А.Гансүхийг сонгуулийн дараа шүүнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

А.Гансүхийг сонгуулийн дараа шүүнэ

Mongolbank.mn сайтад 2012 оны 6 сарын инфляцийн задаргааг нийтэлжээ.

Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр гарсан шүүхийн энэхүү шийдвэрийг А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан билээ. Ингээд давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн мягмар гаригт буюу зургадугаар сарын 20-нд хэлэлцэх  байсан ч сонгуулийн дараа болгож хойшлуулжээ.  Учир нь, яллагдагчаар татагдсан А.Гансүх нарын зарим хүн өмгөөлөгчөөсөө татгалзсан байна.

Одоо хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж эсэргүүцсэн прокурорын хүсэлтийг зургадугаар сарын 29-ний өдөр хэлэлцэхээр товлоод байгаа аж. 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг улс төртэй холбон хүлээж авах хэсэг байна.  Тэдэнд “Сонгуулийн дараа гурван нэр дэвшигчийн хэн сонгогдохоос хамаарч А.Гансүх нарыг буруутгах эсэх нь шийдэгдэнэ” гэсэн хардлага бий.

Сануулахад, “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж А.Гансүх нарын таван хүнийг хуулийнхан буруутгасан билээ. Сайд асан А.Гансүхээс гадна өмнөх Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-д төсөл хариуцсан хэлтсийн дарга асан А.Зориг, БНСУ-ын “SCTECM” компанийн захирал Ли Жон Ёл, ажилтан Гу Дун Хён нарт  Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн юм. Хэргийн мөрдөн байцаалт  дуусч, прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн  өнгөрсөн гуравдугаар сард /2017.03.29/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.   Гэтэл А.Гансүх нарын  таван хүн холбогдох  эл хэргийн анхан шатны шүүх хурлыг хийлгүйгээр, мөрдөн байцаалтад буцаасан билээ. Үүний дараа нийслэлийн Прокурорын газрын прокурор Б.Хурц, Б.Дэндэвдорж нар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан буюу  өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр  гарсан шүүхийн захирамжийн эсрэг эсэргүүцэл бичсэн юм.

Нийслэлийн Прокурорын газраас А.Гансүх нарын хэргийг Эрүүгийн хуулийн 148.4, 150.3, 263.2, 272.2-оор зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байжээ.

Яллагдагчдын өмгөөлөгчөөр С.Баясгалан нарын 11 хүн ажиллаж байна. Харин давж заалдах шатны шүүх хурал дээр зарим яллагдагч өмгөөлөгчөөсөө татгалзаж, хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байгаа юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж