Яруу найрагч Х.Тэргэлтэй фэйсбүүкээр холбогдож ярилцлаа. Тэрбээр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын хүүхдүүдийн хүсэлтээр сошиалд үүсээд буй маргааны талаар тайлбар өгсөн юм. Энэ асуудлаар тэнцвэртэй байр суурь хүргэх үүднээс яруу найрагч О.Дашбалбарын охин Д.Индратай утсаар холбогдсон боловч ярилцлага өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм.
ЭНЭ МАРГААН О.ДАШБАЛБАР АГСНЫ ОХИН Д.ИНДРА МӨН, БИШ ГЭСЭН АСУУДАЛ ОГТХОН Ч БИШ
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сошиалд үүсээд буй асуудлаас хоёулаа яриагаа эхлэх үү. О.Дашбалбар агсан таны авга гэл үү?
-Тэгье ээ, сошиалд үүсээд буй маргаанаас яриагаа эхэлье. Энэ бол О.Дашбалбар агсны хүүхэд Д.Индра мөн, биш гэсэн маргаан огтхон ч биш. Би үүнийг мэдэх ч үгүй, үгүйсгэх ч үгүй. Би эхлээд О.Дашбалбар агсны хүүхдүүд болох Д.Мөнгөндалай, Д.Гангабаатар, Д.Дэжидмаа нартай ямар холбоотойгоо тайлбарлая. Яруу найрагч О.Дашбалбар гуай миний авга ах. Би анх 17 настай байхдаа шүлэг бичиж, сонин дээр гаргахад “Танай удам сударт яруу найрагч бий юу” гэсэн жижүүрийн асуултыг сэтгүүлчид их тавьдаг. Би хэвлэлд ярилцлага өгөхдөө “О.Дашбалбар гэдэг хүн миний аавын маань талын яруу найрагч хүн” байдаг гэж хариулдаг байснаасс өөрөөр энэ хүний нэр төрийг ашиглаж байсангүй ээ.
Намайг 1990-ээд онд Монголын зохиолчдын хороонд бичээчээр ажилладаг байхад О.Дашбалбар ах маань З.Дорж, Ш.Сүрэнжав гуайтай хамт Чөлөөт зохиолчдын эвлэлийг байгуулаад явсан байдаг. Сүүлд Улсын багшийн их сургуулийн Утга зохиолын ангид орсон ч хамаатны алдар нэртэй ахаа дагаад түүний байгуулсан Чөлөөт зохиолчдын эвлэлд ороогүй. Тэр ч байтугай Монголын зохиолчдын эвлэлд ажиллаж байсан ч гишүүнээр элсээгүй юм. Би чинь, бүр сүүлд 2000 он гаргаж байж Монголын зохиолчдын эвлэлд албан ёсоор элсэж орсон түүхтэй.
-Та одоо хүүхдүүдтэй нь хэр холбоотой байдаг вэ?
-Би Д.Дэжидмаатай ч фэйсбүүк найзууд, харин Д.Индратай байсан. Өнгөрсөн хугацаанд бага охин Д.Дэжидмаа “Индра дандаа аавын нэрийг бариад, ээжийг маань үгүйсгээд байна. Бид 18 жил тэслээ. Дүү нь хэлмээр байна” гэж хэлдэг байсан. Гэхдээ би “Дуугүй л бай, тэс тэвч” гэж хариулдаг байлаа. Харин Д.Индра надруу өөрөө ханддаг байсан. Миний хувьд Д.Индратай ганц хоёрхон удаа л мессенжерээр харилцаж байсан. Би хариуд нь “Та нар хоорондоо эвтэй байцгаа. Түмний өмнө хэрэлдэж шившгээ дэлгэв” гэдгийг жилийн өмнө аль алинд нь хэлж байсан. Индра өнгөрсөн жил байна уу даа, “Эгчээ би АНУ-д очно. Танд ном аваачиж өгнө”гэж хэлж байсан. Гэхдээ бид уулзалдаагүй. Би Д.Гангабаатар, Д.Мөнгөндалай, Д.Дэжидмаа гуравтай илүү ойр дотно байж, сэтгэлдээ хайрладаг. Хэдийгээр Д.Индраг хүүхэд нь мөн, биш гэж хэлэхгүй ч, үргэлж гав ганцаараа юм шиг л цээжээ дэлдээд байдаг нь надад үнэндээ таалагдаж байгаагүй ээ.
Сүүлд би “Миний дүү битгий ингээрэй. Одоо өөрийнхөө нэрээр амьдар. Эцгийнхээ нэрээр биш өөрийнхөө нэрээр амьдар. Энэ хүмүүст ямар хэцүү байгааг мэдэж байна уу. Хүн өөрийнх нь ээжийг үгүйсгээд, чамайг үгүйсгээд байвал баярлах уу” гэж Д.Индрагаас асуусан. Тэгсэн “Эгчээ би одоо ээж, аавыгаа яаж шүүхэв дээ. Би Н.Борхүүхэн эгч дээр очоод ээжийнхээ өмнөөс уучлал гуйна” гэж өөрөө бичсэн. Гэтэл үүний дараагаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Борхүүхэн эгч аавын салсан эхнэр” гэж ярилцлага өгчихсөн байсан. Түүнийг Д.Дэжидмаа над руу явуулаад “Эгчээ ингээд байна. Одоо яах уу. Надад туслаач, гэр бүл ээжийг минь энэ мэтчилэн 18 жил үгүйсгэлээ, би одоо тэвчихгүй. Олон түмэнд Индрагийн үнэнийг таниулахад туслаач” гэсэн. Дараа нь Н.Борхүүхэн эгчтэй ярихад тэр хүн надад үзэж, туулсан амьдралаа бүгдийг ярьсан. Би уг нь энэ асуудлыг орхиё гэж бодож байсан. Гэвч, эрх биш цусан төрөл, дээрээс нь үнэнч шударга зан гэж байдаг юм бол дуугүй өнгөрөөх ёсгүй юм байна гэж бодоод, тэдэнд туслахаар шийдсэн юм.
-Энэ асуудлаас болоод Д.Индратай холбоотой байхаа больсон юм уу?
-Д.Индра байнга аав маань ингэсэн, надад ингэж захьсан гээд фэйсбүүкт бичээд байхаар нь тэвчээр алдраад анх өөрийг нь блоклосон. Сүүлд энд тэнд бичсэн зүйл нь харагдаад байхаар нь өөрт нь “Одоо болиоч ээ. Хэзээ чиний ээжтэй миний ах амьдраад суучихсан юм бэ. Тийм бол тэр хоёрын гэрлэлтийн баталгааг харуулчих. Битгий хүмүүсийг зовоогоод бай. Одоо дуугүй бай” гэж сануулсан. Гэтэл ямар ч хариу өгөхгүй шууд намайг блоклочихсон.
1992 ОНЫ ЗУРАГ ХУУЧИРЧ, ШАРЛАДАГГҮЙ, ЦАВ ЦАГААН БАЙГАА ЮМ БЭ?
-Яруу найрагч О.Дашбалбар агсны охиндоо зориулж бичсэн үгийг дууриалгасан гээд байгаа. Энэ талаар тайлбарлах уу?
-О.Дашбалбар агсан бага охин Д.Дэжидмаадаа зориулан 1996 онд авахуулсан зурагны ард бичиж үлдээсэн бичиг байгаа. Гэтэл Д.Индра “1992 онд аав маань надад зориулж ингэж бичсэн” гэсэн зураг үзүүлсэн. Яагаад 1992 оны зураг хуучирч, шарладаггүй цав цагаанаараа байгаа юм бэ. Өнөөдөр хэн ч аавынхаа бичгийг таньж ялгана биз дээ. Хэрвээ Д.Индраг гүтгэж байгаа бол яагаад чимээгүй байна. Би хүмүүсийн амьдралыг шүүдэг шүүгч биш. Гэхдээ өнөөдөр бурхан болсон хүний өмнөөс худал зүйл зохиогоод явж байгааг тэвчсэнгүй. Д.Гангабаатар гэж хүү нь албан ёсны өв залгамжлагч гэдгийг оюуны өмчөөр баталгажуулсан, Д.Индра тэр хүнээс зөвшөөрөл авч байж, номыг нь хэвлүүлэх ёстой шүү.
Индра ахын нэрээр хүмүүсээс хандив цуглуулж байна. Хандивын мөнгө чухам яг юунд зарцуулдгийг хэн яаж мэдэх юм бэ. Цааш цаашдаа энэ асар том залилан болбол яах вэ. Хүний гарын үсэг дууриалгаж, хүмүүсийг хуурч чадсан хүн чинь юу эсийг хийнэ биз дээ Би О.Дашбалбар гэдэг хүнийг хайрласандаа, Д.Индраг шаварт гүн шигдүүлэхгүйн төлөө дуугарсан. Би өөрийнхөө үр, хүүхэд, нэр төрөө бодсон бол бусдад хараалгуулаад бусдын амьдралд хошуу дүрэхгүй байсан. Амьдралдаа би хэзээ ч ашиг хонжоо харж байгаагүйдээ бахархдаг. Үнэн юм үнэнээрээ сайхан. 18 жил худлаа хашгирч гэр бүлийг нь доромжилж, тохуурхсан ээж охины увайгүй байдал шударга гэж үү. Овжин зальжин тэр хүүхэд намайг үгүйсгэсэн гээд л найз нөхдөөрөө дамжуулан сошиалд янз бүрийн мэдээлэл тараагаад байгаа гэсэн.
Д.Индраг энэ хүний хүүхэд мөн эсэх талаар өмнө нь би боддог ч үгүй байлаа. Харин одоо эргэлзэж байна. Хатуухан хэлэхэд, манай удамд “Худлаа хэлж, хулгай хийдэг хүн байгаагүй. Миний аавын удамд Төрийн соёрхол авсан хоёр хүн байдаг. Хамгийн анхны Төрийн соёрхолт нь миний аавын төрсөн ах Д.Цэвэгжав гэж хүн бий. Нөгөө нь О.Дашбалбар. О.Дашбалбарын төрсөн дүү гэх О.Отгонбаяр хүүхэн “Чи яахаараа авга эгч нь болчихдог юм бэ” гэж элийрсэн байна лээ. Цусан төрлийн чинь дүү нар, хар багаасаа ахтай чинь ханилж өдий хүртэл хайрласаар яваа бэр эгч Н.Борхүүхэн чинь Халтар, Индра хоёрт гүтгүүлж цусаар уйлж суухад “манай ах гурван эхнэртэй байсан” гэж ичихгүй элийрцгээх тэдний өмнөөс нь ичиж байна.
– О.Дашбалбар агсан танайхаар их орж, гардаг байсан тухай өөрийн фэйсбүүкт тэмдэглэжээ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-О.Дашбалбарын өвөө Жамсран гэж хүн байсан юм. Харин түүний аав Ж.Очирбат ах манай эмээ дээр ирж золгодог байсан. Би эмээгийн хүүхэд байсан учраас маш сайн санадаг. Манай өвөөгийн номын сангаас ном авч уншдаг байсан. О.Дашбалбар ахаас өөр Ж.Очирбат гуайн хүүхдүүд манайд ирж байгаагүй. Ирдэг байсан хүн нь О.Дашбалбар ах учраас би тэр хүнийг хар багаасаа мэддэг байлаа.
-Таны анхны шүлгийг сонинд хэвлүүлж өгч байсан гэл үү?
-Манайх хотод байхад О.Дашбалбар ах гэрт ирдэг байсан. Тэр үед аав, ээж маань “Манай охин шүлэг бичих дуртай. Чи шүлгийг нь үзээд болвол хэвлүүлнэ биз. Болохгүй бол яах вэ’ гэж хэлсэн. Тэр үед О.Дашбалбар ах Монголын зохиолчдын эвлэлийн хорооны “Утга зохиол” сонинд ажилладаг байсан. Тэгээд манайхан бүгд мартчихсан байсан. Тэгсэн нэг өдөр Монголын зохиолчдын хорооноос нэг хүн утасдаад “Цээж зургаа авчирч өгөөрэй” гэж хэлсэн. Тэгж л анх 1989 онд “Утга зохиол” сонинд шүлгээ хэвлүүлж байсан юм. Хамаатан садны арын хаалга гэвэл энийг хэлэх биз. Гэхдээ авьяасгүй хүн байсан бол өнөөдөр өдий дайны яруу найрагч, зохиолч болчихгүй байсан байлгүй. Түүнээс өөрөөр тэр хүнээс ямар ч тус авч байгаагүй.
Намайг дөнгөж шүлэг бичээд танигдаж байх үед О.Дашбалбар ах их нэр хүндтэй, бас асар олон дайсантай болчихсон байсан. Тэр хүний дайснууд намайг бас үзэн яддаг байлаа. Намайг “Болор цом”-д орох болгонд тэр дайснууд нь дардаг байсан. Надад зохиолч аав, тусалж дэмжих хуурай нойтон зохиолчид байгаагүй учраас би хэзээ ч дээшээ явж чаддаггүй байсан юм. Би хүний алдар нэрээр биш, өдий 47 нас хүртлээ бор зүрхээрээ л явж амьдарч байна. Хоёрдугаарт, Америкт ч бай, дэлхийн хаана ч амьдарч буй уран бүтээлч цөөн хүн бий. Өнөөдөр энэ хүмүүсийн ихэнх нь мартагджээ.
-Энэ мартагдсан уран бүтээлчдийн тоонд та орж байгаа юу?
-Би өөрийгөө оруулж байна. Би сүүлийн гурван жил сошиалд идэвхтэй байна. Өмнө нь цахим ертөнцөд холбоотой байгаагүй. Гэхдээ бардам хэлэхэд өнөөдөр над шиг хилийн чанадад 10 жил амьдраад, мартагдсан атлаа эргэн сэргэж өөрийгөө сануулж, чадсан уран бүтээлчийг гаргаад ир гэж хэлмээр байна. Би баг өмссөн жүжигчдэд дургүй.
-Монголынхоо яруу найрагчидтай хэр холбоотой байна вэ?
-Америкт зургаан жилийн өмнөөс эхлэн сэтгүүлч, яруу найрагт дуртай хүмүүс нэгдээд “Америк дахь Монголчуудын уран зохиолын нийгэмлэг”-ийг байгуулсан. Өмнө нь Америкт дуучид, жүжигчид ирж, тоглолт хийдэг байсан. Харин одоо үүгээрээ дамжуулан зургаа дахь жилдээ зохиолчдыг уншигчидтай нь уулзуулдаг болсон. Бүр телевизийн нэвтрүүлэгчид хүртэл ирсэн.
Фэйсбүүкт таних, танихгүй 100 гаруй яруу найрагчид байдаг юм билээ. Тийм учраас өөрийгөө Монголынхоо уран бүтээлчдээс холдсон гэж хэлэхгүй. Фэйсбүүк хэрэглэснээс хойш саараасаа илүү сайн зүйл их юм даа.
БИ УГААСАА Л ХУРЦ, ОМГОЛОН ААШТАЙ ХҮН
-Нүүр номдоо та заримдаа хурц ширүүн пост хийдэг. Таныг юу ингэтлээ бухимдуулаад байна вэ?
-Би угаасаа л хурц омголон ааштай хүн. Хүмүүс сошиалд намайг “Их бухимддаг, стресстэй хүн юм” гэдэг. Уучлаарай, би хувийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Хэдийгээр хүний газар 10 жил амьдарсан ч би аз жаргалтай байгаа. Миний охин дэлхийн шилдэг 20 их сургуулийн нэгт суралцаад хоёр мэргэжил эзэмшээд төгсөх гэж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд 10 жилийн хугацаанд эх орондоо амьдарсан бол гэж бодох үе байсан. Гэхдээ өнөөдөр тэгж харамсахааргүйгээр миний охин ээжийгээ баярлуулж явна.
Би Америкт ирээд сайхан ханьтай болсон. Энд ажил хийхгүй л бол маш хэцүү. Гэтэл миний хань “Уран бүтээлээ хий. Битгий ажил хий” гэж хэлдэг. Одоо би гэртээ суугаад номоо бичээд, фэйсбүүкт идэвхтэй байж, өөрийнхөө хүссэнээр сайхан амьдардаг. Ер нь би шударга бус зүйлд их стресстдэг. Бичээд тавьчихаар тэрнээсээ салдаг. Үргэлж бухимдах биш харин эсрэгээрээ би чинь их алиа марзан хошин зантай хүн шүү дээ. Манай гэрийнхэн бол үргэлж хоорондоо инээлдэж, хөгжилдөж байцгаадаг юм./инээв/
Миний монголчуудтайгаа уран бүтээлээрээ,үзэл бодлоороо холбогдох алтан гүүр бол фэйсбүүк болчихоод байна. Монголд байхдаа сард хоёр удаа телевизэд ярилцлага өгч, сонин хэвлэлд гурав, дөрвөн удаа ярьж, радиогоор шүлгээ уншчихдаг байлаа. Би одоо цахим ертөнц дээр шүлгээ, зохиолоо, үзэл бодлоо бичихгүй яах юм бэ. Фэйсбүүк хэрэглэдэггүй байхдаа ч шүлгээ,өгүүллэгээ бичдэг л байсан. Фэйсбүүк бол миний орон зай, талбар. Би тэнд хүссэнээ бичнэ. Хэрвээ үнэхээр шударга хүмүүс байдаг бол өнөөдөр хүнд баяр хүргэж чаддаг, хүний сайныг магтаж, мууг хэлж чаддаг өөр шигээ хүнийг олж харах хэрэгтэй. Гэтэл олж харахгүй байна шүү дээ.
-Яруу найрагч Х.Тэргэлийн шинэ ном уншигчдын хүртээл болох нь ээ. Таны гурав дахь ном уу?
-Тийм ээ. Би одоо гурван ном бэлтгээд сууж байна. Өмнө нь хоёр ном гаргасан. Шинэ номондоо хараахан нэр өгч амжаагүй байна. Нэг нь яруу найргийн, нөгөө хоёр нь өгүүллэгийнх. Мөн үргэлжилсэн үгийн гээд гурван төрлийн ном бэлтгээд сууж байна. Бас Монголдоо очоод хоёр цомог гаргах бодолтой байгаа.
-Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо ирсэн бэ. Ойрын хугацаанд Монголдоо ирэх үү?
-Гурав дахь номоо бичиж дуусаад, энэ ажлаараа эх орондоо очих төлөвлөгөө байгаа. Мэдээж, хүссэн үедээ ирж, очоод байх мөнгөтэй хүн биш. Хүмүүс энд баян амьдардаггүй юм шүү дээ. Монголчууд гадаадад амьдардаг хүмүүсийг баян амьдардаг гэж боддог. Америкт амьдардаг иргэд нь өөрсдөө татуу амьдарч байгаагаа мэдэгдүүлье гэж боддоггүй. Бүгд л адилхан урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л амьдарч байна. Монголд би найман жилийн дараа очиж, долоохон хоносон. Тэгэхдээ зураач Солонготой хамтран яруу найраг, уран зургийн үзэсгэлэн гаргасан. Төрийн бус байгууллагаар явж, хог цэвэрлэсэн гээд яривал өчнөөн л зүйл байна. Гэхдээ тэр болгоноо хүмүүст тайлагнаад ярих шаардлага ч байхгүй.
“ЗҮРХЭЭР НААДАГЧ” КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ШҮҮХЭД ӨГӨӨД ГУРВАН ЖИЛ БОЛЖ БАЙНА
-“Зүрхээр наадагч” киноны уран бүтээлчдийг шүүхэд өгөх тухайгаа мэдэгдэж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-“Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандмой” гэж өөрөө бичсэн нь үнэн юм бол өнөөдөр гурван жил надад элдвээрээ доромжлуулаад чимээгүй байх уу? Үнэн биш учраас энэ хүмүүс чимээгүй болж, намдчих байх гээд хүлээдэг. Эсвэл энэ хугацаандаа элдэв лам, бөөгөөр явдаг байж магадгүй. Би хувьдаа Монголын хуульд итгэхгүй. Яагаад гэвэл би өнөөдөр амьдралаараа баталж байгаа. Миний эцгийн дөрвөн мөрт шүлгийг хулгайлж кино хийгээд бидний ах дүүг янхан, алуурчин болгосон У.Уранчимэг бидний арван жилийн сургуулиасаа таньдаг хүүхэд байлаа.
Тэр хүн өнөөдөр Монголын шүүхийг торгоогоод бүхэл бүтэн гурван жил болж, шүүгчдтэй нь хуйвалдаад явж байна. Тэр шүүгч нь шүүгчийн ёсзүйн хорооны арга хэмжээг авахуулсан. Шүүгч хүний хамгийн том шийтгэл юм гэнэ. Тэр хүн зориуд гацаасан. Шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргуул гэсэн. Монголын зохиолчдын эвлэлээс шийдвэр гаргаад өгсөн. Тэгсэн нөгөө хүмүүс энийг хүлээн зөвшөөрөхгүй гээд өөр газруудаар гаргах гээд бариад гүйж байгаа сураг байна лээ. Гэхдээ үнэн гэдэг юм тодрохдоо их уддаг. Өнөөдөр Р.Чойном, О.Дашбалбар нарыг хэрүүлч, солиотой гээд амьд байхад нь хэн магтсан юм бэ. Ялгаа байхгүй маргааш намайг үхэхэд муулж байсан гарууд магтана шүү дээ.
-Та өөрийн фэйсбүүктээ гэмтэж бэртсэн зургаа оруулсан байсан. Бие тань зүгээр үү?
-Бие маань одоо гайгүй ээ. Хэн нэгэн надад хараал хийсэн гэж бид бодож байгаа. Зарим хүмүүс “Хараал гэдгийг яаж батлах юм” гэж байна лээ. Энийг батлах шаардлагагүй. Би тэрийг өөрөө мэдэж байгаа л бол боллоо. Өөрийн фэйсбүүкт бичсэн шиг надад мэс засал хийсэн эмч хараад “Анагаах ухааны түүхэнд хүн явган явж байгаад уналаа гэхэд ингэж бэртдэггүй юм” гэсэн л дээ.
-Охиныхоо талаар яриач. Ямар сургуульд сурдаг вэ?
-Охин маань Америкт ирээд долоон жил болж байна. Одоо Корнелийн их сургуульд сурдаг. Би охиноороо маш их бахархаж байна. Би Америкт очоод, гурван жилийн дараа охиныгоо өөр дээрээ авсан юм. Тэр хугацаанд Монгол руугаа явахыг маш хүссэн. Охиндоо “Америк орныг үзүүлээд явъя” гэсэн чинь охин маань “Та надад хайртай л юм бол энд үлдчих” гэж надаас гуйсан. Охин маань “Би танд харуулна аа, ээжээ. Би амжилтад хүрнэ” гэж хэлсэн. Охин маань ч амлалтандаа ч хүрсэн.
Хэзээ ч би өөрийгөө харийн оронд амьдарна гэж бодож байгаагүй. Би өөрийгөө шүлэг бичээд, ярилцлага өгөөд явж байгаагаар төсөөлж байснаас хүний газар таних, танихгүй хүмүүст гүтгэж, доромжлуулна гэж бодоогүй. Бүр хар ажил хийхийг хүсээгүй ч хөгшин хүн асарч, хумс хуруу хийдэг байлаа. Энэ бүхнийг хийж байхдаа уйлах үе гарч л байсан. Гэхдээ би охиныхоо төлөө бүхнийг тэвчсэн цаг хугацаандаа баярлаж явна. Цаашдаа ч би үр хүүхдийнхээ төлөө хичээнэ. Миний үр хүүхдүүд Монголынхоо нэрийг сайнаар гаргаж л байвал би Америкт ирсэндээ харамсахгүй, баярлана.
-Бага хүү нь том болсон байх даа?
-Хүү маань арай л бага. Одоо л сургуульд орох гэж байгаа.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа?
-Фэйсбүүк гэдэг чинь холыг ойртуулж, ойрыг холдуулдаг эд юм байна. Сэтгэлдээ ойр байдаг хүмүүсээ дэмжихгүй, хамгаалахгүй, сайхан үг хэлэхгүй бол гомдож, холддог. Огт танихгүй хүмүүсийг хүртэл таньдаг юм шиг сэтгэлд ойртуулдаг юм байна. Хамгийн гол нь би фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг болсондоо баярладаг. Тэр хүмүүсийн юу гэж хэлэх нь надад хамаагүй. Би хэзээ ч амьдралдаа “Хүний хэлсэн сайхан үгээр сүйд болтол нисэж яваагүй. Хүний хэлсэн муухай үгээр гүзээ шиг шалчийж яваагүй” тийм л хүн. Үнэн гэдэг үүлний цаанаас ч дагаад гэрэлтүүлж байдагт итгэдэг.