Ирээдүй дэх өнгөрсөн цаг: Ул мөрөө бүтээхүй

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Урлагтай яриа

Ирээдүй дэх өнгөрсөн цаг: Ул мөрөө бүтээхүй

Ирвэс судлаач эрдэмтэд үүрэндээ байгаа эмэгчин цоохор ирвэс болон гүем (ирвэсний зулзага)-ийн дүрс бичлэгийг анх удаа хийсэн байна.

Ул мөр хэмээх ойлголт үгүй болсон аливаа зүйлийн үлдэж хоцорсон хийсвэр утгыг илэрхийлдэг. Цаг хугацаа, дурсамж хоёртой ах дүүс. Хэзээ нэгтээ байсан тийм юм. Харин одоо байхгүй. Гэхдээ байсныг нь мэднэ.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний ул мөр болох хадны сүг зураг гэхэд тэндээс энэ хүртэл бид хэрхэн аж төрж, юу бодож сэтгэн, ямар замнал туулсныг хүүрнэдэг. Басхүү бидний ухамсарт үйлдлүүд, тэмүүлэл хийгээд тэмцлийн цаана ч ул мөрөө үлдээх гэсэн эрмэлзэл агуулагдаж байдаг. Тэр хэрээрээ бодол эргэцүүлэлд хөтлөсөн үнэ цэнэтэй ойлголт.

Чухам ийм учраас Монголын Урлагийн Зөвлөлөөс Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадмыг санаачлан өнгөрсөн жил “Уламжлал ба Орчин үе” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Тус наадмыг энэ жил Гёте Институт, Red Hero, АНУ-ын Элчин Сайдын Яам, Төгөлдөр сан, ХАС Банк, Porsche Mongolia, Mongolia Quest, СУИС, АПУ ХК, Монголын Уран Зургийн Галерейн дэмжлэгтэйгээр УЛ МӨР сэдвийн хүрээнд зохион байгуулж энэ сарын 9 нд нээлтээ хийсэн. Наадамд Австрали, АНУ, Герман, Монгол, Нидерланд, Израйль, Солонгос, Чех, Филиппин гэсэн есөн орны 12 уран бүтээлч хамтарсан үзэсгэлэнгээ толилуулж, техник технологийн дэвшил дээр тулгуурлан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийн шилдэг бүтээлүүдээ танилцуулж байна.

Үзэсгэлэнгийн куратороор Монголын Урлагийн Зөвлөлийн хамт олон бүрнээрээ ажиллажээ. Тэд ул мөрийг зөвхөн өнгөрсөн цагтай холбогдуулсан уламжлалт хүрээнд авч үзээгүй нь үзэсгэлэнгийн танхимд ормогц ажиглагдана. Харин эдүгээ цагийн хүн төрөлхтний ул мөр ирээдүй цагт хэрхэн үлдэж болохыг төсөөлж, ямар ул мөр үлдээх учиртай тухай хувь бодролууд хийгээд харилцан яриаг өдөөж байна. Тэр дундаа уран бүтээлчид техник технологийн хөгжилд дулдуйдсан эриний амьдралын хэв маяг, ололт болон гарзыг дэнсэлж, асуудлын шийдлийг эрэхэд үзэгч, хүртэгчдийг уриалсан бүтээлүүдийг дэлгэсэн нь уг наадмын онцлогийг илтгэнэ. Арга ажиллагааны хувьд ч тэд эрэлхийллийн маш өргөн боломж олгодог техник технологийн дэвшлүүдийг ашиглажээ.

Хуурай, халуун өдрөөс зугтах шахам явж, үзэсгэлэнгийн танхимд ормогц электро хөгжмийн давтамжит, гүн хэмнэл бүчин авах аж. Өөр, өөр ханан дээр хөврөх хөдөлгөөнт дүрс, бичлэгүүд, хурц тод өнгөтэй граффити бүтээл, таазнаас унжсан өрөг сэлт ямар ч үзэгчийг тэс ондоо төлөвт шилжүүлэх болов уу. Тайвшралд хөтлөнө. Гэхдээ сэтгэл санаа, оюун ухааныг тэр чигт нь тогтуун болгох тийм тайвшрал биш л дээ. Харин аар саар элдэв сатаарлаас чөлөөлж, тодорхой цэгт хандан бодож бясалгах чөлөө олгодог тийм тайвшрал.

Үзэсгэлэнгийн танхимын хойморт Герман улсын уран бүтээлч Роберт Сайдлын “Тунгалаг” хөдөлгөөнт баримлыг байрлуулжээ. Хэлбэрээ тасралтгүй өөрчлөн, жирилзэн урсах уг дүрснээс тэсрэлт, хурд, эрчим мэдрэгдэнэ. Тархин дахь бодлуудын урсгал эсвэл дурсамжуудын холбоос мэт санагдана. Роберт Сайдл өөр өөр эзлэхүүн, өнгөний нягтралтай биесийн таталцалыг дурангаар үзүүлэх, ширхэгт хугарлуудын 3 хэмжээст бөөгнөрөл бий болгох туршилтын үр дүнд шилэн тунгалагийн цаана 9 өөр виртуал баримал бүтээжээ. Тэгш бус хэмтэй найруулга, хийсвэр болон бодит дүрсүүд, орон зай, цаг хугацааны харилцан үйлчлэл зэрэг нь уг бүтээлийг Робертийн 10 гаруй жилийн турш хөгжүүлсөн  “хөдөлгөөнт зураг”, “амьд баримал” концепцид  дөхүүлсэн
гэнэ.

Тэгвэл уг ажлын дэргэд Б.Бат-Эрдэнийн “Мөхлөг” видео үргэлжилнэ. Монголчуудын хайртай “Тунгалаг тамир” бүтээлээс эхээ авчээ. Итгэлт баян сур нухангаа зүхэл тавин суух танил дүрс, морьд давхих тэргүүтэн ээлжлэн хөвөрнө. “Ч.Лодойдамба гуай тухайн үеийн бүх л цензурыг давж, энэ зохиолоо ном болгон хэвлүүлсэн байдаг. Дараа нь дэлгэцийн бүтээл болсон. Сүүлд аудио ном хэлбэрээр мөн гаргасан нь бий. Эх зохиол нь үеийн үед өөр, өөр хэрэгслээр дамжин хүмүүст хүрсээр иржээ. Мөн үе, үеийн хүмүүс таашаан хүлээн авдаг. Тиймээс уг ажлаар дамжуулан хуучин цагийн нийгэм болон одоогийн нийгмийг харьцуулан адилтгаж, бид өнөөдөр хаана явна вэ, бид ямар ул мөрийг үлдээж байна вэ гэсэн асуултыг хөндөхийг хичээсэн” хэмээн уран бүтээлч тайлбарлалаа.

Наадамд сонгогдсон өөр нэгэн уран бүтээлч болох Д.Дашхүү буюу Dasher ул мөр хэмээх ойлголтыг өөрийнхөөрөө хөрвүүлж, граффити бүтээлээр илэрхийлжээ. Түүний хувьд хүнээс үлдэх хамгийн том бөгөөд давтагдашгүй ул мөрийг хурууны хээ хэмээн үзсэн аж. Өөрийн хурууны хээг томруулан зурсны цаана амьдралын зам мөрүүдийг неон өнгөөр дүрсэлжээ. Тухайлбал баруунтайх том хар цэгнүүд гэхэд муу зүйл хийсэн л бол хэзээ ч арилахгүй гэх санааг агуулсан юм байна. Түүний абстракт гэмээр уг зураг аливаа жижиг биетийг микроскопоор харж буй мэт сэтгэгдэл төрүүлсэн. Магад биохимич хэмээх үндсэн мэргэжилтэй нь холбоотой байж болох юм.

Үзэсгэлэнгийн дуу дүрс нийцүүлсэн хамгийн сонирхолтой бөгөөд онцлууштай ажил нь Германы уран бүтээлч Тимо Калны “Шилжилт хөдөлгөөн” юм. Дэлхий дахины толгойн өвчин болтлоо хурцадсан дүрвэгсдийн асуудлыг маш энгийн хэрнээ хүчтэй хэллэгээр хүргэсэн бүтээл аж. “Odyssey sense of origin; displaced futures bundled; dignity lost in transition; breathing voiceless dreams; broken heritages suitcased” гэсэн үгсийг эгнүүлэн бичсэн дээр хулганы сумыг аваачмагц өөр үсэг энд тэнд буруу байрлана. Тэр бүрт үсэг нэг бүрийн ая чийхартаж, харш буруу дуугарна. Эмх замбараагүй байдал, зөрүү ойлголт, харш дуугаралт, хэлэх үгээ олохгүй байх, хөг аялгуу алдах мэдрэмж. Эрх чөлөө, сайхан амьдралыг хайн Одиссей мэт хэрэн хэсэн аялах тэдгээр хүмүүс харь орчинд юутай тулгардгийг уг бүтээлээр илэрхийлэхийг зорьсон болов уу. Өнөө цагийн дэлхийн түүхэнд эл шилжилт, дүрвэгсдийн асуудал ул мөрөө бат үлдээх нь гарцаагүй. Харин эцсийн ул мөр хэрхэн үлдэхийг тодорхойлоход оролцох боломж болон үүрэг хариуцлага бүх хүнд бий.

Түрүүн дурдсанчлан, Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадмын онцлууштай тал нь бидний өмнө тулгараад буй асуудлыг дэвшүүлэн тавьж, хариултыг хамтдаа эрэхэд уриалаад зогсохгүй бүтээлч шийдлүүдийг ч гарган ирдэгт оршдог. Энэ жилийн хувьд хүн төрөлхтний хэтийдсэн хэрэглээ, хурдтай амьдрал эргээд байгаль орчин, эх дэлхийдээ хор учруулж, хожим ямар ул мөр үлдээх тухай асуудлыг хурцаар дэвшүүлсэн юм. Харин уг асуудлын шийдлийг Филиппинийн уран бүтээлч, “Найрсаг Себу хотын залуус” нийгэмлэгийн тэргүүлэгч Фрэнсис Солэно өөрийн ажлуудаараа санал болгож буй.

“Антропоцений ул мөр үү эсвэл амьдралын ул мөр үү?” нэртэй өрөг урлагийн бүтээлдээ тэрбээр хаягдал хуванцар сав ашиглажээ.                Байгаль орчинд үлдээж буй хүн төрөлхтний ул мөрийн талаар асуудал дэвшүүлэхэд ихэвчлэн ертөнцийн төгсгөл ирсэн мэт гутранги үзэл агуулагдаж байдаг. Энэ нь эерэг өөрчлөлт үзүүлэхээс илүү сөрөг нөлөөтэй. Хүн, байгаль орчин, гоо зүйн хоорондын харилцааг илэрхийлэх тус бүтээл нь байгаль орчинг хамгаалах хөдөлгөөнд шинэлэг хандлагыг санал болгож байна. Хаягдал ашиглан бүтээл туурвих нь цоо шинэ санагдахгүй байж мэднэ. Харин түүний онцлог трашион (trashion=fashion+trash) гэсэн нэр томъёо, ойлголтыг үүсгэж хөгжүүлэн, өөрийн нэрийн брэндийн хүрээнд хаягдал ашиглан хувцас болон хэрэгцээний бусад эд хэрэгсэл хийж, дэлхий даяар борлуулахын сацуу түүгээрээ дамжуулан хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал алдагдаж буйг, эх дэлхийгээ аль болох бохирдолгүй байлгах учиртайг хүмүүст сануулж, үйл ажиллагаандаа татан оролцуулж чаддагт оршино. Түүнчлэн дизайныг нь гаргасан тэдгээр хувцаснуудыг орон нутгийн, бага орлоготой хүмүүсээр хийлгэж, амьдралд нь хувь нэмэр оруулдаг аж.

Наадмын турш оролцож буй гадаадын уран бүтээлчид Монголд цувран ирцгээх бөгөөд “Урлагтай яриа” уулзалтын хүрээнд олон нийттэй ярилцаж, мэргэжлийн сургуулийн оюутнууд, залуу уран бүтээлчдэд сургалт явуулж буй юм. Дээрх бүтээлүүд нь үзэсгэлэн болон наадмын нэг хэсэг бөгөөд та Соёлын төв өргөөнд байрлах Монголын Уран Зургийн галерейд орчин үеийн медиа урлагийн шилдэг бүтээлүүдтэй бүрнээр нь танилцаж, өөрийн ул мөрийг хэрхэн үлдээх тухай эргэцүүлж, бидэнд тулгамдсан асуудлуудад хүн нэг бүр хэрхэн оролцож болохыг, бүтээлчээр хэрхэн хандах тухай яриаг үүсгэхэд нээлттэй. Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Хоёрдугаар Наадам 2017 оны 7-р сарын 9 хүртэл үргэлжлэх бөгөөд сонирхолтой, өрнүүн бяцхан аялал болохын сацуу үзэгч Та бүхэн урам зориг, санаа сэдлээр лав цэнэглэгдэх болов уу!

Б.ЭГШИГЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж