Наадмаа талбай дээр "хийе"

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Наадмаа талбай дээр "хийе"

Наадмаа талбай дээр "хийе"

Хэдхэн хоногийн өмнө олон улсын иогийн өдрийн тэмдэглэж, төв талбайд зуугаад иогчид нарны мөргөл хийлээ. Яагаад заавал Сүхбаатарын талбай гэж. Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд иймэрхүү олон нийтийн үйл ажиллагаа явуулж болох байгууламжууд бий. Гэтэл тэдгээр нь жилийн турш хоосон шахуу, түрүүчээсээ зах, худалдааны газраас ялгагдахгүй болсон. Ингэсээр төрийн, хувийн гэлтгүй, урлаг, спорт, жагсаал цуглаан гээд олон нийтэд чиглэсэн болгон төв талбай руу зүтгэж байна.

Бүх зүйлээ төв талбай дээрээ хийх юм бол тайз, зориулалтын барилга байгууламж гэж байх хэрэг байна уу? Сүхбаатарын талбай гэлтгүй, гадаа бөх барилдаж, үзлэг хийж, хоол цайгаа чанаж, ажилд бүртгэж, вирус тоолно. Дуулж, бүжиглэнэ, жүжиглэнэ. Нэртэйгээр нь наадмаа хийчихмээр.

“Буянт-Ухаа”, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Монгол наадам” цогцолбор, “Бөхийн өргөө”, “Морин тойруулга”, театрууд, цэцэрлэгт хүрээлэн, парк, өөр олон нийтийн, зугаа цэнгэл,  урлаг соёл, спортын  арга хэмжээ хийх газруудаа зориулалтаар нь бүрэн ашиглая, ашиглуулах гэж хичээе.

Төв талбайдаа “Нээлттэй хаалганы өдөр” гэдэг нэрийн дор согтуудаа эрхээ хасуулсан жолоочийн үнэмлэхийг олгож, хугацаандаа татвараа төлөөгүй иргэдэд журамласан торгуулийг нь хасч урамшуулдаг үйлчилгээ бол зөвхөн Монголд л байдаг сервис байх.

Эмнэлэг, эмч нараа гудамжинд гаргаад суулгачихна. Элэгний вирус тоолно, даралт үзнэ. Сүхбаатарын талбай орвол ажилд орно. Сүхбаатарын талбайд очвол бүх асуудлаа шийдүүлж “болно”… 

Сүүлийн бараг сар гаруй хугацаанд төрийн байгууллагынхны ээлж өнгөрөөсөн өдөрлөг гэгчийн хөлд дарагдсан төв талбайд амар тайван өдөр гэж алга боллоо. Бүх яамд бүх талаар нээлттэй, чих зөөлөнтэй болж, чухал үйлчилгээ үзүүлж байгаа юм байх.

Төрийн үйлчилгээг түмэнд ойртуулна гэж уриалдаг, яамдад хүчээр хуваасан “нээлттэй өдөр” гэдэг бол үнэндээ иргэдийг бодсондоо хийгээд байгаа ажил биш л дээ. Төрийн албан хаагчид нь өөрсдөө ч дургүй, тэнд очиж хоёр өдөр суусан болж, дарга нартаа царайгаа харуулаад өнгөрөх, түүнийгээ ажил хийсэн, ард нийтэд үйлчилсэн болж тайлагнадаг, бодит үр дүн муутай “цуглаан”. 

Төрийн албаныхан ажил, үйлчилгээ явуулж байгаа байрандаа өдөр бүр нээлттэй, шуурхай, хүнд сурталгүй ажиллахад анхаарах ёстой болохоос төв талбайд ирж, нэг хоёр өдөр сууснаараа өөрсдийгөө зөв харагдуулж байна гэж боддог бол эндүүрэл.Сүүлийн жилүүдэд давтагдаж байгаа “Нээлттэй хаалганы өдөр” гэдэг төсөв мөнгө үрсэн, цаг хугацаа алдсан, яамаараа хөтлөлцөж ирээд, талбай дээр нарладаг, нэгэн төрлийн хэлбэрдэлт. Зүгээр л өөрсдийн яамандаа, ажлын байрандаа л ажлаа хийж, үйлчилгээгээ үзүүлдэг байя. Ер нь ямар ч үйлчилгээг зориулалтын тайз, байр, барилгаас нь хүргэж байж үйлчилгээ болно биш үү.

Б.БАЯСАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж