Шенгэний визийг Монголд олгоно

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Шенгэний визийг Монголд олгоно

Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева гэрээслэлээ бичиж олон нийтэд зарлажээ.

Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам Итали болон Шенгэний орнуудын визийг энэ долоо хоногоос эхлэн /2017.06.19/ олгож эхэлсэн тухай Элчин сайд Андре Дэ Фэлип мэдэгдлээ.  Өөрөөр хэлбэл,  өнгөрсөн Даваа гаригаас /2017.06.19/ Монголчууд Итали улс руу зорчихдоо заавал Бээжин явахгүйгээр Монгол дахь Элчин сайдын яаманд нь хандаж виз авах боломжтой болсон байна.  Ингээд Элчин сайд Андре Дэ Фэлипээс виз олголтын талаар тодруулга авснаа хүргэе.


-БНИУ-аас Монголд суугаа Элчин сайдын яаманд шууд хандаж виз авах боломжтой болжээ. Визний төрөл, хугацааны талаар мэдээлэл өгнө үү?

-Италийн Элчин сайдын яамнаас Итали болон Шенгэний орнуудын визийг олгоно. Визний төрлийн хувьд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих гээд бүгд хамаарна. Гэхдээ ямар виз авахаас хамаараад визний хугацаа, хураамж өөр өөр байна. Виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногийн дараа виз гарах зохицуулалт хийсэн.

-Визний хураамж ямар байгаа вэ. Мөн цаг авахдаа яах вэ?

-Визний хураамж ч мөн адил явж буй зорилго, төрлөөсөө хамаараад өөр өөр байна. Манай Элчин сайдын яаманд онлайнаар хандах, эсвэл утсаар ярьж цаг авч болно.

Вэб сайт: http://www.ambulaanbaatar.esteri.it/ambasciata_ulaanbaatar/en/

-Өмнө нь Монгол иргэд Итали улсын виз мэдүүлэхдээ хаана ханддаг байсан бэ?

-Манай Элчин сайдын яам виз олгож эхлэхээс өмнө Монгол иргэд Бээжинд байгаа Италийн Элчин сайдын яаманд очиж виз мэдүүлдэг байсан. Харин албан шугамаар явж байгаа хүмүүс Улаанбаатарт буй Германы Элчин сайдын яаманд хандаж визээ авдаг байсан.

Даваа гаригаас эхлээд /2017.06.19/ Монгол иргэд Бээжин явах шаардлагагүй, Улаанбаатарт байгаа Италийн Элчин сайдын яаманд хандаад визээ авах бүрэн боломжтой боллоо.

Ингэснээр хоёр улсын иргэд хоорондын болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

-Италид Монгол оюутнуудыг тэтгэлгээр сургана гэсэн мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Италийн сургуулиудаас олгож байгаа тэтгэлгийн нөхцөл нь сургуулиудаасаа хамаараад өөр өөр байна. Манай Гадаад Харилцааны Яамнаас олгож буй тэтгэлгийн хувьд сургуулийн төлбөр болон байрны төлбөрийг нь хариуцаж байгаа. Энэ жилдээ гурван оюутанд олгоно. Ирэх жилүүдэд хэдэн оюутанд олгох талаар одоо хэлэхэд хэцүү байна.

Учир нь Монгол Улсад анх удаа нээгдсэн дипломат төлөөлөгчийн газар учраас цөөн тоогоор эхлээд, яваандаа суралцах сонирхолтой оюутнууд олон байвал би цааш нь асуудал тавихад хялбар болно.

Би хувьдаа Италид суралцах Монгол оюутны тоо олон болоосой гэж хүсэж байна. Тиймээс Монголын боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Цаашид ч хамтран ажиллах болно.

-Суурин Элчин сайдтай болсноор маш их давуу тал бий болсон гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийж амжуулав?

-Италийн ЭСЯ байгуулагдаад нэг жил болсны дараа Монголын олон нийтэд мэдээлэл өгөх боломж олдсондоо баяртай байна. Өнгөрсөн оны 7 дугаар сард Италийн ЭСЯ Улаанбаатарт нээсэн. Ингэснээр Итали Улсын системд байгаа байгууллагууд Монгол Улсыг сонирхож байгаагийн илрэл болсны зэрэгцээ хоёр улсын харилцаа өргөжин тэлэхэд чухал ач холбогдолтой үйл явц болсон юм.

 Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдээс дурдахад, Монгол-Италийн Засгийн газар хоорондын хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Хуралдааныг өмнө нь Итали Улсад зохион байгуулж байсан бол энэ удаад Улаанбаатар хотноо болсон гэдгээрээ ач холбогдолтой. Засгийн газар хоорондын хуралдааны үеэр Итали Улсаас Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад худалдаа хариуцсан дэд сайд тэргүүтэй төлөөлөл Монгол Улсад айлчилж, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнтэй уулзан үр өгөөжтэй яриа хэлэлцээ хийсэн. Засгийн газрын хоорондын хуралдааныг зохион байгуулсан үйл ажиллагаа нь хоёр улсын эдийн засгийн харилцааг цаашид өргөжүүлэхэд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо хэмээн бид дүгнэж байна.

Түүнчлэн Италийн Сенатын танхимын гишүүд Монголд Улсад айлчилсан нь хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. Үүний зэрэгцээ Монгол-Италийн батлан хамгаалах яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт нь хоёр улсын Батлан хамгаалах яамдын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд болсон юм. Мөн Италийн сүлжмэл, нэхмэл үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос ноосон эдлэл боловсруулах гарын авлагыг монгол хэл рүү хөрвүүлж, Монголын Ноос, ноолуурын холбоонд хүлээлгэн өгсөн.

Италийн Женова хотын тэнгисийн захиргаа, Монгол Улсын Далайн захиргааны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус хотын далайн боомтоор Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах суваг болгон ашиглах боломжтой. Мөн санамж бичгийн хүрээнд Монголын тал өргөн ашигладаг Хятадын далайн боомтууд дээрх үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоотой болно.

-Монгол Улсад Италийн хэчнээн аж ахуй нэгж, хэдэн хувь хүн бизнес эрхэлж байна. Ямар салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг вэ. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Итали Улсын цөөн тооны компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Голлон барилга, дотоод засал чимэглэлийн компаниуд байдаг. Миний хувьд Италийн бизнес эрхлэгчид Монголд ирээд хамтарч ажиллах өргөн боломжтой гэж боддог. Хоёр улсын хамтын ажиллагааны боломжийн тал дээр би нэг зүйлийг нэмж хэлье. Монголын 60 сая толгой малаас авах ашиг шим, түүхий эдийг Италийн технологиор баяжуулан дэлхийн зах зээл дээр хамтарсан бүтээгдэхүүн гаргах боломжтой. Мөн Монголын түүхий эд органик шинж чанартай учраас дэлхийн зах зээл дээр түүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн өндөр үнээр зарагдах магадлал өндөр юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь жилийн 365 хоногт нартай, байгаль нь бохирдолгүй зэрэг дэлхийд танигдсан давуу талаа ашиглан Итали Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлбэл бид амжилттай байна гэдэгт би итгэлтэй байна.

Д.УУДАМ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж