Улаанбаатарт дэд станц нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт дэд станц нэмэгдэнэ

Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид, аврагч нар энэ сарын 25-нд Өмнөд Суданыг зорихоор болсон байна.

Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын шав тавих ёслол боллоо. Энэхүү станц Эмээлтэд байрлана. Дэд станцаас Мандалговь чиглэл рүү 220 киловольтын 270 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам татах юм.

Монгол Улсын Засгийн газраас 2015 онд энэ асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Уг төслийн нийт санхүүжилтийн 95 хувийг ЭКЗИМ банкны зээлийн хөрөнгөөр, таван хувийг Монголын тал гаргахаар шийдвэрлэсэн. Нийтдээ 120.0 сая ам.доллар зарцуулах аж. Гүйцэтгэгчээр БНХАУ-ын “TBEA” компани шалгарч, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг өнгөрсөн оны долдугаар сард байгуулжээ.

Дэд станц баригдсанаар Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын ордуудыг төвийн эрчим хүчний системээр хангах, мөн Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсны дараа бүс хооронд цахилгаан дамжуулах боломжтой гэдгийг албаныхан тодотгов.

Ингээд нээлтийн ёслолтын үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Дэд станцын шав тавилаа. Энэхүү станц ашиглалтад орсноор стратегийн орд газруудыг эрчим хүчээр хангах боломж бүрдэх үү?

-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг бол энэхүү дэд станц юм. Төслийн хүрээнд Улаанбаатар-Мандалговь чиглэлд 270 км цахилгааны шугам татна. Цаашид Монгол Улс хөрш улсууд руу эрчим хүч экспортлох ирээдүйн боломж гарч ирж байгаа юм. Мөн Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга ордыг төвийн эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Мөн Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсны дараа төвийн бүсээ эргэж тэжээх шугамыг өнөөдөр эхлүүлж байна.

-Энэхүү дэд станцын оролцоотойгоор эрчим хүчний импортын хэрэглээний хэдэн хувийг дотоодоос хангах боломжтой болох вэ?  

-Одоогийн байдлаар Оюутолгой 100 орчим сая ам.долларын эрчим хүчийг жил бүр авдаг. Энэ хэмжээний эрчим хүчийг дотоодоос нийлүүлэх техникийн боломж бүрдэж байна гэсэн үг юм. Бусад цахилгаан станц ашиглалтад орсны дараа нааш, цааш гүйх цахилгааны урсгал чөлөөтэй болно.

-Мандалговь чиглэлд өгч байгаа үнэ тарифыг ямар байдлаар зохицуулах вэ?

-Тарифын хувьд төвийн бүстэй адил үнэ тарифаар зохицуулагдана.

-Ажлын байр нэмэгдэх үү?

-Дэд станцын барилга угсралтын явцад дотоодоос 500 ажлын байр бий болно.    

-Дэд станц хэзээ ашиглалтад орох вэ?

-Төлөвлөгөөт хугацаа бол 18 сар гэж тооцож байгаа.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж