“АСПАК-2017 Улаанбаатар” АЛХАМ БИШ ҮСРЭЛТ байлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

“АСПАК-2017 Улаанбаатар” АЛХАМ БИШ ҮСРЭЛТ байлаа

“АСПАК-2017 Улаанбаатар” АЛХАМ БИШ ҮСРЭЛТ байлаа

“JCI МОНГОЛ”-ЫН 26 ЖИЛИЙН ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛИЙН ҮР

Ази-Номхон далайн бүсийн “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалт өнгөрсөн 8-11-ний өдрүүдэд амжилт дүүрэн болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад 51 орны 3600 гаруй идэвхтэй, манлайлагч, бизнесмэн залуус хүрэлцэн ирж өөрсдийн улс орны хөгжил болоод дэлхий дахины өөрчлөлт, хөгжлийн талаар юу хийж чадахаа хэлэлцсэн юм. Ийм олон орны манлайлагч залуус “АСПАК-2017 Улаанбаатар”-ын дээвэр доор цугласан нь чуулга уулзалтын нэгэн томоохон онцлог, амжилт болжээ. Зохион байгуулагчдын ярьж буйгаар сүүлийн жилүүдэд зохион байгуулагдсан “АСПАК”-т 30 орчим улс оролцдог байсан нь энэ жил даруй 20 улсаар нэмэгдсэн байна. Чухамдаа энэхүү чуулга уулзалт бол Ази-Номхон далайн бүсийн бус дэлхийн арга хэмжээ боллоо гэж зочид үнэлж байв. Тэд “АСПАК-2017 Улаанбаатар”-ын сүүлийн өдөр бидэнд хандан, “Монголчууд та бүхэнд баяр хүргэе. Дэлхий цуглалаа. Шинэ амжилт байлаа” хэмээн хэлсэн юм. 

Энэ дашрамд “JCI” олон улсын байгууллагын тухай товч өгүүлэх нь зүйтэй болов уу. “JCI” бол итгэл үнэмшил, сайн дурын үндсэн дээр нэгдсэн дэлхийн 127 оронд 250 мянга гаруй гишүүнтэй залуусын хүчирхэг нэгдэл билээ. 100 гаруй жилийн түүхтэй, олон улсын хамгийн том төрийн бус байгууллага гэж үздэг энэ байгууллагын гишүүд дэмжигчдийн 60 орчим хувь нь Ази-Номхон далайн бүсэд ажиллаж амьдарч байна. Тийм болохоор “АСПАК” чуулганы ач холбогдол, бүс нутгийн хөгжилтэй уялдаг ач холбогдол нь улам өндөрсөж байгаа юм. 

“АСПАК”-ийг эх орондоо зохион байгуулах нь “JCI Монгол” байгууллагын үе үеийн ерөнхийлөгч нар, манлайлагч, удирдагч залуусын туйлын хүсэл байсаар иржээ. Одоогоос 10 жилийн өмнө 2007 онд “JCI Монгол” байгууллагын Үндэсний ерөнхийлөгч П.Батсайхан “АСПАК” чуулганыг эх орондоо хийх хүсэлтэй байгаагаа олон улсын манлайлагч залуусын өмнө тууштай илэрхийлж, дэлхийн JCI байгууллагад ажил хэрэгч санал тависан юм. Улмаар түүнээс хойшхи үе үеийн ерөнхийлөгч нар энэхүү хүсэл эрмэлзлэлийг уламжлан явсаар энэ жил “АСПАК” чуулганыг эх орондоо амжилттай зохион байгууллаа.

Чуулганы ач холбогдлын талаар мэдээж олон зүйл хэлж болно. Гэхдээ ганцхан тоо дурдахад эдгээр өдрүүдэд манай улсад 3600 гаруй залуус өөрсдийн зардлаар ирж, нийт 12 орчим сая ам.доллар хөрөнгө оруулалт улсад оржээ. Энэ бол цэвэр бизнес эрхлэгчдийн гар дээр очиж буй юм.

Юутай ч сэтгүүлч миний ажигласнаас ирсэн зочдын сэтгэгдэл, зохион байгуулагчдын итгэл дүүрэн хариултаас харахад манлайлагч Монгол залуус “АСПАК-2017 Улаанбаатар”-аар шинэ стандарт, шинэ босго, хэв маягийг үүсгэж чаджээ. Хүрэлцэн ирсэн орон орны залуус, “Улаанбаатар тав тухтай байлаа. Монголд болсон “АСПАК” үзэж харах зүйл ихтэй, мартагдашгүй, өдөр бүр, цаг минут бүр үнэ цэнтэй байлаа” хэмээн ярьсан юм.

Чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах нь энэ утгаараа эдийн засгийн үр ашигтай. Түүнээс гадна олон улсад нэр төртэй үйл хэрэг билээ. Хамгийн гол нь энэ бол “JCI Монгол”-ын 26 жилийн хүсэл тэмүүллийн үр дүн юм.

Ирэх онд Японы Кагояама хотод “АСПАК-2018” болох бол түүний дараа жил БНСУ-ын Чежү хотод “АСПАК-2019” чуулга уулзалт болно.

ШИНЭ ЦАГИЙН МАНЛАЙЛЛААС ШИНЭ АЛХАМ РУУ

“АСПАК-2017 Улаанбаатар” чуулганаас үлдэх хамгийн гол үнэ цэнэ бол мөнгө биш, харин монгол залуусын туршлага, ур чадвар, түүний үр өгөөж юм. Магадгүй олон хүн Улаанбаатар хотноо дөрөв хоног үргэлжилсэн чуулганы талаар төдийлөн мэдээлэлгүй байж болох юм. Тэдэнд хандаж хэлэх сэтгүүлч миний үг бол Монгол залуусыг эх орных нь төлөө хөгжүүлэх, манлайлах эрмэлзлэл, хүслийг нь илүү их дэврээхэд “АСПАК-2017 Улаанбаатар”-ын гол зарилго оршиж байлаа.

Өдгөө дэлхий ертөнц өөрчлөгдөн хувьсаж байна. Улс орноо өөрчлөх хүч чадал хэн нэгэн мөнгөтэй хүнээс илүү эерэг бодолтой, идэвхитэй залуусаас ундардаг болсон. Ийм залуусын эрин үед дэлхий эргэж байна гэдгийг “АСПАК-2017 Улаанбаатар”-ын хүндэт зочид ч хэлсэн юм.

Тиймээс дэлхийн хэмжээний энэхүү чуулганыг зохион байгуулсан Монгол залууст эдгээр өдрүүдэд олон хүн талархал илэрхийлж, баяр хүргэж байна. “АСПАК-2017 Улаанбаатар”-ыг зохион байгуулахад “JCI Монгол” байгууллагын манлайлагч залуус, сайн дурын 300 гаруй залуусын нөр их хөдөлмөр шингэсэн юм. Тэр бүхэн нь ч өнгөрсөн өдрүүдэд бидэнд илэрхий харагдаж байлаа. Улаанбаатар хотыг олон улсын олон өнгийн далбаа чимж, олон улсын залуус чимж, үлгэр жишээ, манлайлалд уриалж чаддаг тэдгээр залуусын нүднээс эх орон нь харагдаж байв.

“АСПАК-2017 Улаанбаатар”-ыг зохион байгуулсан Монгол залуусын маань манлайлал, хөгжлийн төлөөх дуу хоолой нь энэ өдрүүдэд цуурайтан сонсогдож байлаа. Эх орондоо төдийгүй, олон улсын манлайлагч залууст үлгэр жишээ болсон монгол залуус ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Тэдний манлайлал Монгол Улсын хөгжлийн шинэ алхам, эргэлтийн нэгэн шинэ цэг болно гэдгийг “АСПАК-2017 Улаанбаатар” чуулган батлан харууллаа.

БИДНИЙ ОЛОЛТ ТЭДНИЙ ТУРШЛАГА

“АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалтын үеэр уулзсан нэгэн хүний талаар энэ хэсэгт өгүүлье. Энэ хүн бол “JCI” олон улсын байгууллагын Дэд ерөнхийлөгчийн сонгуульт алба хашдаг Мотохарү Яаманочи. Тэрбээр Японы Кагошима хотоос Улаанбаатар хотноо хүрэлцэн иржээ. 51 орны манлайлагч, бизнес эрхлэгч 3600 гаруй залуусын нэг болох энэ хүнтэй ярилцах төдийд энгүүн төлөв япон хүмүүжил нь харагдаж, дээр нь олон улсын идэвхи, манлайллыг эрхэмлэгч нэгэн болох нь танигдав. Яаманочи “АСПАК-2017 Улаанбаатар”-т хоёр зорилготой хүрэлцэн иржээ. Эхнийх нь мэдээж олон жил оролцсон чуулгандаа уламжлал ёсоор ирж, дэлхийн залуу манлайлагчдын хөгжлийн шинэ хандлага, үйл ажиллагааны талаар туршлага солилцох байв. Харин хоёр дахь зорилго нь “АСПАК-2017 Улаанбаатар”-аас суралцах. Өөрөөр хэлбэл Монголд анх удаа болж буй энэ аварга чуулганы зохион байгуулалтын онцлог, Монгол залуусын арга барилыг анхааралтай судлахаар иржээ. Учир нь Мотохарү Яаманочи ирэх жил Ази-Номхон далайн бүсийн “АСПАК-2018 Кагошима” чуулганыг зохион байгуулах хүндтэй бөгөөд хүндхэн үүрэг хүлээсэн нэгэн.

Тэрбээр “АСПАК-2017” чуулга уулзалт Монгол Улсын Улаанбаатар хотод ямар байдалтай зохион байгуулагдах бол хэмээн өнгөрсөн нэг жилийн турш догдлол тээн хүлээжээ. Тиймдээ ч энэхүү арга хэмжээнд заавал оролцоно гэж эртнээс бэлдсэн байна. Нуулгүй хэлэхэд Улаанбаатарт болох чуулганы зохион байгуулалтад багахан эргэлзэж байснаа ч өгүүлэв. Үүнийгээ тэрбээр Монголын талаар, Монгол залуусын талаар дутуу дулимаг мэдээлэлтэй байсантай холбоотой хэмээн хэлсэн юм. Чуулганы эхний өдрөөс л түүнд Монгол залуус олон улсын манлайлагч залуусаас дутахгүй түвшинд өөрсдийгөө хөгжүүлж чадсанаа харуулсан байна. Чуулга уулзалтын нээлт, хурал, ёслол түүнд өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Мөн тэрбээр Монгол залуустай маш ойр дотно нөхөрлөж, тэдний нээлттэй, найрсаг, аливаад чин сэтгэлээсээ өөриймсөг ханддаг чанарыг нь олж харсан гэв. 

Өмнөх жилүүдийн чуулгануудад тэрбээр богино хугацаанд бэлдэж нисэж очоод 3-4 хоног болоод буцдаг байсан бол энэ удаад Монголд болж буй “АСПАК”-т оролцохын тулд бүр ажлаасаа амралтаа авсан гэдгээ хэллээ. Монголд тэрбээр 3 биш 10 хоногийг өнгөрүүлжээ. Энэ зуур Монголын үзэсгэлэнт хөдөө нутаг, говь хангайн талибуун уудам тал, байгалийн сайхныг үзэж, нүүдэлчний амьдралтай танилцан, монгол гэрт ч хоноглож амжсан байна. Тэрбээр Монгол Улсыг дэлхий дээрх маш өвөрмөц улс гэж хэлсэн юм. Мөн ийм өвөрмөц улсад болсон “АСПАК” чуулган ч бас өвөрмөц байлаа гэж өгүүлэхээ мартсангүй.

Магадгүй олон орны идэвхитэй, манлайлагч залууст үүнийг мэдрүүлэх нь “АСПАК-2017 Улаанбаатар”-ыг зохион байгуулагч Монгол залуусын гол зорилго байсан биз ээ. Нөгөө талаас Улаанбаатар хотноо үргэлжилсэн хурлууд, сургалтуудыг зохион байгуулахад манай улсын зочид буудлууд маш өндөр зэрэглэлийн стандарт тогтоон үйлчилж буй нь чуулганд ирсэн хэн бүхний талархалыг хүлээсэн юм. Тиймээс хөгжиж буй Улаанбаатар хот, хөндөгдөөгүй хөдөө байгаль нутгийг зорин ирж “АСПАК-2017 Улаанбаатар”-т оролцсон хэн бүхэн сэтгэл хангалуун байлаа.

Төгсгөл болгож, “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалт бол хөгжлийн төлөөх идэвхитэй, эерэг, манлайлагч залуусын хийсэн үйл хэрэг, бүр тодруулбал энгийн нэг амжилттай алхам биш дэвшил, үсрэлт болсныг онцолмоор байна. Учир нь өдгөө Монгол Улс хөгжил дэвшлийн төлөө нийтээрээ илүү хурдтай урагшлах түүхэн цаг үе ирээд буй. Харин энэ цаг үеийг түүчээлэх, манлайлах, удирдан чиглүүлэх ирээдүй залуу үе “JCI Монгол” байгууллагад төлөвшиж, эх орноо гэсэн зүрх сэтгэлээ харуулахаар бидний дунд зогсож байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж