Хүний амийг цалингийн 20 хувиар үнэлж болох уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хүний амийг цалингийн 20 хувиар үнэлж болох уу?

М.Отгонбат: Хүний амийг цалингийн 20 хувиар үнэлж болох уу, С.Ламбаа сайд аа

Улсын клиникийн I амаржих газрын эмч нарын буруугаас залуухан эцэг, эх
анхны хүүхдээ алджээ. Гэтэл тус эмнэлгийн удирдлагууд хариуцлагагүй
алдаж хүний амь хохироосон эмч нартаа цалин­гийнх нь  20 хувиар торгох
шийт­гэл оноосон байна. Энэ талаар хохирогч М.Отгонбаттай ярилц­лаа.


-Өөрийгөө болон гэр бү­лийнхээ хүнийг товч танил­цуулаач?

-Намайг М.Отгонбат гэ­дэг. ШУТИС-д сурдаг. Эх­нэрийг минь З.Мөнхзул
гэдэг. ХААИС-д сурдаг. Эхнэр бид хоёр хоёрдугаар дам­­жааны оюутнууд.
Бид аав­тайгаа хамт амьдардаг юм. Би сурахынхаа хажуугаар цагийн ажил
хийдэг. Эхнэр маань жирэм­сэн болсноос хойш анх­­ныхаа хүүхдийг төрөхийг
хүлээгээд үнэхээр жаргалтай байлаа. Гэтэл эмч нарын буруу­гаас хүүхдээ
алдчихаад орох газраа олохгүй, хэцүүхэн л амьдарч байна.


-Таагүй дурсамжийг чинь сэдрээж байгаад уучлаарай. Юу болсныг яриач?


-Манай эхнэр Чингэлтэй дүүр­­гийн Эрүүл мэндийн нэг­дэлд жирэмсний
хяналтад бай­лаа. Жирэмсэн байх үед эх­нэрийн минь бие тун сайн байсан.
Гэдсэн дэх ураг ч хэвийн өсч байгааг эмнэлгийнхэн хэлж байлаа. Эмч нарын
хэлснээр манай хүний төрөх сүүлийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар
сарын 22-нд байсан. Харин арванхоёрдугаар сарын 13-нд Чингэлтэйн Эрүүл
мэндийн нэгдэлд үзүүлтэл “Төрөх болчихож” гээд солилцох бичиг өгөөд
Улсын клиникийн I амаржих газар руу явуулсан. Тэр өдрөө очтол “Ор
байхгүй. Маргааш ир” гэсэн. Маргааш нь очиж үзүүлтэл эх, ургийн бие
сайн, зүрхний цохилт хэвийн гээд I тасагтаа хүлээж авсан.


-I тасагт ямар эхчүүдийг хүлээж авдаг юм бэ?

-Бие эрүүл, хүндрэлгүй төрөх эхчүүдийг I тасагт хэвтүүлдэг юм билээ.
Харин өвчтэй, хүндрэлтэй төрөх эхчүүдийг II тасагт хүлээж авдаг гэсэн.


-Эхнэр чинь эмнэлэгт хэвтэхдээ өвдөж байсан уу?

-Өвдөлт эхлээгүй байсан. Арванхоёрдугаар сарын 15-ны үүрээр өвдөж
эхэлсэн. Тэр өдрийнхөө 18.00 цагийн орчимд “Ус гарчихлаа” гэж ярьсан. Би
ч шөл бэлтгээд эмнэлэгт нь яваад очсон. Эхнэрийнхээ биеийг эмч нараас
асуух гэтэл Жи-мобайлын 93-аар эхэлсэн утасны дугаар өглөө. Тэр утсаар
нь асуутал “Савны амсар хоёр хуруу нээгдсэн. Төрөх болоогүй. Санаа
зоволтгүй” гэсэн. Би шөнө “Ус нь гараад хэдэн цаг болчихлоо. Хүүхэд
бүтэх аюултай биз дээ. Өвдүүлэх эм өгөхгүй юм уу” гэж асуутал сувилагч
нь “Зүгээр. Орчин үед ус нь гарснаас хойш 12 цагийн дотор хүүхэд
бүтдэггүй болсон. Шаардлагатай бол арга хэмжээ авна” гэсэн. Би ч
байсхийгээд л асуугаад байсан. Сүүлдээ эмч, сувилагч нарт нь уурлаж
эхэлсэн. Эхнэр маань хүртэл аав руугаа залгаад “Эмч намайг загнаад
байна. Та нар битгий эмч нартай ярь” гэж гуйсан.


-Эхнэрийг чинь эмч нар загнасан юм болов уу?

-Төрөхийн өмнөх өрөөнд байхад нь эмч нь загнаж, дарамталсан юм билээ.

Эхнэр маань айсандаа уйлаад аав руугаа ярьсан.


-Тэр шөнөдөө төрөөгүй юм уу?

-Төрөөгүй. Өглөө 8.20 цагт эмч нар ээлж солилцдог юм билээ. Өглөө
эхнэрийг маань төрөх орон дээр гаргачихаад буцаагаад буулгачихсан
байсан. Өглөө ээлж авсан их эмч Батгэрэл биднийг дуудаад “Танай хүнийг
үзлээ. Эх, ургийн бие сайн байна. Эхнэр чинь ч өөдрөг байна. Өөрөөрөө
төрчих байх” гэсэн. Тэгээд тэр өдөржингөө таг болчихсон. Бид арга ядаад
эмчийг нь дуудуултал “Би та нарт зүгээр гэж байна. Ядаргаатай хүмүүс вэ”
гэж загнасан. Загнуулсан бид хүлээгээд л байлаа. Гэтэл шөнө намайг
уулзалтын өрөөнд дуудсан.


-Яах гэж?

-Хүүхдийг маань алчихлаа гэж хэлэх гэж дуудсан байсан. Батгэрэл эмч “Бид
шаардлагатай арга хэмжээ авсан боловч хүүхэд чинь эндчихлээ” гэж
хэлсэн.


-Яагаад эндсэнийг нь тайлбарласан уу?

-Өмнө нь “Хүүхэд чинь доошоо суугаагүй байна” гээд байсан. Өвдүүлэх эм
уулгах ч юм уу, ямар нэг эмчилгээ хийгээгүй. Тэр өдөр хүлээж байхад эмч
нар таньдаг хүмүүсээ дуудаж уулзаад, удалгүй төрчихлөө гээд баяр хөөр
болцгоогоод байсан. Биднийг шөнөжин сууж байхад нэг эгч “Та нарт таньдаг
эмч байвал мөнгө өгөөд хүнээ эсэн мэнд төрүүлээч. Би таньдаг эмчээрээ
дамжуулаад эмч нарын гарыг цайлгаад охиноо төрүүлчихлээ” гэж хүртэл хэлж
байсан.


-Та нарт таньдаг эмч байгаагүй юм уу. Эмч нарт мөнгө өгөх боломж байгаагүй юу?

-Хүн гэнэн байдаг юм байна. Тийм бодол орж ирээгүй. Эхнэрийн маань бие
сайн байсан болохоор зүгээр төрчихнө л гэж бодож байсан. Тэр үед
эмнэлгийнхэнд хэдэн төгрөг өгчихөөгүйдээ харамсаад байх юм.


-Эмнэлгийн удирдлагууд та нартай уулзсан уу?

-Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Г.Баясгалан, чанарын албаны
менежерийнхээ хамт надтай уулзсан. Г.Баясгалан дарга “100 хувь манай
эмнэлгийн ажилтнуудын буруу. Уучлал гуйж байна” гээд тэр өдөр ээлжтэй
байсан Батгэрэл эмч, Тасгийн эрхлэгч болон хүлээж авсан эмч гурвыг
дуудсан. Биднээс уучлал гуйхыг тэр эмч нараасаа шаардаж байна лээ.


-Уучлалт гуйгаад л болчихсон юм уу?

-Тасгийн эрхлэгч, хүлээн авагч эмч хоёрт нь сануулах арга хэмжээ авсан
гэсэн. Харин Батгэрэл эмчийг тэр өдөр ээлжтэй байсан нэг эмчтэй нь хамт
торгосон гэсэн.


-Хэдэн төгрөгөөр торгосныг мэдсэн үү?

-Гурван сарын турш цалингийн 20 хувийг нь хасахаар болсон гэж
Г.Баясгалан дарга хэлсэн. Хүний амийг цалингийн 20 хувиар үнэлж болох уу
гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас асуумаар байна. Танай сонинг
уншиж байгаа бол С.Ламбаа сайд энэ талаар I төрөхийнхнөөс асуух биз. Би
Г.Баясгалан даргын өрөөнд эмч нарт “Та нарт мөнгө хэрэгтэй байсан бол
хэлчихгүй яав даа” гээд уйлж байсан. Би мөнгө өгчихсөн л бол хүүхэд
маань эрүүл төрөх байсан юм билээ. Цалингийн 20 хувь гээд тооцохоор 200
гаруй  мянгөн төгрөгөөр л хүний амийг үнэлдэг юм байна. Би тэдэнд мөнгө
өгчихсөн бол “Энэ хүний мөнгийг авсан юм чинь эхнэрт нь анхаарал тавих
ёстой” гээд хариуцлагатай хандах л байсан юм билээ. Гэтэл би эмч хүний
өргөсөн тангарагт итгэсэндээ хүүхдээ алдчихаад харамсаад сууж байна.


-Эмч нарыг цалингийнх нь хувиар торгоод л асуудлыг шийдчихсэн хэрэг үү?

-Эмнэлгийн зүгээс тийм л арга хэмжээ авсан. Харин бид Сүхбаатар дүүргийн
цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Хуулийнхан шалгаж байгаа байх. Хүний
амь хохироосон эмч нарын эмчлэх эрхийг ядаж хасах учиртай. Тэгэхгүй бол
дахиад хэдэн хүний аминд хүрэхийг мэдэхгүй шүү дээ. Ийм аймаар явдал
манай гэр бүлд тохиолдсоноор төгсгөл болог гэсэндээ цагдаад хандсан.


-Эхнэрийн чинь бие гайгүй юу?

-Бие нь дээрдэж байгаа. Анхныхаа хүүхдийг алдахаар ямар байх нь тодорхой
шүү дээ. Хүүхдээ алдчихаад байхад I төрөхөд өрөөнд нь орж байсан үе
нүдэнд харагдаад байдаг юм.


-Тэр тухайгаа уншигчидтай хуваалцаж болно шүү дээ.

-Нүдэнд нь цус хураад улаан болчихсон. Нүүр нь бүлцийтлээ хавдчихсан
хэвтэж байсан. Хажууд нь эхчүүд хүүхдээ хөхүүлж байгааг харахад хэцүү
байсан биз. Эхнэр маань тиймэрхүү байдалтай байхад эмч нар “Ус чинь
эвгүй үнэртэй байсан биз дээ. Чи үнэрлэсэн байх аа. Тийм усанд хүүхэд
яаж эрүүл байх юм” гээд загнаад байсан. Өмнө нь зохих ёсны шинжилгээ
хийлгээд, эрүүл байсан хүний ус яахаараа эвгүй үнэртэй байдаг юм.
Эмэгтэй хүмүүс байж үрээ алдсан хүнийг загнаад зогсохдоо ичдэггүй л юм
байна лээ. Би тэр үед сав нь хөөчих вий гэж айсандаа тэвчээд гарсан.
Эхнэр маань эмнэлгээс гарсан хойно “Би тэр ус энэ тэрийг үнэрлээгүй ээ.
Ямар үнэртэй байсныг нь ч санахгүй байна” гээд уйлж байсан. Хүний эрүүл,
өвчтэйг тодорхойлохын тулд л нарийн шинжилгээ хийдэг биз дээ. Үнэндээ
эхнэр маань цоо эрүүл хүүхдээ тээж байсан.


-Мэс засал хийлгээд төрөх боломж байгаагүй юм болов уу?

-Мэс засал хийлгэж болохгүй юм уу гэж олон удаа асуусан. Гэтэл зүгээр
төрнө л гээд байсан. Хэрвээ бид мэс засал хийлгэхгүй гэсэн бол одоо
ингээд эмч нарыг бууруутгаад суухгүй байсан.


-ЭХО-д харуулж байсан уу?

-Харуулсан. Бид хоёрт хүү заяасан байсан. Талийгаач маань дахиад бидэнд
заяана гэдэгт итгэж байна. Гэхдээ ийм зовлон үзсэн хүмүүс дахиж төрнө
гэдэгт санаанд багтдаггүй юм байна.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж