С.Эрдэнэ: Бид мөнгө тараагаагүй, тараах мөнгө ч байхгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Бид мөнгө тараагаагүй, тараах мөнгө ч байхгүй

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр хуралдаж, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг албан ёсоор байгуулжээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нар өнөөдөр /2017.06.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намаас  2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа үйл явц болон сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.


С.Эрдэнэ: Эрх баригчид цагдааг нохойд барьдаг мод шиг ажиллуулж байна

Сонгуулийн сурталчилгаа богино байсан ч АН 21 аймаг, 20 сум, дөрвөн тосгонд нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулж, уулзалтуудыг зохион байгуулжээ. АН-ын дарга С.Эрдэнэ “Бид маш богино хугацаанд эх орноо машинаар тойрч, хүч тэнцвэргүй сонгуульд оролцож байна. Эрх баригчдын зүгээс АН-ын сурталчилгааг нэвтрүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг дарамтлах асуудал хэрээс хэтэрч байна. Зөвхөн АН-ын сурталчигааг олон нийтэд мэдээлсэн 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг байцаах, мэдүүлэг тайлбар авах гэх мэтээр төрийн дарамтыг янз бүрээр үзүүлж байна. Үнэнийг бичсэн сэтгүүлчийг гэрээс нь баримтлах, эрүүдэн шүүх арга барилаар ажиллаж байгаад харамсч байна. Монголын ардчиллыг төлөөлж байгаа намын даргын хувьд энэ асуудалд туйлын эмзэглэж хандаж байна. Түүнчлэн эрх баригчдын луйврыг илчилсэн иргэнийг цагдаагийн хамгаалалтад авах нэрийдлээр сэтгэлзүйн дарамт үүсгэх, эрүүгийн хэрэг үүсгэх зэргээр дарамт үзүүлж байгаа нь ардчилсан Монгол Улсад байж болохгүй үйлдэл. Мөн цагдаа, хүчний байгууллагынхан Ан-ын сонгуулийн штабуудаар шалгалт хийж, сурталчилгааны материалыг хураах гэх мэт дарамт үүсгэх оролдлого тоогоо алдаж байна. Цагдаагийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа байж боломгүй, эрх баригчдын гар хөл болсны тод жишээ гэж бодож байна. Цагдаагийн байгууллага бол ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, төрийн хуулийг мөрдөж, төрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй хүмүүс. Гэтэл аль нэг улс төрийн хүчний нохойд бардаг мод шиг ажиллаж байгаад харамсч байна. Цагдаагийн зарим шударга албан хаагчид байгааг онцолмоор байна. АН ийм хүнд нөхцөлд сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа ч маш олон судалгаагаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр байгаа учраас эрх баригчдын зүгээс АН-ын нэр дэвшигчийг харлуулах ажиллагааг идэвхтэй явуулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

АН-аас өгсөн гомдлыг шалгахгүй байна гэв

Ардчилсан намын зүгээс хэд хэдэн асуудлаар хуулийн байгууллагад хандсан байгаа. Тухайлбал, 60 тэрбумтай холбоотой асуудлыг шүүх, цагдаа, АТГ гэх мэт хууль хяналтын бүх байгууллагад хандсан. Мөн өөр бусад олон асуудлаар хуулийн байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч асуудлыг нь хуулийн байгууллага шалгахгүй байгаа гэж АН-ынхан удирдлагууд хэллээ. Гэтэл 60 тэрбумын тухай мэдээлэл дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллагыг дарамтлах, эрүүгийн хэрэг үүсгэх үйлдлүүд хийж байгаад харамсч байгаа гэдгийг тэд хэллээ. 60 тэрбум төгрөгтэй холбоотой гэмт хэрэг бол нотолгоотой баримттай, гэрч нь өөрөө баталж байгаа үйлдэл. Гэвч эрх баригчид гэмт үйлдлийг илрүүлэх үйлдлийг дарамталж байгаа нь гэмт үйлдлийг зохион байгууллаттайгаар нуун дарагдуулах гэсэн оролдлог учраас цагдаагийн удирдлагууд хууль дээдлэх зарчмаар ажиллаач гэж хүсч байгаагаа хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийллээ. Саяхан олон нийтийн сүлжээгээр “МАН-ын удирдлагууд сонгууль луйвардсан байж болохуйц” үйлдлийг илэрхийлсэн бичлэг тарсан. Энэ бол нэг талаас наргиа, тоглоом хийж байгаа боловч ярианы утга нь маш ноцтой байж болох зүйл ажиглагдаж байгаа юм. Эрх баригчид аливаа асуудлыг эвлүүлэг, гүжирдлэг эсвэл АН-аас хийсэн гэсэн шалтгаар бүхнийг хаацайлж байна. Харин энэ удаагийн энэ бичлэгийг эвлүүлэг гэж лав хэлэхгүй байх гэдгийг хэллээ.

“МАН-ын нэр дэвшигчид саналаа өгвөл мөнгө өгнө”

Эрх баригчдын зүгээс иргэдийн регистрийн дугаарыг авах, санал өгснийхөө дараа саналын хуудасны зургаа гар утсаар дарж ирвэл 100 мянган төгрөг өгнө гэж, сонгогчийн саналыг татах дарамт явуулж байгаад бид харамсч байна гэж АН-ын дарга онцолсон. Мөн төрийн албан хаагчдыг АН-ын сонгуулийн уулзалтад оруулахгүй байх, хамаатан садныхаа регистрийн дугаарыг цуглуулах гэх мэт үйлдлийг хийж байгаа бөгөөд хэрэв ингэхгүй бол ажлаас хална гэж дарамталж байгаа гэнэ, эрх баригчид. Сонгуулийн сурталчилгаанд явж буй ухуулагч нарыг 20-30 хүний регистрийн дугаар авчрах гэх мэтээр дарамтлах үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж, уриалж байгаа гэлээ. Мөн АН-ын зүгээс сонгогч олондоо 50 мянга, 500 мянган төгрөгөөр саналаа битгий худалдаарай, тэр мөнгийг нь авсан ч сонголтоо зөв хийгээрэй гэж уриалж байна гэдгийг онцоллоо.

Эдгээр асуудал, үйл явдлууд нь АН-аас зохион байгуулсан зүйл биш Монгол төрөө, төрийнхөө дархлааг авч үлдэх гэсэн шударга иргэдийн хийж буй алхам юм. Тиймээс энэ үйлдлээ зогсоож, МАН-ын зүгээс тайлбар гаргахыг бид албан ёсоор шаардаж байна.


Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

С.Эрдэнэ: МАН-ын дарга нарын уулзалтыг дотроосоо гаргасан байхыг үгүйсгэхгүй

-Олон нийт хар пи-ар маш их хийж байна. Яагаад нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөхгүй байгаа юм бэ?

-Маш их гүтгэлэг цацаж байгаа асуудлыг бид бүгд харж байна. АН-ын зүгээс гүтгэлэг, хар пи-арыг хийгээгүй. Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн байгууллагаар явж байгаа мэдээллийг АН-д наах гэж оролдож байна. Үнэхээр тийм бол түүнийгээ батлах ёстой гэж бодож байна. Хэвлэн нийтлэх нь олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа. Аливаа асуудал гарч ирэхэд АН-аас тараасан, гүтгэлэг, эвлүүлэг гэж хариуцлагаас мултрах гэсэн сонгодог аргыг эрх баригчид олж авсан. 60 тэрбумын 90 минутын бичлгийг эвлүүлэг мэтээр ярьж, өөрсдийгөө хамгаалж байгаа эрх баригчдад хариуцлага тооцох цаг нь болсон.

-СЕХ-ны удирдлага болон бусад хүмүүс М.Энхболдтой уулзсан бичлэгийг АН-ын сонгуулийн штабаас өгсөн гэж хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулсан. Энэ бичлэгийг АН тараасан уу, тараасан бол хаанаас авсан бэ?

-Тэр нэвтрүүлгийг бид сошиал сүлжээ болон зарим телевизээр үзсэн. Манай намаас ийм нэвтрүүлэг бэлдээгүй гэдгийг Сонгуулийн штаб удирдаж байгаа хүний хувьд албан ёсоор мэдэгдэж байна. Энэ бичлэг магадгүй МАН дотроос хийсэн бичлэг байх. Их л ойр, дотны хүн нь хийсэн бичлэг байна гэж харсан. Яахаараа АН хийсэн байж таарах уу. Түүнээс гадна өнөөгийн эрх баригчид маш их хагаралтай байгаа. Дотроосоо зориуд хийсэн байхыг үгүйсгэхгүй.

-Ардчилсан намаас ч мөн мөнгө тарааж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Ялангуяа Баянзүрх дүүргийн зарим хороодод АН-ын сонгуулийн штаб мөнгө тарааж байгаа, тараана гэсэн мэдээлэл маш их байна. Энэ мэдээлэлд тайлбар  өгөөч?

-Ардчилсан намын зүгээс мөнгө амлаж, тараах асуудал яриагүй. АН-д тийм их хэмжээний мөнгө ч байхгүй. Эрх барьж байгаа, бохир аргаар асар их хэмжээний мөнгө цуглуулж байгаа хүмүүс л мөнгө тараах боломжтой байх. Бид шударгаар өрсөлдөж байгаа.

-Гурван нэр дэвшигч мэтгэлцэх асуудал яригдсанаас хойш АН-ын зүгээс МҮОНРТ бол эрх баригчдад үйлчилж байгаа гэж хэлж байсан. Бямба гаригт МҮОНРТ дээр халз мэтгэлцээнийг юу гэж харж байна?

-Мэтгэлцээнийг эхнээсээ зургадугаар сарын 24-нд байхаар тохиролцсон байсан. Харин байршлаа тогтоож чадаагүй байсан. Бид сонгуулийн суталчилгаа эхлэхийн өмнө 21 аймаг, сумдад ажиллах маршрутаа гаргасан байсан. Тэгээд сурталчилгаагаа хийгээд явж байтал гэнэт араас мэтгэлцээнд оролцох урилга ирүүлсэн. Мэтгэлцээний асуудал бол анхнаасаа зохион байгуулсан арга ядсан үйлдэл л болсон юм. Гэнэт, тулгаж зарласан мэтгэлцээн бол тавилттай жүжиг байсан.

-С.Ганбаатар нэр дэвшигч гадаадын иргэнээс 50 сая вон авсан. Энэ асуудал дээр АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэр дэвшигч С.Ганбаатар нь гадаадын иргэнээс 50 сая вон авсан бичлэг тараагдсан. Энэ асуудлаар СЕХ, хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хууль зөрчсөн нь илэрсэн тохиолдолд СЕХ дээр энэ асуудлыг шууд авч хэлэлцэх боломжтой. Хуулийн байгууллага нэгэнт ил болсон асуудал хуулийн дагуу арга хэмжээ авах байх гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж