Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр/2017.06.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа С.Ганбаатарт хандив өгсөн минь үнэн, үүндээ уучлал гуйж байна гэсэн бичгийг БНСУ-ын Мүүний шашны төлөөлөгч Ван Сү гэгчээс ирүүлсэн болохыг тодотголоо.
Мөн ‘Нэр дэвшигч С.Ганбаатар нь гадаадын иргэнээс хандив авсан эсэхийг шалгаж өгнө үү’ гэсэн хүсэлтийг нэр бүхий иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж. Сонгуулийн тухай хуулиар ийм асуудлыг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй юм байна. СЕХ-нд аливаа гомдол, өргөдлийг шалгаж тогтоох эрх мэдэл байхгүй учир эдгээр гомдол, өргөдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хэмээн СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ хэллээ.
Сонгуулийн санал авах ажиллагааны бэлтгэл хангахтай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрөөс өгөгдөл дамжуулах ажиллагаа хэвийн явж буй эсэхийг нягтлан шалгаж эхэлсэн байна. Хуульд зааснаар санал авахаас таван өдрийн өмнө ийм шалгалт хийх ёстой аж. Өгөгдөл дамжуулах ажиллагаа гэдэг нь санал тоолох төхөөрөмж юм байна.
Санал авах бүхий л байранд санал тоолох төхөөрөмж хүргэгдэн очсон байгаа аж. Тус төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгажээ. Шалгалтаар санал тоолох төхөөрөмжийн 98 хувь нь хэвийн ажиллаж байна гэсэн мэдээллийг орон нутгуудаас ирүүлжээ.
Ардчилсан намаас өнөөдөр санал өгсөн сонгогчийн хурууны хээг тэмдэглэх ёстой гэсэн шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд тавьсан.
Сонгуулийн хуульд мөн хуруунд тэмдэглэгээ хийхээр заасан байгаа гэж Ардчилсан намын гишүүд тодотгосон.
Гэвч Сонгуулийн нэгдсэн хуульд саналаа өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийнэ гэсэн заалт байхгүй аж.
Г.ДАРЬ