Орон нутагт үйлчилгээ эрхлэгчид салбарын хөгжилд чухал үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Орон нутагт үйлчилгээ эрхлэгчид салбарын хөгжилд чухал үүрэгтэй

Орон нутагт үйлчилгээ эрхлэгчид салбарын хөгжилд чухал үүрэгтэй

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн орон нутагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр Орхон аймагт санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй банкнаас бусад салбарын байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх ажилтнуудтай уулзлаа.

Хорооны дарга уулзалтын эхэнд банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, өргөжүүлэх болон төрийн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар баримтлан ажиллаж байгаа бодлого, стратегиа танилцуулав. Мөн үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын өнөөгийн ерөнхий төлөв байдал, статистик үзүүлэлтүүд, тулгамдаж буй бэрхшээлийн талаар ярьж, иргэдэд хүргэх санхүүгийн хүртээмжийн бодлого, орон нутаг дахь үйлчилгээ эрхлэгчдийн талаар Хорооноос явуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад оролцогчид тус тусын үйл ажиллагаа, тулгарч буй хүндрэлийн талаар Хорооны удирдлагад нэг бүрчлэн ярьж, санал хүсэлтээ илэрхийлэв. Мөн зах зээлийн төлөв, хандлага орон нутагт ямар байгаа талаар мэдээлэл өгч, давуу болон сул талууд, боломж бололцоог нэмэгдүүлж болох арга замыг зөвлөлдөн ярилцав.

Тэдний санал хүсэлтийг судалж шийдвэрлэхээ Хорооны дарга С.Даваасүрэн илэрхийлээд, санхүүгийн салбарын оролцогчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулахад онцгойлон анхаарч буйгаа дурдаж, ялангуяа хөдөө, орон нутагт санхүүгийн үйлчилгээ эрхлэгчид банкнаас бусад салбарын хөгжилд чухал үүрэгтэйг онцоллоо.

Уулзалтад Хорооны төлөөллийг хэрэгжүүлж ажилладаг тус аймгийн Төрийн сангийн дарга Н.Бямбацэцэг, мэргэжилтэн П.Энхжаргал нар оролцлоо.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж