Далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын тээврийн салбар нь стратегийн чухал салбарт тооцогддог. Энэ салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компаний түүхийн хуудсанд тодоор бичигдэх нэгэн чухал үйл явдал өнөөдөр /2017.06.22/ болж байна.
Тодруулбал, БНСУ-ын хоёр дахь том хот болох Пусан хотыг чиглэсэн шууд нислэгийн нээлтээ хийн анхны зорчигчидоо тээвэрлэх гэж байна. Энэ чиглэл нээгдсэнээр 2 улсын иргэд харилцан зорчиход нэн таатай нөхцөл бүрдэхээс гадна зөвхөн иргэд харилцан зорчихоор хязгаарлагдахгүй худалдаа наймаа, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын салбар цаашлаад БНСУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж албаны хүмүүс үзэж байна.
Зорчигчидоо зорьсон газарт нь аюулгүй найдвартай хүргэхээр МУ-ын Гавьяат нисгэгч Дамбаравжаагийн Оюунболд тэргүүтэй нисэх бүрэлдэхүүнтэй Боинг 737-700 агаарын хөлөг өнөөдөр өглөө 06:05 цагт Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас Пусан хотыг чиглэн хөөрч Кимхае ОУ-ын Нисэх онгоцны буудалд амжилттай буулаа.
Анхны аялалд “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс болон БОНХЯ, МАЖХолбоо болон хоёр улсын хооронд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид дагалдан явсан байна. “МИАТ” ХК Пусаны аялал жуулчлалын корпорацитай хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Өнөөдрөөс эхлэн МИАТ-ийн Боинг агаарын хөлгүүд 7 хоногт 2 өдөр буюу Пүрэв, Ням гарагуудад уг чиглэлд шууд нислэг үйлдэх юм .
Өнөөдрийн байдлаар “МИАТ” компани Боинг үйлдвэрийн 6 агаарын хөлөгтэйгээр Бээжин, Сөүл, Токио, Хонгконг, Москва, Берлин, Франкфурт, гэсэн ОУ-ын 7 чиглэлд шууд нислэг үйлдэж байсан бол өнөөдрөөс эхлэн ийнхүү БНСУ-ын 2 дахь том хот болох Пусан хот руу шууд нислэгтэй болж байна.
“МИАТ” компаний тухайд 2016 онд 1667 удаагийн аялалаар 14580 цагийн нислэг үйлдэн 492000 гаруй зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх 2015 онтой харьцуулбал зорчигч тээвэрлэлт 6.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Компани өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд олон ажил хийж байна. Тухайлбал: Зорчигч, үйлчлүүлэгчдэд хандсан үйлчилгээг цогцоор сайжруулахаар 2017 оныг “Үйлчилгээний чанар, стандартын жил” болгон зарлаж, энэ хүрээнд 5 дугаар сараас эхлэн бүх чиглэлд хоолны цэс шинэчлэгдэн бизнес ангилалд 2 сар тутамд, энгийн ангилалд 3 сар тутам шинэ хоолны цэсээр үйлчилж эхлээд байна. Нислэгийн зайнаас хамаарч зорчигчдыг ая тухтай, сэтгэл хангалуун аялуулахын тулд нэмэлт, шинэ бүтээгдэхүүнийг нислэгийн үеийн катерингийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн арилжааны банкуудтай хамтран нислэгийн тасалбарыг цалингийн болон бусад төрлийн зээлээр борлуулах ажил 7р сард багтан хэрэгжинэ.
Одоогийн байдлаар нислэгийн сүлжээндээ хязгаарлагдан зөвхөн нэг цэгээс нөгөө цэг рүү шууд нислэг үйлдэж байгаа бол цаашид гадны агаарын тээврийн компанитай аялалын дугаар хамтран эзэмшиж нислэгийн сүлжээгээ өргөтгөхөөр ажиллаж байна. Үр дүнд нь зорчигчид МИАТ компаний ОМ гэсэн бүртгэлийн дугаараар Хонгконгоор дамжин цаашаа Австралийн 4 хот, Энэтхэгийн Шинэ Дели , Сингапур зэрэг чиглэлүүд зорчих боломж бүрдэх юм.
Ингэснээр зорчигч санхүүгийн хувьд бага зардлаар олон сонголттой тарифаар үйлчлүүлэх боломж нээгдэнэ. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан технологийн шинэчлэл хийгдэх бөгөөд Amadeus компанитай хамтарсан төсөл хэрэгжүүлж дэлхийн 135 агаарын тээвэрлэгч компани зорчигч үйлчилгээндээ ашигладаг програмыг монголын хөрсөнд нутагшуулхаар зорьж байна.
Өнгөрсөн онд улс орны эдийн засгийн өсөлт буурсан амаргүй цаг үе байсан ч МИАТ компаний хувьд ашиг орлого эерэг үзүүлэлттэй гарч Төрийн өмчит компани ашигтай ажилллаж болдог гэдгийг 2 дахь жилдээ харуулж чадсан. Тодруулбал 2016 онд 6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан явдал бол хамт олны хичээл зүтгэл гэдгийг үр дүн гэдгийг компаний удирдлага энэ үеэр онцолж байлаа.
Та дэлгэр зуныг хэрхэн өнгөрүүлж аль улс хот руу аялаж амрах талаараа хараахан төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй бол МИАТ компаний ОУ-ын 8 чиглэлд үйлдэж байгаа шууд нислэгийн аялалаас сонголтоо хийх боломжтой. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс МИАТ н нислэгийн чиглэл тасалбарын үнэ тариф нислэгтэй холбоотой мэдээллийг 333-999 дугаарын лавлах утаснаас 24 цагийн турш авах боломжтой.