Цементийн үйлдвэр хомсдол үүсгэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Цементийн үйлдвэр хомсдол үүсгэв үү?

Чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг сонгож, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг байгуулан баталгаажуулсны дараа Засгийн газар бүрдүүлэх ажилд орох бололтой байна.

Ачааны том машинууд үүдээр нь эгнэж, 20 орчим тооны чингэлэг харагдах ч цемент ачсан нь тун цөөн. “Цемент зарж байна уу, үнэ нь яагаад огцом өсөв?” хэмээн асуух иргэд ч тус захаар олон. Энэ бол бидний нэрлэж заншсанаар Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “44” барилгын материалын худалдааны захын зураглал.

Долоо хоногийн өмнөөс энэ захад төмөр замаар орж ирэх цементийн нийлүүлэлт багасч, эсрэгээрээ эрэлт ихэсч, цементийн үнэ тонн тутамдаа 80 мянган төгрөгөөр нэмэгдэж, 250 мянга болжээ.

100 айл болон Гурвалжингийн гүүрний ойролцоох бүх барилгын дэлгүүрүүд нэг уут цемент 7000-8000 төгрөг байсныг 12000 төгрөг болгож нэмсэн байв. 

Ингэж үнэ өсч, цементийн эрэлт ихсэхэд дотоодын цементийн үйлдвэрүүдийн тасалдал болоод Улаанбаатар төмөр замын тээвэрлэлт гацсантай холбоотойг ченжүүд тайлбарлалаа.

“Тод хас жигүүр” компанийн захирал Л.Дагвадорж

Үнэ нэмэгдсэн тухайд “Одоогийн үнийн хөөсрөлтийн гол шалтгаан нь төмөр замтай холбоотой. Үйлдвэрүүдийн цемент ачсан вагонуудыг нь өмнөх шигээ өдөр өдөрт нь татахгүй, “44”-ийн захад тээвэрлэж ирснээ хүртэл наашаа тавьж өгөхгүй хойрго хандаж саатуулаад байна. Өглөө ирсэн вагоныг орой бараг таван цагт нааш нь татаж өгдөг. Жишээлбэл, зургадугаар сарын 12,13-ны өдөр наашаа нийлүүлэгдсэн, цемент ачсан вагонуудыг нь төмөр зам наашаа татахгүй, 14-ний өдөр нь энд авчирсан мөртөө зогсолт хийчхээд өгөхгүй гацаасан. Үүнтэй зэрэгцээд “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр шуудай нь дууссан шалтгаанаар зогсолт хийсэн. “Хөтөл”-ийн үйлдвэр хэвийн ажилласан ч өдөрт наймхан вагон цемент ачдаг. Энд ирэх цементийн ихэнх нь Монцементийнх. Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” буюу улааны цементийн үйлдвэр төмөр зам байхгүй болохоор тогтмол орж ирдэггүй. Багахангайгаар дамжуулж нэг хэсэг ачсаныг нь төмөр замынхан тав хоног татахгүй гацаах тохиолдол ч олон. Нийлүүлэлт нь ингээд багасч, эрэлт нь ихсэхээр, цементийн хомсдол үүснэ. Зах зээлийн бичигдээгүй хуулиар эрэлт нийлүүлэлтээсээ хамаарч үнэ нь хөөрөгдөж байна. Гэхдээ манайх бол байнгын худалдан авагч компаниуддаа 250 мянгаар зарж чадахгүй байгаа” хэмээн цементийн борлуулагч “Тод хас жигүүр” компанийн захирал Л.Дагвадорж ярилаа.

Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Баатар

Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Баатар огцом өссөн үнийн талаар хэлэхдээ “Үйлдвэрүүдийн үйл ажиллагааны доголдлоос болж, нийлүүлэлт багассан. Өдөрт 20 вагон цемент ирдэг газар одоо хоёрхон вагон ирдэг боллоо. Хоёр нь алдаатай оноотой ирж байна. Өнгөрсөн бямба гаригт хоёр вагон, нямд нь 10 вагон ирсэн. Нэг дэхэд нь тасраад, мягмар гаригийн үдээс хойш найман вагон цемент ирээд, өнөөдөр ирсэнгүй. Үлдсэн нь энэ дөрөв вагон байна. Он гарснаар хойш цементийн үйлдвэрүүд дөрвөн удаа үнээ нэмсэн. Нэг тонн цемент 148 мянгаас 162 мянга болж өссөн. Хамгийн сүүлд буюу өчигдөр /2017.06.20/ Улааны цементийнхэн үйлдвэрийн үнээ 142 мянгаас 158 мянга болгож нэмлээ. “Хөтөл” 150-162 мянга, “Монцемент” зургадугаар сарын 16 ны өдөр хамгийн сүүлд 148-162 мянга болгож нэмсэн” гэв.

“Цементийн үнийг тогтвортой барьж, дотооддоо чанартай цемент нийлүүлнэ гэж үйлдвэрүүд ам тангаргаа өгөн Засгийн газрын үнэ тогтворжих хөтөлбөр болоод Чингис бондын хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 72.6 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалтыг авсан нь саяхан. Гэтэл үйлдвэрээ ажлуулаад хоёр жил ч болоогүй цементийн хомсдол санаатайгаар үүсгэж, үнээ нэмлээ” гэж хардах худалдаачид ч байна.

Цементийн үнийн өсөлт орон сууцны үнэ нэмэгдэхэд нөлөөлнө

Бүтээн байгуулалт нь ид өрнөж буй үед барилгын компаниудад цементийн үнийн өсөлт дарамт болж эхэлснийг бетон, зурмагийн үйлдвэрүүдийн төлөөлөл тодотголоо. Энэ чигээрээ барилгынхны гол хоол цементийн үнэ өсвөл, эцсийн хэрэглэгчдэд хүрэх орон сууц, барилгын үнэ өсөх эрсдэлтэй юм. “Хэт хүч” төмөр бетон зурмагийн үйлдвэр хоёр хоногт 40 тонн цемент ашигладаг. Долоо хоногт гурван удаа цементээ татдаг аж. Долоо хоногийн өмнө 165 мянгаар авч байсан цементээ 170 мянгаар авч эхэлсэн тухай ерөнхий менежер М.Рэгзэдмаа хэлэв. “ЭДТ” зуурмагийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ж.Одончимэгийн тухайд “Дотоодын үйлдвэрүүд улсынхаа цементийн хэрэглээг 100 хувь хангана гэж хөнгөлөлттэй зээл авч, импортын цементийн татварыг 20 хувь болгож нэмүүлчхээд эцэст нь үнээ нэмэх зорилготойгоор хоорондоо хуйвалдаж, цементийн хомсдол үүсгэлээ” гэж дүгнэж байна. Эдний компани 100-200 тонн цемент долоо хоногт хэрэглэдэг гэнэ.

“Үнэ нэмэгдэж, нийлүүлэлт багасахад “Хөтөл”, “Монцемент”, зэрэг үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа нөлөөлсөн байна. Өнөөдрөөс /2017.06.20/ цементийн нийлүүлэлт жигдэрч байгаа учраас үнийн хувьд тогтвортой болох боломж бүрдэнэ” хэмээн Барилга хот байгуулалтын яамнаас тайлбарлаж байлаа. Тэгвэл нэг хоногийн дараа бодит байдал дээр жигдрэх ёстой цементийн нийлүүлэлт эсрэгээрээ хомсдож, үнэ нь тонн тутамдаа 250 мянгад хүрчээ.

Үйлдвэрүүд үнээ огт өөрчлөөгүй гэв 

Долоо хоногийн дотор 80 мянгаар нэмэгдсэн цементийн үнийн өсөлтийг “Монцемент” компанийн борлуулалт хариуцсан дарга н.Болдбаяр өөрсөдтэй нь хамаагүй гэлээ. Тэрбээр “Нэг тонн цементийн үйлдвэрийн үнэ 146 мянга, тээврийн зардал нь шингэсэн үнэ нь 162 мянга. Бид үнээ огт хөдөлгөөгүй. Нийлүүлэлт тасарсан тухайд төмөр замын тээвэртэй холбоотой. Сэлгээний зүтгүүр байхгүй шалтгаанаар хэд хоног хүлээгддэг” хэмээн ярив.

“Хөтөл” цементийн үйлдвэрийн хуульч Ч.Алтантогос “Манай үйлдвэр доголдоогүй, бүх үйл ажиллагаа хэвийн байгаа. 42.5 цементийг задгайгаар 145.200 мянга, шуудайг тонн тутмыг нь 157.300 мянгаар борлуулж буй. Үнэд огт өөрчлөлт ороогүй.

Улаантын цемент буюу “Мөнхийн баян гал” цементийн үйлдвэрийн тухайд долоо хоногийн турш үйлдвэртээ урсгал засвар хийжээ. Энэ шалтгаанаар цементийн нийлүүлэлт түр саатсан байна. “Үнийн хувьд нэг тонныг нь тогтмол 149 мянга байсныг 155 мянга болгож нэмсэн” гэж тус компанийн Гадаад харилцааны менежер Ө.Айзам тайлбарлалаа.

Ченжүүд бнхау-аас 14 чингэлэг цемент оруулж иржээ

Цементийн хомсдлыг зогсоохоор ченжүүд нийлэн, 14 чингэлэг 900 орчим тонн цементийг урдаас татжээ.

Гэхдээ цаашид үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэлтээс үүдэлтэй цементийн үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга. Мөн үйлдвэрүүдэд цементээ нөөцлөх зориулалтын агуулах байдаггүй нь ченжүүд үндэсний үйлдвэрүүдээс цементээ үйлдвэрийн үнээр бөөндөж аваад, компаниудад дамлан зарах байдлыг нэмэгдүүлдэг байна. Ингэсэн тохиолдолд ченжүүдийн үнийг салбарын яам болоод хяналтын байгууллагууд хянаж, барих боломжгүй аж. Гэхдээ салбарын яамнаас энэхүү үнийн хөөсрөл чухам хаанаа байгааг гэнэтийн шалгалт явуулж, тогтоох шаардлагатай нь харагдлаа.

Монгол Улс 2013-2014 онд буюу хамгийн их бүтээн байгуулалттай байсан тухайн жилд 2.2 сая тонн цемент хэрэглэжээ. Эндээс дунджаар нэг жилд 1.5 сая тонн цемент дотоодын хэрэгцээнд шаардлагатай гэж салбар яам нь тооцсон байна.

Цементийн үйлдвэрийг эх орондоо байгуулж, дотоодынхоо цементийн хэрэгцээг хангах зорилготой үйлдвэрүүд шинээр баригдаж, ашиглалтад орсон. Дотоодын дөрвөн үйлдвэр нийлээд гурван сая тонн цементийг нэг жил үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тиймээс Засгийн газар үндэсний үйлдвэрүүдээ дэмжин, 2015 оны наймдугаар сард тогтоол гаргаж, импортын цементийн тонн тутамд ноогдуулах татварыг 20 хувиар нэмсэн билээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж