
Стив Жобсын эзгүйд Apple-ын үйл ажиллагааны захирал Тим Кук түүний ажлыг орлох аж. Жобс хамтрагчийнхаа тухайд “Би хувьдаа Тим болон бусад удирдах ажилтнууддаа бүрэн итгэж байгаа. 2011 онд хийхээр төлөвлөсөн гайхалтай төлөвлөгөөг маань хэрэгжүүлэхийн тулд тэд амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн тэрбээр захиандаа “Би Apple-д хайртай. Аль болох богино хугацаанд эргэн ирэхийг хүсч байна. Харин энэ хугацаанд миний болон миний гэр бүлийн хувийн асуудлыг хүндэтгэж үзнэ гэдэгт найдаж байна” хэмээн дурджээ.
Стив Жобсын эрүүл мэндийн байдлын талаар 2003 оноос эхлэн хэвлэлээр шуугих болсон юм. Тухайн үед Жобс нойр булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдож, улмаар мэс засал хийлгэн шаардлагатай эмчилгээ хийлгэсний дүнд удалгүй ажилдаа эргэн ирсэн билээ. Харин таван жилийн дараа буюу 2008 онд Жобс хэвлэлийн бага хурлын үеэр олны өмнө гарахдаа маш их турж, эцсэн байсан учир түүний биеийн байдлын талаар дахин яриа гарах болсон юм. Улмаар 2009 оны нэгдүгээр сард Жобс албан ёсоор тайлбар хийж, дааврын тэнцвэр алдагдсаны улмаас их хэмжээгээр жин хассан тухайгаа мэдэгджээ. Удалгүй, нэгдүгээр сарын 14-нд тэрбээр биеэ эмчүүлэхээр хэсэг хугацаанд ажлаа орхих болсон шийдвэрээ зарлаж, зургаан сарын дараа Apple-д эргэн ирсэн юм. Энэ хугацаанд Жобс элэг шилжүүлэн суулгуулжээ. Тухайн үед Жобс мэдэгдэл хийхдээ зургадугаар сарын сүүлээр ажилдаа эргэн ирнэ гэж байсан бол энэ удаад хэдий хугацаанд чөлөө авч буй тухайгаа зарласангүй.