"Путины ярилцлага" ба Оливер Стоун гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

"Путины ярилцлага" ба Оливер Стоун гэж хэн бэ?

"Путины ярилцлага" ба Оливер Стоун гэж хэн бэ?

“Platoon”, “Born on the Fourth of July”, “JFK”, “The Untold History of the United States” зэрэг бүтээлээрээ олонд танигдсан, “Оскар”-ын гурван удаагийн шагналт, Америкийн алдарт кино найруулагч, зохиолч, продюсер Оливер Стоун энэ зургадугаар сард “Путины ярилцлага” богино хэмжээний баримтат киногоо танилцууллаа. Энэ бүтээл дөрвөн ангитай. Киног бүтээхийн тулд Оливер Стоун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай 27 цагийн видео ярилцлага хийжээ.

Оливер Стоун “Би киногоороо америкчууд болон бусад улсын ард түмэнд үнэнийг харуулахыг хүссэн. Учир нь АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын ерөнхийлөгчийн байр суурийг шууд дамжуулдаггүй. Америкийн ард түмэн сэтгүүлч, шинжээчдийн амнаас Владимир Путин гэж хэн болох, тэр юу хэлэв гэдэг үгийг сонсдог. Тэд уншигчдыг хуурдаг. Тиймээс зарим ташаа ойлголт, худал мэдээллийг үгүй хийхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгчтэй 12 удаа уулзаж, ярилцсан. Зарим тохиолдолд онлайнаар ярилцдаг байсан" гэж ярьжээ.

Тэдний ярилцлагад урьдаас төлөвлөгдсөн зүйл байгаагүйг найруулагч онцолжээ. Путин хаана явна, хэзээ завтай болно тэр үедээ Стоуныг дууддаг байж. Ярилцлага гудамжинд, онгоцны буудалд, коридорт, хоккейн талбайд гээд олон газарт өрнөжээ.

Өнөөдөр дэлхийн улс төрийн тавцанд өрнөж буй асуудал болох Сири, Украин, НАТО, Москва-Вашингтоны харилцаа зэрэг асуудалд Путины байр суурийг сонсохын тулд Стоун хурц асуултууд тавьсан байв. Мөн тэр Путинээр өөрийнх нь хувийн амьдрал, эцэг эх, ажлын өдрийн цагийн хуваарь, бэлгийн цөөнхийн талаарх бодол, байр суурийг нь яриулж чадсан билээ.

найруулагч Оливер Стоун гэж хэн бэ?

Алдарт кино найруулагч Оливер Стоун 1946 оны есдүгээр сарын 15-нд Нью-Йорк хотод цэргийн эдийн засагч Луис Стоун болон түүний гэргий Жаклин Годде нарын гэр бүлд төржээ. Түүний ээж франц эмэгтэй байсан бөгөөд Дэлхийн II дайны дараа эцгийнх нь хамт Америкт ирсэн. Харин түүний эцэг Луис еврей хүн байсан ба “Силверстайн” хэмээх овогтой байв. Эцэг Луис нь Йелийн их сургуульд сурч байхдаа овгоо америк болгосон нь Стоун юм. Хожим нь ирээдүйн алдарт найруулагчийн эцэг эх нь салж, ээж нь Франц руугаа буцсан тул Оливер эцэг дээрээ өсчээ.

Оливер Евангелийн дунд сургууль болон Пенсильванийн хүмүүнлэгийн коллежийг төгссөн. Тэрбээр эцгийнхээ зөвлөсний дагуу Йелийн их сургуульд элсэн орсон ч удалгүй сургуулиасаа гарч, Өмнөд Вьетнамд сайн дураараа англи хэлний багшаар ажиллахаар явсан. Жил гаруй хугацааны дараа тэр Америкт эргэн ирж, хэсэг хугацаанд Ореган мужид ажиллаж байгаад Мексикийг зорьжээ.

Оливер Стоун 21 нас хүрмэгцээ цэрэгт явсан. Тэр цэргийн алба хааж байх хугацаандаа Вьетнамын дайнд оролцож байжээ. Дайнд залуу цэрэг хоёр удаа шархдсан бөгөөд эр зоригийн төлөөх хүндэт шагналыг хэд хэдэн удаа хүртсэн байна.

Ингээд цэргийн албанаас халагдсныхаа дараа Оливер Нью-Йоркийн их сургуулийн кино найруулагчийн ангид элсэж, алдарт Мартин Скорсезегийн шавь болжээ. Найруулагчийн хувьд түүний богино хэмжээний анхны кино бол “Last Year in Vietnam” байлаа. “The Hand”, “Conan the Barbarian”, “Year of the Dragon”, “Scarface” зэрэг киногоороо зөгнөлт киноны зохиолч хэмээн кино урлагт хүлээн зөвшөөрөгджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Харин “Vietnam War trilogy” хэмээх Вьетнамын дайны тухай цуврал гурван кино Оливер Стоуныг кино урлагийн дэлхийн тавцад од болгосон. Цуврал кинонд Оливерийн 60-аад оны сүүлийн дайны тухай “Platoon”, “Born on the Fourth of July”, “Heaven & Earth” зэрэг богино хэмжээний гурван кино багтдаг. Эдгээр киногоороо Оливер Стоун “Оскар” хүртэж, дайны бодит үйл явдлыг урлагт дүрсэлсэн шилдэг мэргэжилтнүүдийн нэгээр тодорсон юм.

Түүний “JFK” хэмээх эрэн сурвалжилсан, хөрөг кино нь дэлхий даяар дуулиан дэгдээж байсан. Оливер Стоун энэ киногоороо ерөнхийлөгч Кеннидигийн аллагын талаарх албан ёсны тайлбарыг няцааж, өөр өнцгөөс баримт гаргаж ирсэн юм. Кино Америкийн зах зээлд жинхэнэ “бөмбөг дэлбэлж” орхижээ. Оливер Стоуны уран бүтээлийн санд улс төрийн агуулгатай хэд хэдэн баримтат кино бий. Тэр Кубын удирдагч Фидель Кастрогийн тухай “Commandant”, “Looking for Fidel”, “Castro in Winter”, Венесуэлийн удирдагч Уго Чавесийн тухай “My friend Hugo” зэрэг киног бүтээж байв. Оливер дэлхийн өнцөг булан бүрд өрнөж буй дайн, мөргөлдөөнийг илүүтэй сонирхдог. Энэ сонирхол нь түүнийг Латин Америкийн мөргөлдөөний тухай “South of the Border”, Палестин-Израилийн мөргөлдөөнийн тухай “Persona” Non Grata”, 2014 оны Киевийн хувьсгалын тухай “Ukraine on Fire” зэрэг кино бүтээхэд чиглүүлсэн гэдэг.

2014 оны арваннэгдүгээр сард Оливер Стоун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс ярилцлага авах гэж буйгаа албан ёсоор мэдэгдэж байжээ. Тухайн үед тэр “Би америкчуудад Путин гэж хэн бэ гэдгийг харуулахыг хүсч байна” гэж мэдэгдэж байв.

Хэдийгээр Оливер олон шилдэг баримтат киногоороо алдартай ч уран сайхны кино зураг авалтаас татгалздаггүй. Тухайлбал, тэр түүхэн үйл явдалд тулгуурласан “Alexander”, “Wall Street: Money never sleeps”, 2016 онд “Snowden” зэрэг кино бүтээж байв. Мөн 2016 онд Оливер Стоун, Питер Кузник нар “The Untold history of the United States” баримтат олон ангит киноноос сэдэвлэсэн номоо худалдаанд гаргасан юм.

Хувийн амьдрал 

Оливер Стоун ирэх есдүгээр сард 71 нас хүрнэ. Тэрбээр гурван удаа гэрлэж байсан бөгөөд хоёр хүү, нэг охинтой. Оливерийн анхны гэргий нь Ливан гаралтай үзэсгэлэнтэй бүсгүй Найва Саркис байв. Тэдний харилцаа төгс гэж нэрлэгддэг байсан ч хос хүүхэдтэй болж чадаагүй тул салсан ажээ.

Түүний хоёр дахь гэргий нь жүжигчин Элизавет Стоун. Тэр Оливерт долоон насны зөрүүтэй Шон Кристофер болон Майкл Жэк гэх хоёр хүү төрүүлж өгсөн. Тэдний харилцаа 12 жил үргэлжилсэн гэдэг. Түүний хүү Шон Кристофер 1984 онд төрсөн бөгөөд хоёр настайгаасаа аавынхаа найруулсан кинонд тоглож эхэлжээ. Америкийн алдартай жүжигчин, кино найруулагчдын нэг болж чадсан Шон Кристофер 2015 оны гуравдугаар сараас Оросын “RT” телевизийн “Watching The Hawks” шоунд ажиллах болсон байна.

Хожим нь Оливер Стоун Сун Жун Юнг хэмээх солонгос бүсгүйтэй гэрлэсэн. Тэд 20 жил хамт амьдарч байна. Сун Жун Юнг Оливертай албан ёсоор гэрлэснээс хойш жилийн дараа охин төрүүлж өгчээ.

Оливер Стоуны шашин шүтлэг ээдрээтэй. Түүний эцэг еврей хүн байсан бөгөөд иудаизм шүтлэгтэй, ээж нь католик шүтлэгтэй байжээ. Харин Оливер протестант шашны шүтлэгтэй сургуульд суралцдаг байсан аж. Гэхдээ тэр өөрийгөө урт хугацааны туршид шашин шүтлэггүй гэж боддог байсан ба хожим нь Стоун буддын шашин шүтэх болсон. Харин 2012 оноос тэр исламын шийтийн урсгалыг дагаж, Али хэмээх нэрийг хүлээн авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж