Хайлаастаас Дарь-Эх хүртэл замыг засч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Хайлаастаас Дарь-Эх хүртэл замыг засч эхэллээ

Нийслэлд зам засварын ажил сүүлийн хэд хоногт удаашрав. Эхний ээлжийн зам засварын ажил наадмын өмнөхөн дуусч, дараагийн ээлжийнх өчигдрөөс эхлэх байсан ч борооны улмаас хойшилсон байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих” ажлыг Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ  гадна тойрог зам нь хотын төвийг тойрсон гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан  өнгөрүүлэх үүрэгтэй юм. Төслийн хүрээнд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барихаар төлөвлөсөн. Энэ замыг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг болон  зуслан чиглэлийн авто замын ачааллыг бууруулж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгах чухал ач холбогдолтой юм. Төслийн хэрэгжүүлэгчээр “Мотор сервис” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр 6 353 399 881 төгрөгийн гэрээ байгуулан, ажлаа эхэлж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж