Стив Жобс эмчилгээ хийлгэхээр ажлаа түр орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Стив Жобс эмчилгээ хийлгэхээр ажлаа түр орхилоо

Алдарт Apple компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс компанийнхаа ажилчдад захиа илгээж, эрүүл мэндийн шалтгааны улмаас хэсэг хугацаанд ажлаа орхих гэж буй тухайгаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны эхээр мөн ижил шалтгаанаар багагүй хугацаанд компанийн захирлын үүрэг ажлаа орхиж байсан тэрбээр захиандаа “Миний өөрийн хүсэлтээр захирлуудын зөвлөл эрүүл мэндийн шалтгаанаар надад чөлөө авах эрх олгосон. Тиймээс би эрүүл мэнддээ анхаарах боломжтой боллоо. Би компанийн ерөнхий гүйцэтгэх захирал хэвээр байх бөгөөд компанийн цаашдын бизнесийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай стратегийн шийдвэр гаргахад биечлэн оролцож байх болно” хэмээжээ.

Стив Жобсын эзгүйд Apple-ын үйл ажиллагааны захирал Тим Кук түүний ажлыг орлох аж. Жобс хамтрагчийнхаа тухайд “Би хувьдаа Тим болон бусад удирдах ажилтнууддаа бүрэн итгэж байгаа. 2011 онд хийхээр төлөвлөсөн гайхалтай төлөвлөгөөг маань хэрэгжүүлэхийн тулд тэд амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн тэрбээр захиандаа “Би Apple-д хайртай. Аль болох богино хугацаанд эргэн ирэхийг хүсч байна. Харин энэ хугацаанд миний болон миний гэр бүлийн хувийн асуудлыг хүндэтгэж үзнэ гэдэгт найдаж байна” хэмээн дурджээ.
Стив Жобсын эрүүл мэндийн байдлын талаар 2003 оноос эхлэн хэвлэлээр шуугих болсон юм. Тухайн үед Жобс нойр булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдож, улмаар мэс засал хийлгэн шаардлагатай эмчилгээ хийлгэсний дүнд удалгүй ажилдаа эргэн ирсэн билээ. Харин таван жилийн дараа буюу 2008 онд Жобс хэвлэлийн бага хурлын үеэр олны өмнө гарахдаа маш их турж, эцсэн байсан учир түүний биеийн байдлын талаар дахин яриа гарах болсон юм. Улмаар 2009 оны нэгдүгээр сард Жобс албан ёсоор тайлбар хийж, дааврын тэнцвэр алдагдсаны улмаас их хэмжээгээр жин хассан тухайгаа мэдэгджээ. Удалгүй, нэгдүгээр сарын 14-нд тэрбээр биеэ эмчүүлэхээр хэсэг хугацаанд ажлаа орхих болсон шийдвэрээ зарлаж, зургаан сарын дараа Apple-д эргэн ирсэн юм. Энэ хугацаанд Жобс элэг шилжүүлэн суулгуулжээ. Тухайн үед Жобс мэдэгдэл хийхдээ зургадугаар сарын сүүлээр ажилдаа эргэн ирнэ гэж байсан бол энэ удаад хэдий хугацаанд чөлөө авч буй тухайгаа зарласангүй.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж