Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан гэх Ажлын хэсгийнхэн тус холбооны ээлжит бус “Их Эе”-ийг 2017 оны тавдугаар сарын 28-нд хуралдуулж, холбооны шинэ тэргүүнээр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг сонгосон үйл явдал болсон билээ.
Тус хурлаас МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон ч МҮБХ болон тус холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар уг хурлыг ‘Хүчингүй, ямар нэгэн шийдвэр гаргах, удирдлагыг өөрчлөх чадамжгүй хурал. Хэсэг хүмүүсийн зохион байгуулалттай ажил’ гэж эрс үгүйсгэсэн юм.
Тэгвэл Ээлжит бус ‘Их Эе’-ийг зохион байгуулах шийдвэр гаргаж, хуралдуулсан Цэцдийн зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, одоогийн тэргүүн Р.Нямдоржийг ажлаа өгөхийг шаардсан байна. Түүнчлэн МҮБХ-ны шинэ удирдлага Л.Чинбат тэргүүн Р.Нямдоржтой биечлэн уулзсан боловч шаардлагыг хүлээж аваагүй ажээ. Тиймээс МҮБХ-г удирдах ёстой гэж өөрсдийгөө үзэж буй талынхны зүгээс Р.Нямдоржийг ажлаа нэн даруй хүлээлгэн өгөхийг дахин шаардаж, бөхчүүдийг эв нэгдлээ эрхэмлэж, элдэв хууль бус хурал, зөвлөгөөнд оролцохгүй байхыг уриалжээ. Мөн Р.Нямдоржийг ажлаа өгөхгүй бол шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.
Сануулахад,
Тавдугаар сарын 28-нд болсон, хүчинтэй, үгүй нь эргэлзээ төрүүлсэн уг хурлыг зохион байгуулсан Ажлын хэсгийнхэн тухайн үед “Улсын дээд шүүхийн 2003 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 403 тоот тогтоол байна. Энэ тогтоол дээр Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлаар ээлжит бус “Их Эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахыг МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд үүрэг болгосон байдаг. Энэ нь гурван шатны эцсийн шийдвэрийн дараа гарсан. Үүнийг хэрэгжүүлэх асуудал сүүлийн 14 жил явагдлаа. Нэг үгээр шүүхийн тогтоолын дагуу “Их Эе” хуралдсан” гэх тайлбарыг өгч байсан юм.
Б.БАТ