Мун Жэ Ин Хойд Солонгосын удирдагчтай уулзана гэж найдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

Мун Жэ Ин Хойд Солонгосын удирдагчтай уулзана гэж найдаж байна

Тааламжтай нөхцөл бий болбол энэ оны сүүл гэхэд Хойд Солонгосын удирдагчтай уулзана гэж найдаж байгаагаа Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгдлээ.

“Энэ оны сүүл гэхэд ийм уулзалт хийх нөхцөл үүсч магадгүй. Ийм харилцан диалог зайлшгүй хэрэгтэй байна” хэмээн CBS News сувагт өгсөн ярилцлагадаа Мун Жэ Ин хэлжээ. Түүнээс Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах уу хэмээн асуусан юм.

Хойд болон Өмнөд Солонгосын тэргүүн нарын уулзалт өмнө нь хоёр удаа, 2000 болон 2007 онд Пхеньянд болж байсан юм. Хоёр уулзалт хоёул одоогийн залуу удирдагчийн аав Ким Чен Ирийн үед болсон.

Мун Жэ Ин Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс татгалзах хэлэлцээрийн ширээнд эргүүлэн авчрах ёстой гэж байгаагаа мэдэгдлээ хэмээн Өмнөд Солонгосын Ионхап агентлаг өнөөдөр /2017.06.21/ мэдээллээ. Мун Жэ Ин “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа хэрвээ Хойд Солонгос цөмийн амбицаасаа татгалзах асуудал дээр ямар нэг ахиц гаргах юм бол Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг эргэн нээх бодолтой байгаа хэлсэн байна. Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн үед буюу 2016 онд хаасан юм. Кесоны аж үйлдвэрийн цогцолбор нь 2004 онд нээгдсэн бөгөөд Хойд Солонгосын эдийн засагт ихээхэн нэмэртэй байсан юм. Жил бүр Хойд Солонгос Кесоноос 100 сая ам.долларын ашиг олдог гэсэн тооцоо байдаг.

Энэ зургадугаар сарын 29-30-нд Өмнөд Солонгос болон АНУ-ын Дээд хэмжээний уулзалт болох товтой байгаа. Энэ уулзалтаар хоёр улс Хойд Солонгосын асуудлаар ярилцах юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж