УИХ-аас Ахмад настны тухай хуулийг шинэчлэн баталснаар сувилалд үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр амрах, жилдээ хоёр удаа насны хишиг хүртэх, ажил хөдөлмөр эрхлэх бололцоо бүрдээд байна. Ажил хөдөлмөр эрхлэхэд нь зориулж энэ жил 1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Ахмадын тухай хуулийн ОНЦЛОХ ЗААЛТУУД-ыг тоймлон хүргэж байна.
ХҮНДЭТ ДОНОРУУД ҮНЭГҮЙ СУВИЛУУЛНА
Хүндэт донор ахмад настнууд рашаан сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулдаг байсан бол энэ хууль хэрэгжиж эхэлснээр 100 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Бусад ахмад настнууд ч амралт, сувилалд жилдээ нэг удаа амрахад хөнгөлөлт эдлэх боломж хэвээр хадгалагдаж байна. Тухайлбал, хоногийн 30 мянган төгрөгийн үнэтэй сувилалд 10 хоног амрахад төлбөр нь 300 мянган төгрөг болоход буцааж 200 мянган төгрөгөө Нийгмийн халамжийн сангаас авах юм.
Сувилалд амрахдаа Хорооны Засаг даргын тодорхойлолт, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар байх шаардлагатай, мөн төлбөрөө төлнө. Төлбөр төлсөн баримтыг үндэслэн, Халамжийн сангаас төлбөрийг нь буцаан олгоно.
аХМАДУУДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!
ХИЙМЭЛ ШҮД ХИЙЛГЭСНИЙ ТӨЛБӨРӨӨ БУЦААН АВНА
Таван жил дотор ахмад настан хиймэл шүд хийлгэсэн бол төлбөрөө буцаан авдаг байсан бол энэ хуулиар гурван жил болгон, багасгажээ. Ингэснээр гурван жил тутамд хиймэл шүдээ шинэчлүүлэх боломж ахмад настнуудад бүрдэж байгаа юм.
Хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын хяналтад авч, асран сувилах тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг ахмадын эмч болон сувилагч, тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулна.
АХМАДУУДЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА
Тэтгэвэртээ гарсан ахмад настнууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон ахмад настны хөгжил оролцоог дэмжих үйлчилгээнд хамрагдана. Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг сум, хорооны ажилтан бүртгэж, мэдээллийн санг аймаг, нийслэл болон үндэсний хэмжээнд бүрдүүлэх аж. Мэдээллийн санд үндэслэж ахмад настныг ажилд зуучлах, нөхөрлөл хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих, бизнес инкубацын үйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох, шинэ дадал олгох сургалтад хамруулах юм байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настны зөвлөх үйлчилгээнд 1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнд 3500 ахмад настныг хамруулах юм. Ингэхдээ ахмадууд залуу үедээ туршлагаасаа хуваалцаж, зааж зөвлөн хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Мөн ахмад настнуудыг гэрээт ажилтан, зөвлөх, сургагч багшаар ажиллуулах боломжтой.
ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ
Нийгмийн даатгалын сангаас ахмадад олгох оршуулгын тэтгэмжийг 100 хувь болгон нэмэгдүүлжээ. Өмнө нь 75 хувиар тооцож олгодог байсан аж. Мөн ганц бие ахмад гэсэн шалгуурыг хассан байна. Ингэснээр Монгол Улсын бүх ахмад настан оршуулгын тэтгэмж /1,0 сая төгрөг/ авах эрхтэй болжээ.
65 НАСНААС ХИШИГ ХҮРТЭНЭ
Ахмад настнууд буюу 65 наснаас жилдээ хоёр удаа насны хишиг хүртэнэ. Үүнд: 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмадад 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг авна. Насны хишгийг жил бүрийн үндэсний их баяр наадам, сар шинийн баярын өмнө олгож байхаар хуульчилсан юм.
УИХ-аас 2017 оны төсвийг батлахдаа насны хишиг олгоход зориулж 20.5 тэрбум төгрөг суулгасан. Үүнээс 9.5 тэрбум төгрөгийг сар шинийн өмнө 114 мянган ахмадад олгосон бол ирэх долдугаар сард 118 мянга орчим ахмад настанд 10.2 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй байна.
Г.ХОРОЛ