хувь тавиланг сонирхдог хүмүүст хандаж, “Баярлалаа” гэж хэлмээр байна. Энэ их хүндэтгэлийг нэр хүндтэй авч явах ёстой. Наад зах нь би хэзээ ч муу кинонд тоглохгүй. Өөрийнхөөрөө баймаар байдаг. Гэтэл миний үүрэг үзэгчдийн хүндэтгэлийг үл тоож болохгүй болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж