Монголын зовлон монгол

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Монголын зовлон монгол

“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмын нээлтийн ажиллагаа болоход найман хоног үлдлээ.

Хэнийг, яагаад сонгож болохгүйг хэлэлцсээр сонгууль дуусах бололтой. Харин хэнийг, яагаад (юу хүлээж) сонгох ёстой тухай яриа ер нь байв уу” гэж “Датаком”-ын Д.Энхбат жиргэжээ. Нэр дэвшигчдийн фанат, фэнүүд гэх баахан хагас галзуу солиотнуудаас өөр, Монголын улс төрийн үзэгдлүүд, үйл явцыг эрүүл нүдээр харж дүгнэж байгаа цөөн хүний нэг нь түүнийг гэж би хувьдаа үнэлдэг. 

Парламентад суудалтай намууд гурван нэр дэвшигчээ тодруулсан мөчөөс эхлээд М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурвыг яагаад сонгож болохгүй тухай пи-арчид нь, хөлсний жиргээчид нь, хэвлэлийн багууд нь, фэнүүд нь аль аль талаа харлуулсан, азаартуулсан хангалттай “нотлох” баримтуудыг өч, төчнөөнөөр нь дэлгэв. Харин яагаад сонгох тухай ярианд нэр дэвшигчид нь ч, сонгогчид нь ч нэг их ач холбогдол өгсөнгүй.

Бидний хамгийн сайн, хамгийн мундаг нь гэж тодруулсан нэр дэвшигчид нь хамгийн муухай бузар булай, булхай луйвар бүхэнтэй нэр зүс нь холбогдсон байтал, тэднийг шүтэн биширч, шүгэл үлээгчдэд тэр нь огтоос хамаагүйг харахад нэг бол монголчууд дүүрчихсэн тэнэгүүд, нөгөө бол яасан уужим юм бэ, монгол хүний сэтгэл. Хулгайч, луйварчдаа магнайдаа залчихаад эрх чөлөө, эрх зүйт төрийн тухай мөрөөдөж л суудаг миний эх орон бол “тэнэгүүд”-ийн эх орон билээ.

Ерөнхийлөгч бол Монгол Улсын эв нэгдлийн баталгаа. Гэвч нэр дэвшигчдэд энэ хамгийн чухал нь биш. Тэдний хүсч байгаа ганц зүйл бол эрх мэдэл, эрх мэдэл, эрх мэдэл. Харин сонгогчдод энэ хамгийн чухал байх ёстой. Хэн Монголын эв нэгдлийг хангаж, хэн Монголын тусгаар тогтнолыг гадаад ертөнцөд хамгаалж чадах вэ. 

Анхны ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон Төрийн тэргүүнийх нь үндсэн эрх дээр нь нэмээд органик хуулиудын хүрээнд хэмжээ хязгааргүй эрх мэдэл олгосон нь Ерөнхийлөгчийн институцийн төлөө нэр дэвшигчид нүдээ ухаад өгөхөөс өөр аргагүй болгож байгааг буруутгах нь ч бас учир дутагдалтай.  АТГ, прокурор, шүүх гээд хуулийн байгууллага Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд багтдаг учраас хулгайч, луйварчид нь толгой хоргодох “оромж” гэж хараад байгаа нь, тэднийг Төрийн тэргүүнээрээ сонгохоос өөр сонголтгүй хоцорсон нь бас бидний буруу биш. Учир нь, Үндсэн хуульд өөрчлөлт хийгээгүй нөхцөлд цаашда ч хамгийн муу луйварчдаа хамгийн сайн нь гэж сонгосоор байх болно.

Сайндаа ч Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга гурав саймширч гүйгээд, нэг савнаас “хоол” идэхдээ тулсан юм биш. Шинэчлэлийн засгийг  нь унагасан хүмүүс бол З.Энхболд, Х.Баттулга хоёр гэдгийг Н.Алтанхуяг уучилсан ч мартаагүй яваа. Бүр Х.Баттулга заналтайгаар огцруулах гарын үсэг зурсныг шүү. Өнөөдөр намын эрх ашгаас илүү  хувийн том эрх ашиг  л тэднийг нэгтгэсэн байж таараа. Өмнө нь Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр хонь,чоно л байлаа шүү дээ.

Сайндаа ч М.Энхболдод Ц.Нямдорж хайр зарлаад, хэвлэлээр харагдах дургүй Монголын мөнгөтэй, хөрөнгөтэй болгон түүнийг балиашиглаад байгаа юм бас биш. Өнөөдөртөө түүнд 65 кноптой парламент, үнэмлэхүй эрх мэдэлтэй нам, дээр нь Засгийн газар нь халаасанд нь байгаа болоод л тэр. Үнэндээ “хааны” өөдөөс заанууд бол юу юм бэ шүү дээ. 

С.Ганбаатарыг Н.Энхбаяр сайндаа ч гаргаж ирээгүй. “Юмыг яаж мэдэх вэ” гээд лам юутай төрсөн гэдэг үг байдаг. Гараад ирвэл аз, гарахгүй бол АН, МАН-ын аль нэгэнд нь гай болно л гэсэн үг.

Сонгууль яах вэ, болдгоороо болно. Тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг монголчуудын заяа түших биз.

Харин, Монголын зовлон энэ сонгуулиар дуусахааргүй болжээ. Бидний зовлон бол бид өөрсдөө. Учир нь зөвхөн сонгуулиар солиорч, галзуураад байгаа юм биш.  Сэдэв болгон дээр  хэл амаа хурцалдаг, хагарч, тэмцэлддэг,  улс төр, урлаг, спорт, боловсрол гээд салбар болгондоо талцан хэрэлдээстэй. Энэ нь монголчуудын хувьд үзэгдэл төдийгүй,  гэм биш зан болжээ.  Ядаж л Үндэсний ганц баяр наадмаараа увс, халхаараа хэрэлдэхгүй байж болно доо. Гэвч, сонгуулийн хэрүүлийг залгаад наадмын, наадмын хэрүүлийг залгаад намуудын хэрүүл эхэлнэ. Ялсан ч, ялагдсан ч АН, МАН-д  адилхан хөдөлгөөн, албан тушаал булаацалдсан хэрүүл нь эхэлнэ. Сонгуулийн энэ өдрүүдэд аль, аль намынхан  биеэ барьж, уур унтуугаа дотроо л тэвчиж ядаж байгаа болохоос фракцуудынх  зөрчил задарч, тэсрэхэд хэдийнэ бэлэн болсон шүү дээ.  Ингээд бодохоор Монголын зовлон гаднаасаа биш дотроосоо гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж