Захидлын уралдаанд 350 гаруй захидал ирээд байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Захидлын уралдаанд 350 гаруй захидал ирээд байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Захидлын уралдаанд 350 гаруй захидал ирээд байна

“Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их ёслол 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт болов.

Төв аймгийн Прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нийт хорих ангиудад хүмүүжиж байгаа ялтнуудын дунд “Намайг уучлаарай” сэдэвт захидлын уралдаан зарласныг бид өмнө мэдээлсэн билээ.

Тус Прокурорын газарт ялтнуудаас сэдвийн дагуу чин сэтгэлийн уучлалт хүссэн захидлуудаа ирүүлсээр байгаа ажээ.

Бид Төв аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Алимаагаас энэ талаар тодрууллаа.

-Танайхаас нийт ялтнуудын дунд зарласан “Намайг уучлаарай” шилдэг захидлын уралдаан одоо ямар шатандаа явж байна вэ?

-Ялтнуудын дунд зарласан “Намайг уучлаарай” шилдэг захидлын уралдаан үргэлжилж байна. Энэ уралдаанд хорих ангиуд идэвхтэй оролцож, анги байгууллага дээрээ сайн удирдан зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 350 гаруй захидал ирсэн. Зарим хорих ангиуд утсаар ярьж захидлуудаа нэгтгэж шуудангаар явуулсан талаар мэдэгдсэн. Хүлээж байна.

-Захидлын утга санаа ямар байна вэ?

-Ялтнууд ихэнхдээ ээжээсээ уучлалт хүсдэг юм байна. Ижийдээ хандаж бичсэн захидал олон байна. Аав ээжээсээ, үр хүүхдээсээ, ханиасаа, эх орноосоо, хохирогчоосоо, бурхан болсон аав,ээж, үр хүүхэд, ханиасаа хүртэл уучлалт гуйж  байна.Тэр ч байтугай хэргийг нь хянаж шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокуророос  уучлалт гуйсан захидлууд ирүүлсэн. Бидний энэ ажил бол хорих ял эдэлж байгаа хүмүүсийн сэтгэлд байгаа хэн нэгэн хүнд хэлээгүй, хэлэх гэсэн чин сэтгэлийн үгийг гаргаж тэдгээр хүмүүст нь дамжуулж байгаагаараа онцлог юм.

Бичсэн төрөл хэлбэрээр нь авч үзэхэд захидлаа үргэлжилсэн үгээр бичиж байна. Мөн шүлэг бичиж уучлалт хүсч байна. Үргэлжилсэн үг, шүлэг хослуулан бичсэн захидлууд ч олон бий. Ер нь өөрийн санаагаа үгээр илэрхийлэхдээ их бодож байж сэтгэлээсээ бичиж байгаа нь мэдрэгдэж байсан. Шүлэг бичээд дуу болгочихсон ч тохиолдол байна.

Захидлуудад хорих ял эдэлж байхдаа барилгын, оёдлын, засварчны, үсчний, тогоочийн гэх мэт олон дамжаа дүүргэж мэргэжилтэй болсон, ажил хийж, сайхан амьдарна, алдаа болгоноо орхиж, алдсан хугацаагаа нөхөж амьдарна талаар мөн  бясалгалд сууж муу бүхнээ хаяж өөрийгөө ялан дийлж сурсан талаар бичиж байна. Ялтнуудын сэтгэлд яаж хугацаагаа дуусгана гэж санаашралгүй, сэтгэлд нь бага ч гэсэн гэрэл байгаа нь харагдлаа. Мөн хорих байгууллагуудаас зохион байгуулж байгаа сургалт, хүмүүжлийн ажил хүрэх эзэндээ хүрч байна гэсэн бодол надад төрсөн.

”Намайг уучлаарай” гэсэн захидлын уралдаан зарлаж хэлээгүй, хэлэх гэсэн үгээ бичгээр хэлэх боломж олгосон Төв аймгийн Прокурорын газарт баярласан талархсанаа олон хоригдогч илэрхийлсэн байгааг хэлэхэд таатай байна.

-Захидлаа хэзээ дүгнэж шалгаруулах вэ?.

-Бид мэргэжлийн хүмүүсээр, тухайлбал Монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч, яруу найрагчид оролцуулсан ажлын хэсэг гаргаж бодитой дүгнэж байр эзлүүлэн дүгнэхээр шийдвэрлээд байгаа.

-Захидлуудыг эзэнд нь хэрхэн яаж хүргэхээр төлөвлөж байгаа вэ?

-Захидал бүр очих эзэнтэй. Өөрөөр хэлбэл захидал хүлээн авах хүний нэр, хаяг нь захидал дээр тодорхой байгаа. Хаягаар нь хүргэнэ. Зарим хүмүүстэй  утсаар нь холбогдож тодруулан  хүргэх арга хэмжээ авна.

-Захидал бичиж шалгарсан хоригдогчдод шагнал урамшууллаа хэзээ гардуулах вэ?

-Аль ч хорих ангийн ялтан түрүүлсэн бай байгаа газар нь очиж шагналыг гардуулна гэсэн бодолтой байгаа. Нэгдүгээр байр 2, хоёрдугаар байр гурав, тусгай байр 1 байгаа. Шилдэг захидлуудыг эмхтгэн “Намайг уучлаарай” шоронгоос бичсэн захидлууд гэсэн ном гаргана.

Энэ нь бусдад сургамж болох ёстой. Ер нь захидлуудаас харахад “хожимдсон гэмшил”-ийн тухай л байна.  Юунд бусдын муу нөлөөнд автав, яагаад хүн шиг амьдарч чадсангүй вэ, ээж аавынхаа хэлсэн үгийг яагаад ойлгодоггүй байв, хань, үр хүүхдээ яагаад өнчрүүлэв,  архи сархад хэтрүүлэн хэрэглэсний хор уршиг юунд хүргэж байна, гэх мэтийн олон асуултын хариу захидлуудад бичигдсэн.

Зарим нь уйлж байгаад бичсэн халтартсан захидал ч бий, ихэнхдээ сэтгэл дотроо уйлж бичсэн захидал олон бий дээ.

-Дээрх захидлын уралдаанд идэвхтэй оролцож байгаа хорих анги байгууллагыг нэрлэхгүй юу?

-Энэхүү захидлын уралдаан бол анх удаагаа зохион байгуулагдаж байгаа ялтныг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн томоохон ажил юм. Прокурорын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа сайн байгаа нь тус Прокурорын газраас зохион байгуулж байгаа захидлын уралдаанд ялтнуудыг хамруулж захидал ирүүлж байгаагаас тодорхой харагдаж байна. Баян-Өлгийгөөс, Дорнодоос, Хөвсгөлөөс, Дорноговиос гээд эх орны 4 зүг, 8 зовхист байгаа хорих ангиуд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж байгаа ялтнууд захидлаа ирүүлсэнд баяртай байна. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газарт эмчлүүлж байгаа хүмүүсээс бас захидал ирсэн. Бид ажлаа зохион байгуулж чадлаа. Одоо шалгаруулах гэдэг хамгийн хариуцлагатай ажил үлдээд байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: ШШГЕГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс