Судалгаа муу төслүүд барилгын салбарыг удаашруулж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Судалгаа муу төслүүд барилгын салбарыг удаашруулж байна

Замын-Үүдэд онгоцны буудал барих ажлын хэсэг албан ёсоор томилогджээ. Ажлын хэсгийнхний эхний ажил бол онгоцны буудал аэродром байгуулах зорилгоор аэродромын талбай сонгох, судалгаа хийх, тайлан дүгнэлт гаргах гэнэ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Үл хөдлөх хөрөнгийн ‘Тэнхлэг зууч’ компани, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, ‘Ард’ санхүүгийн нэгдэл хамтран “Real Estate forum 2017” арга хэмжээг өнөөдөр /2017.06.22/ МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт барилгын салбарт тулгамдаж буй гурван асуудлаар холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж санал бодлоо солилцож байна.

“Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн

Тухайлбал “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн “Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын нөхцөл байдал” судалгааны үр дүнгээ танилцууллаа. Тэрээр “Барилгын салбар сүүлийн хоёр, гурван жил удаашралтай байгаа. Одоогийн нөхцөл байдлыг дүгнэвэл 260 гаруй төсөл хэрэгжүүлэгч нар идэвхитэй захиалга авч, төслөө хэрэгжүүлэн явж байна. Энэ нь нийтдээ 40 орчим мянган айлын орон сууцны асуудал гэсэн үг. Үүнээс ашиглалтад орсон хэдий ч борлогдоогүй 6300 орчим айлын орон сууц байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нийлүүлэлтийн асар их илүүдэлтэй болчихсон, нөгөө талаасаа иргэдийн худалдан авах чадамж нэлээд буурсан байгаатай холбоотой. Нийлүүлэлт илүүтэй, эрэлт сул байгаа нь барилгын салбарын нөхцөл байдлыг тодорхойлж байна” гэлээ.

“Тэнхлэг зууч” компанийн контент, маркетингийн захирал Д.Гэрэлт-Од

Барилгын салбарын удаашралтад эдийн засгийн хямралын мөчлөг таарсан, нөгөө талаас бизнес эрхлэгч нар судалгаа муу, иргэдийн худалдан авах чадварыг харалгүй олон төсөл хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж хэлэлцүүлгийн үеэр дурдаж байна. Мөн бизнес эрхлэгч болон барилгын компаниуд маркетингийн уламжлалт аргаасаа салаагүй байгаа нь борлуулалтад нөлөөлж байгааг тус компанийн контент, маркетингийн захирал Д.Гэрэлт-Од хэлж байна. 

Тэрээр “Маркетингийн чиг хандлага, хүмүүсийн худалдан авах дараалал, шийдвэр гаргах нөхцөл байдал, мэдээлэл авч буй эх үүсвэр, интернэтийн хөгжил, технологийн дэвшилээс болж уламжлалтаас тэс өөр болж эхэлж байна. Иймээс маркетингийн шинэ арга хэрэгслүүдийг ашиглах хэрэгцээ, шаардлагатай болчихоод байна. Манай барилгын салбарынхан энэ тал дээр хожигдож явна гэж харж байгаа. Жишээ нь барилгын компаниудын ихэнх нь цахим хуудасгүй байна. Зарим нь цахим хуудастай хэрнээ огт хөтлөж, хөгжүүлдэггүй. Контент орж байгаа давтамжууд нь хол, нэг хэсэг оруулж байгаад хаячихсан байдаг. Хүний худалдан авах шийдвэрт нөлөөлөхөд тохирсон контент бэлтгэж оруулдаггүй, агуулга нь зарын шинж чанартай байдаг” гэлээ. Иймээс барилгын салбарынхан зар сурталчилгаа, маркетингдаа ахиц гаргах хэрэгтэйг хэлэлцүүлгийн үеэр дурдлаа.

Г.Түшиг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж