С.Ганбаатарын хандив авсан эсэхийг тагнуулаар шалгуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарын хандив авсан эсэхийг тагнуулаар шалгуулна

Архангай аймгийн Хашаат сумын нутгийн Хөшөө Цайдам дахь музей талын дунд холоос цайвалзан харагдана.

МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан, “Олон нийт- иргэний хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг нар өнөөдөр /2017.06.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн сурталчилгаа болж байгаа энэ үед Сонгуулийн хуулийг зөрчсөн байж болшгүй зарим үйлдлүүд гарсаар байна. Тухайлбал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр гэртээ Солонгосын Мүүний шашны төлөөлөгч Ван Сү гэгчээс 50 сая вон буюу 104 сая төгрөгтэй тэнцэх гадаад валют авсан талаар олон нийтийн цахим хуудсаар гарлаа.

МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбоонд хандаж, манай намын олон зуун гишүүд дэмжигчид энэ асуудал үнэн эсэхийг хүссэн. Хэрвээ энэ мэдээлэл худлаа бол манай МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нэр хүндийг ихэд гутаасан үйлдэл болж байна хэмээн бухимдлаа илэрхийлсээр байгаа юм. Харин дээрх бичлэг үнэн бол Сонгуулийн тухай хуулийн 49.2-т заасан “хандивлагч нь хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэн байна” гэснийг зөрчиж байгаа. Сонгуулийн тухай хуулиар иргэн 3 сая хүртэл, аж ахуйн нэгж 10 хүртэл сая төгрөгийн хандив нэр дэвшигчдэд өгч болох заалттай.

Харин гадаадын байгууллага, гадаад улсын иргэнээс хандив авахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл дээрх бичлэг үнэн бол хууль зөрчсөн байна гэж нэр бүхий иргэд Сонгуулийн ерөнхий хороонд хандаад байгаа юм билээ. Хэрвээ Сонгуулийн хуулиар хандив өгөхийг хориглосон этгээд хандив өгсөн бол хандивыг хүлээн авахгүйгээр тухайн этгээдэд буцаан шилжүүлнэ гэж заасан байдаг. Хандив өгсөн этгээдийн эрх зүйн  байдал тодорхойгүй бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ гэсэн заалтуудыг тус, тус ноцтой зөрчсөн.

Тиймээс МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Сонгуулийн хуулийг зөрчсөн эсэхийг яаралтай шалган шийдвэрлэхийг шаардаж байгаа юм. Хэрвээ Сонгуулийн хууль зөрчсөн нь үнэн болох нь тогтоогдвол хуулийн дагуу нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасч, авсан хандивыг төрийн санд шилжүүлэх хуулийн хэрэгжилтийг хангахыг зарим иргэд шаардсан.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой бичлэг үнэн болох нь тогтоогдвол манай намын гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшил, МАХН-ын нэр хүндэд сэвтэй үйлдэл болох тул бид чин үнэнийг яаралтай тогтоон, мэдээлэхийг шаардаж байна. МАХН-ын олон зуун мянган гишүүд дэмжигчид бид намын нэр хүнд унагасан хүнийг дэмжих боломжгүй болно. Тиймээс үнэн бодит байдлыг шалгаж тогтоож өгөхийг  Цагдаагийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газарт хандаж  хүргүүлж байна” хэмээлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж